Улс тунхагласны 95 жилийн ойн өдөрт зориулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа зарлан тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр (2019.11.26) Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Өдгөөгөөс 95 жилийн тэртээ 1924 оны намар, өвлийн заагаар Монгол нутгийн өнцөг булан бүрээс 77 төлөөлөгч Нийслэл хүрээнд цуглаж, Улсын анхдугаар Их хурлаа хуралдуулсан түүхтэй. Тус Их хурлаар олон чухал асуудлыг хэлэлцэн баталсны дотор анхны Үндсэн хуулиа баталж, хаант засаг, хамжлагат ёсыг халан, төрийн эрх барих дээд байгууллагаа ард иргэд нь сонгуулиар бүрдүүлдэг Бүгд Найрамдах засаглалыг сонгосноо зарлан тунхагласан юм.
Энэ бол XX зууны Монголын түүхэнд тохиосон онцгой чухал түүхэн үйл явдал байсан билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэддээ хандаж дэвшүүлсэн мэндчилгээндээ, “Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлахын хамт ард түмнээс төрийн хэрэгт оролцох эрх чөлөөг Монгол Улсын түүхэнд анх удаа тунхаглан зарласан байна. Анхдугаар Үндсэн хуульд Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлажээ. Түүнчлэн Ази тивд анх удаа эмэгтэйчүүдэд эрчүүдийн адил тэгш эрх олгож, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хуульчилж, нийгмийг ардчилах шинэ үйлсийн эхлэлийг тавьсан юм.
Мөн “БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба, бас мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, парламентын засаглалын эхийг тавьсны үргэлжлэл нь өнөөгийн байнгын ажиллагаатай парламент – Улсын Их Хурал юм.
Тиймээс энэ өдөр тусгаар тогтнол, үндэсний бахархлаа дээдлэн, эх түүхийн үнэ цэнийг мэдэж ухаарах, хойч үеийнхэндээ утга учрыг нь ойлгуулан өвлүүлэх явдал эрхэм чухал билээ.
Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг. Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль шинэ сонголтоо баталгаажуулах, ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Гэхдээ цаг хугацаа улирч, улс орон хөгжин дэвших тусам нийгмийн харилцаанд шинэ зохицуулалт шаардагдаж байдаг. Шинэ Үндсэн хуулийг ч энэ жам ёсны үзэгдэл тойрсонгүй.
Парламентат ёсоо бэхжүүлэх, засаглалын харилцан хяналт-тэнцлийг зохистой болгох, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн талаар бид сүүлийн 10 гаруй жил ярьсан.
Тиймээс Улсын Их Хурал эрдэмтэн судлаачидтайгаа зөвлөлдөж, улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.
Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Өөрчлөлт шинэчлэлт, эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: