Урт гартай, цагаан захтай “дээрэмчид”-ийнхээ саварыг татна уу Ч.Улаан сайд аа!

ulaanЗасгийн газар мал аж ахуйн салбараа түшиглэн орлого олох боломжийг эрэлхийлж, ОХУ, БНХАУ, Япон Улсад мах экспортлох зөвшөөрлийг олгосон байгаа.Тухайлбал, 2019 онд БНХАУ руу нийт 30 мянган тонн адууны мах экспортлох зөвшөөрлийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өгсөн юм.

БНХАУ руу мах экспортлох тусгай зөвшөөрөл бүхий 12 аж ахуйн нэгж Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийг авахын тулд өндөр шаардлагыг хангаж, хатуу шалгуур давсан байх ёстой. Тухайлбал,

-Экспортлогч болон импортлогч улсууд хоорондоо Мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн нөхцөлийг тохирсон байх,

Монгол Улсаас экспортлох мах, махан бүтээгдэхүүнийг зайлшгүй үйлдвэрийн аргаар боловсруулсан байх,

Мах махан бүтээгдэхүүн экспортлох үйлдвэр нь импортлогч улсын Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын байгууллагаар хяналт шалгалт хийлгэж, тухайн улсад мах, махан бүтээгдэхүүн импортлох магадлан итгэмжлэл авсан байх гэх мэт хатуу шалгуурыг давдаг юм.

Ийм өндөр босгыг давсан аж ахуйн нэгж БНХАУ-ын Мал эмнэлэг, хорио цээрийн хяналтын байгууллагаас экспорт хийх зөвшөөрлөө авдаг байна. Өмнөд хөрш рүү 30 мянган тонн адууны мах экспортлох зөвшөөрлийг Засгийн газар аж ахуйн нэгжүүдэд хоёр хуваан олгоод байгаа юм. Гэхдээ энэ квот тэдний хүссэн хэмжээнд олдоогүй. Засгийн газар 30 мянган тоннын зөвшөөрлийг боломжийн хэмжээнд аль болох хүртээмжтэй хуваарилан өгсөн байгааг хүснэгтээс харж болно.

Хятадын зах зээлд адууны мах эрэлттэй болж, үнэд орсон нь бизнесийнхэнд эдийн засгаа сэргээх богино хугацааны таатай боломжийг нээсэн ч сайны хажуугаар саар гэгчээр мөнөөх урт гартай, цагаан захтангууд аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулаад эхэлжээ.

011-5 Урт гартай, цагаан захтай “дээрэмчид”-ийнхээ саварыг татна уу Ч.Улаан сайд аа!

Адууны мах экспортлох зөвшөөрөл авсан ААН ба зөвшөөрөгдсөн махны квот

МАН болон ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны нэрийг барьсан хэсэг залуус мах экспортлогч аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзалт хийж “УИХ-ын 2020 оны сонгуулийн санхүүжилтийн тодорхой хэсгийг махны экспортоос хийх даалгавар ирсэн. Тиймээс танай аж ахуйн нэгж дээр гарсан мах экспортлох квотын тодорхой хэмжээн дээр МАН мах экспортлоно” хэмээн захирах, хүсэхийг хослуулан дарамтлаж эхэлсэн баримт байна.

Цагаан захтнуудын энэ дарамт зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөн оролцож, өчнөөн хөрөнгө зарж босгосон хувийн аж ахуйтнуудыг ахиад сөхрүүлэх нь ээ. Татварын бодлого, эдийн засгийн уналтын шокийг шүд зуун тэсвэрлэн, аж ахуйгаа арай гэж хөл дээр нь босгосон компаниуд руу Төрийн нэрийг барьсан дээрэмчид баасан дээр эргэлдсэн ялаа шиг шавах нь сайны дохио биш ээ.

Аль нэг сонгуулийг мөнгө болгон харж, Төрийн нэр, намын нэр барьж гүйсэн тонуулчдын бараан түүх багадаагүй. 60 тэрбумаар нэрлэгдсэн Ц.Сандуйн гунигт жишээ халуунаараа байна.

Төрийн нэр барьсан урт гартай цагаан захтай “дээрэмчдээ” МАН болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Та анхааралдаа авч, саварыг нь татна уу. Тэд Засгийн газар болон намын нэр нүүрийг чинь шалаар нэг болгоход ойрхон ирсэн байгааг сануулья.

Энэ байдал цааш үргэлжилбэл хууль хяналтын байгууллагад дуудагдаж, албан тушаал, нэр устайгаа олон нийтэд зарлагдаж магадгүй болоод байна.

Н.ДЭЛГЭР

Uptown.mn


URL:

Сэтгэгдэл бичих