”Би мөнгө авах гэж дээрэм хийсэн чинь хүн алчих шиг боллоо”

Яг л кинон дээр гардаг шиг банк дээрэмдэх гээд бүтэлгүйтсэн хэрэг гарлаа. Бүр гэгээн цагаан өдрөөр шүү. “Өдрийн цагаар буу барьсан этгээд банк руу орж хүн буудсан хэрэг гарлаа” гэх  мэдээг дуулаад хоёр чихэндээ итгэсэнгүй. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү утас цохилоо.

Гэтэл Налайхын цагдаагийн хэлтсийнхэн “ХААН банкны тооцооны төвд хүн буудсан хэрэг гарсан. Бид хэргийн газар ажиллаж байна. Өөр мэдээлэл өгөх боломж алга” хэмээн цааргалж утсаа салгахад нь цээжин дотор нэг юм тээглээд хачин болж орхив. Ингээд гэрэл зурагчнаа утсаар дуудаж, хэргийн газар буюу Налайх дүүргийг зорилоо. Биднийг очиход тус дүүргийн ХААН банкны байрыг цагдаа нар бүсэлчихсэн, хүн амьтан ойртуулахгүй байв.

Хоёрдугаар давхрын цонхонд буудсан сумны нүх гарчээ. Гэмт хэрэгтнийг цагдаагийнхан хэдийнэ баривчилсан байсан төдийгүй цагдаагийнхан гадуур нэг юм хайж байлаа. Юу хайж байгаа талаар тэр орчмын хүмүүсээс тодруулахад тоймтой хариулт өгсөнгүй. Гэмт хэрэгтэн банк руу орохдоо тохой хэрийн бууг нууж авч орсон байна. Тэгээд хоёрдугаар давхарт нь байрлах банкны захирлын өрөөнд орж, буу гарган мөнгө өгөхийг шаардаж, сүрдүүлсэн бололтой.

Ажлаа хийгээд, сууж байтал нь гэнэт нэг нөхөр орж ирээд, буу тулгаад мөнгө нэхэхээр хэн ч байсан, ялангуяа эмэгтэй хун “амь авар” хэмээн орилж, чарлан сүйд болно биз. Эхнэрийнхээ айж цочсон, бачуурсан дууг нөхөр нь сонсоод, ажлын өрөө рүү нь орох гэтэл дотроосоо түгжээтэй байсан гэнэ.

Эхнэр нь өрөөн дотроо “Намайг аллаа” хэмээн орилоод л байж. Ингээд нөхөр нь сандрахдаа хаалгыг биеэрээ хэд сайн түлхтэл онгойсон байна. Үүнтэй зэрэгцээд, эхнэрийг нь барьцаалаад байсан гэмт хэрэгтэн гаднаас орж ирсэн түүний гэдэс рүү шууд тулгаж байгаад буудсан аж. Хохирогчийг эхнэрийнхээ урдуур орж буудуулсан гэж ярих нэгэн ч байсан. Хэргийн газарт байсан хүмүүс ч нэмж хачирлан янз бүрийн юм ярьж байв.

Банкны захирлын өрөөнд хүн буудсан цагаан цамцтай залуу, замдаа таарсан нэг охины гар руу нь буудчихаад гүйгээд гарахад нь “Наадахаа бариад ав” гэж хэн нэгэн орилсон боловч тэнд байсан бүх хүмүүс хуйлраад, нэг нэгнийнхээ ардуур орж зугтаагаад, нөгөө залууг олигтой ч харсан хүн байхгүй гэцгээв.

Харин гэмт хэрэгтэн гадагшаа гармагцаа таксины жолоочийг барьцаалж хот руу зугтсан байна. Энэ зуур цагдаагийн газарт хэргийн талаархи мэдээлэл хүрч гэмт хэрэгтнийг 30 минутын дараа БЗД-ийн 11 хорооны нутаг, Туул зөрлөгийн төмөр замын нүхэн гарц дороос баривчилсан байна. Энэ тухай сонсоод гадаадынхны детектив киноны үйлдэл л санаанд бууж байлаа.

Ингээд хохирогч хаана байгааг тодруулахад, нөгөө буудуулсан гэх хүнийг Батбаатар гэдэг бөгөөд эхнэрийг нь Туяа гэдэг аж. Тэднийг эмнэлэгт хүргэсэн байв. Биднийг очих үед н.Батбаатар хараахан мэс засалд ороогүй байсан юм. Буудуулах үедээ бөөр болон бусад дотор, эрхтэндээ хүнд гэмтэл авсан учраас дотуур их цус алдсан гэнэ. Гэхдээ эмч нар яаралтай ажилласны дүнд цусыг тогтоосон байлаа. Ингээд сая нэг сэхээ авч, эмч нар мэс засалд бэлдэж байх үед хохирогчийн хэвтэж байгаа өрөө рүү ар гэрийнхнийг нь оруулж уулзуулж байлаа. Магадгүй эргэж уулзахгүй байж мэднэ гэсэндээ ингэж уулзуулаа биз. Батбаатарынх өнөр өтгөн айл бололтой юм билээ. 12-13 насны нэг охин аавтайгаа уулзчихаад гарч байгаа харагдсан. Түүний дүү нар, аав, ээж нь гээд нэлээд олон хүн эмнэлэгт ирсэн байв.

Сэтгүүлч, сурвалжлагч гэхээр ар гэрийнхэн нь тийм ч таатай хандсангүй. Нэг л хүйтэн хөндий харцаар намайг сонжиж байв. Гэтэл учир нь тэр даруй тодорхой болсон юм. Гэмт этгээд ХААН банк руу нэвтрэхдээ “Би сурвалжлагч байна. Танай банк дампуурах гэж байгаа юм биш үү. Энэ талаар тайлбар авах гэсэн юм” хэмээн шалгааж байгаад банк руу орсон гэнэ.

Тэгэхээр ар гэрийнхэн нь тиймэрхүү байдалтай байх нь аргагүй л дээ. Тэгээд ч нэг нь буудуулчихаад байхад ”Тэглээ ингэлээ” гээд хэн л яриад байх билээ. Ар гэрийнхэн нь бүгд холуур дөлж өнгөрөх аж. Гэхдээ н.Батбаатарын цусыг тогтоож, бас ч юмны үзүүр наашаа эргээд байх үед 70 нас гарч яваа түүний аавтай нь цөөн хором ярилцаж амжсан юм. Тэрбээр “Хүү маань хагалгаанд орчихсон.

Аюултай юм болжээ. Цаашид юу болохыг нь хараад, шаналаад сууж байна. Манай хүү холбооны даргын жолооч, эхнэр нь Туяа гэж энэ банкны захирал хийдэг юм. Ах нь долоон хүүхэдтэй. Том хүү маань энэ Батбаатар. Би энэ хүүгээ дагаж, Архангайгаас ирээд Налайхад долоон жил болж байна. Ийм юм үзнэ гэж санасангүй. Манай хүүхдүүд хотод наймаа хийж амьдардаг. Дүү нар нь ахыгаа бараадаж өдий зэрэгтэй явна. Хүнд тустай сайн хүү л дээ. Гурван хүүхэдтэй өнөр өтгөн айл байсан. Гэтэл ийм юм болчихлоо.

Эхнэр нь айж сандраад, ухаан санаа нь эрүүл бус байх шиг байна. Их хэцүү харагдаж байна, хөөрхий минь. Сая ХААН банкнаас хүмүүс ирээд уулзаад явлаа. Одоо тэгээд юу ч ярих билээ дээ. Олны нүдэн дээр ил үйлдэгдсэн хэргийг” хэмээн ярьсан юм. Эцэг хүн эмнэлгийн орон дээр үхэл амьдралын зааг дээр байгаа үрээ тийм байдалтай хүлээгээд сууж байхыг харах хэцуүхэн юм билээ. Өвгөний сэтгэлийг тайвшруулж, тав гурван үг солих гэснээ зүрх ч хүрсэнгүй.

Бид тэндээсээ Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү очиход Цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхбаяр “Налайх дүүрэгт өнөөдөр /уржигдар/ ноцтой дээрмийн халдчага гарлаа. ХААН банкинд дээрмийн халдлага хийх зорилгоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат 26 настай Б гэгч залужу зориуд бэлтгэсэн галт зэвсэгтэй орж дээрмийн халдлага хийгээд, хоёр хүнийгхүнд буюу хөнгөн гэмтээгээд хэргийн газраас зугтсан.

Урьдаас төлөвлөсөн хандлага болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Шуурхай эрэн сурвалжлах хэсэг яаралтай ажилласны ур дүнд баривчилсан. Гэмт этгээд замдаа буугаа хаясан байсныг ч олсон. Чех улсад үйлдвэрлэсэн ангийн зориулалтын карбин буу байсан.

“Сурвалжлагч байна” гэж хэлээд банкны захирлын өрөөнд нэвтэрч орсон гэсэн мэдээллийг бид мэдэхгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөнгө зээлэхгүй гэхээр нь буудсан гэж иргэд яриад байна. Тэр худлаа мэдээлэл. Дээрмийн халдлага гэж үзэж байгаа. Гэмт этгээд хотоос такси хөлсөлж ирсэн. Буцаж явахдаа таксиныхаа жолоочийг барьцаалсан үйлдэл гаргасан байгаа.

Цагдаагийн байгууллага яаралтай ажиллагаа явуулж, буслэн хаасны дүнд гэмт этгээдийг баривчиллаа. Галт зэвсэгт өртсөн хүмүүсийн талаар яг одоо би тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Хүмүүсийн яриад байгаа, гэмт этгээд ХААН банкны Налайх дүүргийн салбарын захиралтай өс хонзонтой байсан гэдэг худлаа. Захирлын өрөө хоёрдугаар давхарт байдаг нь үнэн. Одоогийн байдлаар хохирогчийг буудсан нь тогтоогдчихоод байгаа. Хэрэгтнийг хаана саатуулсныг хэлэх боломжгүй” гэсэн юм.

Харин өнгөрсөн баасан гарагт дээрх халдлагыг үйлдсэн Г.Бат-Ялалт гэгчийг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсээс УМБГ-т хуяглан хамгаалалтад авчирчээ. Түүнийг авчирсан даруйдаа эхний мэдүүлэг тайлбарыг авахад “Би мөнгө авах гэж дээрэм хийсэн нь үнэн. Гэтэл хүн алчих шиг боллоо. Хэргээ хүлээж байна” гэхээс өөр зүйл ярихгүй байгаа гэнэ.

Гэмт хэрэгтэн Г.Бат-Ялалт гэгч нь Сонгинохайрхан дүүргийн V хороонд амьдардаг бөгөөд 2008 онд ХААИС-ийн инженер механикийн сургуулийг төгссөн гэнэ. Түүнчлэн бааранд хамгаалагч хийдэг төдийгүй эхнэр хүүхдийн хамт амьдардаг байсан гэхээс өөр тоймтой зүйл олдсонгүй. Хамгийн харамсалтай нь хэрэг гарсны маргааш буюу өнгөрөгч бямба гарагт хохирогч н.Батбаатар эмнэлэгт амьсгал хураасан билээ.

Д.Сүхбаатар

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих