Э.Оюунболдынхоо цолыг хураагаач, Ерөнхийлөгч өө

15746926295ddbe715d1be9Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс уламжлал ёсоор допингийн шинжилгээ авсан. Шөвгөрсөн бөхчүүдийн хоёр нь сэргээшийн шинжилгээнд бүдэрч, өдгөө цолоо хураалгаж, барилдах эрхээ хасуулахаар болчихоод байна. Сэргээш хэрэглэсэн хоёр бөхийн нэг нь Улсын начин Д.Цэрэнтогтох.  Мань эр ч яахав, чимгээ өсөх идэр чимгээ хураалгаад, барилдах эрхээ хасуулаад өнгөрөх нь мэдээж. Ямар сэргээш хэрэглээд, начин болсон биш. Өмнө нь начин цолоо авчихсан байсан.

Тэгвэл баяр наадамд 9 давж түрүүлж, Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдын  цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасахаар болсон.  Баяр наадмын зохион байгуулах үндэсний хорооны хурлаар Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцэж, бөхчүүдийн цолыг хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол чимгийн асуудал зэрэг шийдвэрүүдийг сарын өмнө гаргасан. Түүнд өвдөг шороордсон бөхчүүдэд ч цол, чимэг нөхөж олгоно.   Гол нь өнгөрсөн аравдугаар сарын 24-ий гаргасан шийдвэр одоо болтол биелэхгүй байна.

Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо шийдвэрээ Ерөнхийлөгчид өргөн бариагүй бүтэн сар болов уу. Эсвэл Ерөнхийлөгч шийдвэрээ гаргахгүй ингэтлээ удав уу.  Баяр наадам зохион байгуулах хороо аль хэдийнэ хуралдаад, шийдвэрээ гаргаад, сэргээш хэрэглэсэн бөхчүүдийнхээ нэрийг зарлаад, цол, чимгийг нь хураахаар болчихсон учраас Ерөнхийлөгчид өргөн барихгүй сар хав дарна гэхээр итгэл төрж өгөхгүй байна. Тэгэхээр Ерөнхийлөгчид очоод л ямар нэг байдлаар гацсан болов уу.

Сэргээш хэрэглэнэ гэдэг ямар ч спортод байж болохгүй зүйл. Дэлхий нийтээрээ сэргээшийн эсрэг тэмцэж, хориотой эм бэлдмэл хэрэглэсэн тамирчдын эрхийг хасаж, медалийг нь хурааж байгаа.  Манай их спортын зарим тамирчид ямар шийтгэл хүртээд, ид үеэ өнгөрөөх дээрээ тулчихаад байгаа билээ.  Гэтэл үндэсний бөхчүүдээс жил болгон шахуу сэргээш илэрдэг жишиг тогтоод удлаа. Бүр байтлаа улсын баяр наадамд түрүүлсэн бөх нь сэргээш хэрэглэчихээд, баяр наадмын зохион байгуулах хороо нь шийдвэр гаргаад, барилдах эрхийг нь хасчихаад байхад тоохгүй явна. Бүр нэг жижиг барилдаанд оролцож, түрүүлээд явж байдаг.  Ийм байж болох уу.

Ерөнхийлөгч албан ёсоор шийдвэр гаргаагүй байхад барилдах эрхийг нь хассан гэж үзэхгүй хэмээн тайлбарлаж магад. Тийм л юм бол том барилдаанд ирээд барилдах ёстой юм биш үү.  Гэтэл тэгэхгүй, суманд очиж, атар газар эзэмшсэний ойн барилдаанд зодоглож ч байх шиг. Ингэж Монголын ард түмнийг доромжилж болохгүй ээ. Эхэндээ шүүхэд өгч, баахан дөвчигнөсөн. Монголын шүүх шударга шийдвэр гаргаж, гомдлыг нь буцаасан. Угаасаа сэргээш илэрсэн илрээгүйг шүүх шийддэг ч юм биш. Нэгэнт шээсийг нь Олон улсын итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлээд, хариу нь гарчихаад байхад. Өөрөө Б сорьцоо шинжлүүлэхгүй гэж гүрийгээд байхад шүүх гомдлыг нь хүлээж авбал утгагүй.

Одоо харин Ерөнхийлөгч хурдхан шийдвэрээ гаргаад, баяр наадам зохион байгуулах хорооныхоо шийдвэрийг эцэслэчих хэрэгтэй байна. Үнэхээр Э.Оюунболд гэдэг бөх сэргээш хэрэглээгүй, буруугүй бол Ерөнхийлөгч цолыг нь хураахгүй гэдгээ мэдэгдчих. Нэр төрийг нь сэргээ.  Монголын нэг сайхан аварга том барилдаануудад зодоглож, ард түмнээ баярлуулж байг. Эсвэл цолыг нь хурдан хураагаад, барилдах эрхийг нь хасаад өгөөч ээ.  Сэргээшчин бөхийг жижиг барилдаанд ч барилдаж, бусдын амжилтыг булааж явахыг хармааргүй байна.

Zaluu.com


URL:

Нэр: зочин Огноо: 29 November 2019

Сэргээш хэрэглэснийг нь зөв гэж үзэж байгаа юм биш биз дээ?

Сэтгэгдэл бичих