Төрийн мөнгөөр тоглогчид- Генералын найздаа эдлүүлсэн онцгой эрх 400 саяын үнэтэй
Гамшгийн үед төрийн өндөрлөгүүд толгой хоргодох онцгой обьектоор гал тахижээ-
АН-ын сайд нар Засгийн газраас гарах өргөдлөө өгсөн тэр өдөр Богдхан ууланд байрлах Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн тусгай обьектод гал гарчээ. Барилгын цэргийн 017 дугаар ангийн барьж байсан 400 сая орчим төгрөгийн үнэтэй модон барилга буюу мэргэжлийн хүмүүсийн хэлснээр иргэний дайн зэрэг улс оронд тохиолдсон онцгой аюул гамшгийн үед төрийн өндөрлөгүүд толгой хоргодох байр шатаж, үнс нурам болсон байна. Хачирхалтай нь, улсын төсвийн хөрөнгө буюу татвар төлөгч та бидний өчнөөн сая төгрөгийг үнс болгосон эрхмүүд энэ мэдээллийг ихэд нууцалж, гадагш задруулахгүй хав дараад өнгөрөөх үүргийг онцгойлон өгсөн гэх мэдээлэл ирлээ. Чухам хэн гэх албан тушаалтнаас болж улсын өчнөөн сая төгрөг нурам болсон хийгээд уг ажлыг гүйцэтгэж байсан хариуцлагагүй албан тушаалтнууд хэн байсныг тодрууллаа.
Энэ бүх дуулианы эзэн холбогдогч нь ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, түүний найз, дэд хурандаа Л.Балдан-Очир нар гэдгийг тус штабын ажилтнууд хэлж, зарим нь “Найзыгаа хууль бусаар ажилд авсан биш томоохон нүхэнд уналаа даа” хэмээн халаглаж байна. Учрыг лавлахад дэслэгч генерал Ц.Бямбажавын найз, уг ажлыг гардан гүйцэтгэж байсан дэд хурандаа Л.Балдан-Очир нь өдгөө 52 настай, 2010 он хүртэл ЗХЖШ-т бэлтгэл ахлах дэслэгч цолтой ажиллаж байгаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажилд орсон ч тун удалгүй халагдсан. Гэвч “Хаана ч очсон хаалгачтайгаа” гэдэг шиг тун удалгүй сайн найзын буянаар хууль бус томилолт өвөртлөн салбартаа эргэн ирсэн гээд нэр хүндийн хувьд тийм ч цэвэр нэгэн биш юм байх. Түүний томилгоог хууль бус хэмээн тодотгосны учир нь Батлан хамгаалахын сайдын баталсан “Офицерын алба хаах журам”-д зааснаар бэлтгэл ахлах дэслэгч цолтой хүн Зэвсэгт хүчний салбарт эргэж орох тохиолдолд нас нь 30-аас хэтрэхгүй байх ёстой хэмээн заасан байдаг юм байна. Харин Ц.Бямбажав генералын найзад сайдын эл журам огт хамаагүй байснаар зогсоохгүй, татвар төлөгчдийн өчнөөн сая төгрөгийг дураар зарцуулах эрх ч олдсон гэдэг. Дээрх онцгой обьектыг хариуцан бариулж байсан Л.Балдан-Очир найзынхаа итгэлийг алдаж, ажлыг нь нурааж, алдар хүндийг нь унагасан төдийгүй татвар төлөгчдийн 400 сая гаруй төгрөгөөр ганцхан шөнийн дотор тэнгэр тахиж орхижээ. Эх сурвалжийн өгүүлснээр энэ хэргийн буруутан нь дээрх хоёр эрхмээс гадна ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат нар яах аргагүй мөн гэдгийг хэлж байна. Тодруулбал, дээрх обьект нь дайн байлдаан, үймээн самуун гээд онцгой байдал зарласан үед төрийн тэргүүнүүд толгой хоргоддог гэдэг утгаараа аюулгүй ажиллагаа талаасаа маш өндөр түвшинд баригдах ёстой юм байна. Гэтэл дээрх албан тушаалтнууд нийлж уг барилгын ажлыг гүйцэтгэх нэрээр өчнөөн сая төгрөгийг өөрсдийн халаас руу хуваан хийснийг хэллээ. Ганцхан жишээ дурьдахад л, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат тэргүүтнүүд 80 сая төгрөгөөр уг барилгыг дулаан цахилгаанаар хангах дизель станц авна хэмээн мөнгө төсөвлөсөн ч урд хөршөөс түүнээс хоёр дахин хямд өртөгтэй буюу 27-28 саяар цахилгаан станц авсан. Гэвч өнөөх гайхал нь ажиллахгүй төмрийн сэг болоод хэвтэж байгаа. Мөн төрийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 30 гаруй сая төгрөгөөр хяналтын камер авч тавих байсан ч тавиагүй. Түүнчлэн 160 саяын өртөгөөр бараа сүрийг нь хараад газар доогуур шургаж унамаар хашаа хатгана гэсэн ч өнөөх нь гар хүрэх төдийд л ханараад уначихдаг төдийхөн гээд өөлөөд байвал өчнөөн асуудалтай барилга барьж байсан гэдгийг хэлж буй юм. Ямар сайндаа л энэ тухай тус штабынхан “Өндөр өртөгтэй энэ барилгадаа ядаж галын дохиолол суулгасан бол өдийд юу гээд л үнс нурам болсон байшин хараад, халаглаад сууж байх вэ дээ” хэмээн өөр хоорондоо жиг жуг хийж байна. Өөр нэг ноцтой зүйл нь дээрх обьект “Онцгой” гэдэг утгаараа хуучин модон байшинг нь буулгаж ор мөргүй болгож байгаад цоо шинэ байшин барихаар төсөв хөрөнгийг нь суулгаж өгсөн юм байж. Гэтэл хуучин байшингийн хана, дээврийг нь буулгалгүй “төсвийн мөнгө” хэмнэсэн гээд хөгийн зүйл олон болсныг хэлэх нэгэн ч таарсан.
Үнэндээ бол төрийн өмч саалийн үнээ болсны ганцхан жишээ энэ. Дээрх барилгын тухайд нууц объект гэдгээр халхавчлан хэдэн тэрбум төгрөгийн ажлыг ямар ч тендергүйгээр Барилгын цэргийн 017 дугаар ангид өгсөн юм байна. Харин манайхан төрийн өмчийг өөрийнх нь гэж андуурсан уу ийн халааслаж, салбарынхан нь ч “Ил цагаан энэ луйвар ийн төгсдөг байжээ” хэмээн халаглаж сууна. Нэг байшин шатаад түүнийг нь нуугаад өнгөрлөө гэж бодъё. Гэтэл энэ барилгад нь төрийн тэргүүнүүд элдэв аюулаас толгой хоргодож байхад дээрх аюул нүүрлэсэн бол яана.
Л.Оюунгэрэл
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: