Ц.Сандуй бол МАН-ын золиос

sandui2016 оны УИХ-ын сонгуулиас өмнөхөн нийтэд ил болсон 60 тэрбумын бичлэг гэж бий. Энэ бол тухайн үед МАН-ыг удирдаж байсан эрхмүүдийн оролцсон ёс зүйн машид зөрчилтэй яриа хөөрөө, уулзалтын бичлэг байлаа.

Уг бичлэгийг олон нийт “…Пүү паа” гээд л хүлээж авсан. Энэ сэтгэлзүй дээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2018 онд МАН дахь засаглалын өөрчлөлт явагдсан юм. Дандаа л үр дүнгээ өгсөн. Бичлэгийг “буландаж” байгаад л ялаад байсан.

Ийм дүйвээнээр нэгэнт хэрэгсэхгүй болоод байсан “60 тэрбумын хэрэг” дахин сэргэж улмаар шүүхэд очиж шийдэгдэв. Уг нь 2016 оны сонгуулиар сөрөг хүчнүүд энэ асуудлыг хууль хяналтын байгууллагад тавьж, АТГ, прокурор шалгаад, нэг тийш шийдчихээд байсан юм.

Гэхдээ өөр цаг үед, эсвэл бусад намуудын эрх барьж байх үед 60 тэрбумын бичлэг “60 тэрбумын хэрэг” болохгүй байсан юм. Энэ үнэн. Гагцхүү, МАН-ынхан 2016 онд олдоод өлдсөний учир “60 тэрбумын хэрэг” шүүхээр орсон хэрэг. Товчоор хэлэхэд энэ бол улс төрийн шалтгаантай, захиалгат гэж болохоор харагдаж байгаа юм. Хэрвээ цэвэр хууль талаас нь, хэрэг гэж үзэгдээд явсан бол нэг өрөөнд нэгэн цагт хамт сууж байгаа 60 тэрбумын талаар ярьж хөөрсөн дөрвөн хүний хоёр нь мултраад, хоёр нь шийтгэгдэнэ гэж байх уу. Үгүй юм. Тэнд Ц.Сандуй, А.Ганбаатар хоёроос гадна М.Энхболд, Г.Доржзодов гэдэг хоёр хүн бас байсан. Тэднийг сугалаад үлдээчихсэн нь дэндүү ил байгаа юм.

Эндээс нэг жижигхээн “time line” хар даа. МАН ямар бодлого барьж байгаад яаж өөрчлөгдсөнийг, тэр нь юутай холбоотой болохыг тус намын нэгэн удирдлагын ганцхан жилийн дотор хэлсэн ярьснаас харагдана.

2016.6.25: МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “…МАН-ыг гүтгэсэн эвлүүлгийг хууль хяналтын байгууллагад шалгуулна” гэж мэдэгдэв.

2017.4.12: МАН-ын генсек Д.Амарбаясгалан “…60 тэрбумын хэрэг сонгуулийн үеийн ядмаг зохиол байсан” хэмээх ярилцлагыг хэвлэлд өгсөн.

2017.6.15. 13:00 цагт: МАН-ын генсек Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийж, өмнөх өдөр нь МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Доржзодовт хамгаалалт авахыг ЦЕГ-т хүсэлт гаргасан талаар мэдээлэв. Тэрээр “…Хэрвээ хэн нэгэн жүдоч очоод Г.Доржзодовыг цохиод алчвал М.Энхболдын нэр хүндэд муугаар нөлөөлнө” гэх үндэслэлээр хүсэлт гаргасан гэв. Жүдоч гэж хэлснийхээ төлөө Д.Амарбаясгалан дараа нь уулчлалт гуйсан байдаг.

2018.8.06: МАН-ын генсек Д.Амарбаясгалан  Тусгаар тогтнолын ордондоо хэвлэлийн бага хурал хийж “…Ганц “60 тэрбумын хэрэг” гэлгүй ёс зүйгүй нөхдөд бүгдэд нь хариуцлага тооцно” гэв.

2017.8.18: МАН-ын генсек Д.Амарбаясгалан АТГ-ын үүдэнд сэтгүүлчдэд “…Эвлүүлэг гэж бодож байсан миний итгэл үнэмшил үгүй болсон” гэж мэдэгдсэн.

МАН-ын удирдлагууд тэднээс ингэж зам салжээ. Гэвч мааз маягаар хэлэхэд энэ Ц.Сандуй чинь Д.Амарбаясгалан мэтийн нөхдийн жаргах замыг нь зассан ачтан юм шүү дээ.

Энэ бүгдийг тоочдогийн учир нь 60 тэрбумын бичлэгийг зөвтгөөд байгаа явдал бус. Харин “60 тэрбумын хэрэг” юу болоод шийдэгдчих вэ гэдгийг ухаж ойлгох санаатай юм.

Ерөөс ганц тодорхой зүйл бол 60 тэрбумын бичлэгийг Монголын хууль, хэзээ ч зөвтгөхгүй. Харин хэрэгсэх, хэрэгсэхгүй гэсэн хоёр зам бий.Эхлээд хэрэгсэхгүй байснаа сүүлд нь янз бүрийн шахалтаар хэрэгссэн. Хэрэг гэж үзсэн нөхцөлд буруутгаж таарна. Энэ нэг асуудал.

Нөгөө талаасаа их сонин дүгнэлт гарч ирнэ. Хууль 60 тэрбумын бичлэгийг буруутгалаа. Ингэхээр Ц.Сандуйгаа хөөж явуулаад, М.Энхболдоо татаж буулгаад оронд нь суусан нөхдийг ч бас буруутгасан гэсэн үг шүү дээ.

Яг үнэндээ 60 тэрбумын бичлэг доторх Ц.Сандуйгийн яриаг сонсохоор “…МАН-даа авна, МАН-аа төвхнүүлнэ” л гээд байна лээ. Тэрнээс биш хувьдаа аваад, хуваагаад цохичихъё гэсэн үг сонсогдоогүй. Тийм учраас шүүх Ц.Сандуйг буруутгасан л бол МАН хариуцлагыг хүлээж, М.Энхболд, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар ч тахимаа өгөөд буух ёстой болж байгаа юм.

Тэгээд ч МАН-ынхан гэж нэгээрээ биш нийтээрээ гэх ертөнцийн энэрэнгүй, зүүнтний үзэлтэй хүмүүс байдаг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө хэмээх социалист уриа бол энэ намынх юм.

Тэд бас гоёыг мөрөөдөж суугаа. Ирэх жилийн УИХ-ын сонгуульд дахин ялаад, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгуульд дахиад ялчихаад, намынхаа 100 жилийг тэмдэглэх мөрөөдөлтэй.

Ц.Сандуйгаа золиослочихоод ингэж мөрөөдөж суугаа юм шүү дээ, энэ МАН-ынхан?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР


URL:

Сэтгэгдэл бичих