Архи үйлдвэрлэгчдийг битгий дэмжээрэй
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архинаас татгалзах уриалгыг өнгөрөгч оны эхээр гаргаснаас хойш бүтэн жил өнгөрлөө. Архи үйлдвэрлэгчид нь өөрсдөө хууль баталж, өөрсдийгөө өөгшүүлж байгаа тохиолдолд энэ уриалга үр дүнд хүрнэ гэж үү. Архи үйлдвэрлэгчид хууль баталдаг байж таарахгүй гэж УИХ-ын гишүүн Х.Баттулга үзэл бодлоо илэрхийлж, хууль санаачилснаараа хэсэгтээ л ангийнхандаа ад болсон. Угтаа бол Х.Баттулга ганцаараа бус Хууль зүй, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарынхан энэ талаар аль эрт ярьж, уриалга гаргаж, хууль санаачлах хэрэгтэй байсан юм. Гэвч хэн ч тэгж чадаагүй, чадах ч үгүй биз. Архины бизнестэй их бага сэжмээр холбогдож ашгаас нь хүртдэг эрхмүүдэд энэ шал дэмий яриа байсан нь мэдээж. ОХУ 2008 онд архинаас татгалзах уриалга гаргаж байхад нь уухайн тас шүүрч аваад дуурайж болох л байсан. Гэвч тийм сэтгэлтэй улстөрч Монголд байгаагүй. Сонгогчдоо согтоож байгаад шогтохыг л урьтал болгодог байсан. Энэ хүслээ Үндсэн хуулийн заалтаар халхлах гэж үзэж байгаа нөхдийг өнгөрөгч намрын УИХ-ын чуулганы хуралдааны танхимд харлаа, мэдлээ. Сонгогдох эрхийн тухай заалтаар гул баригчдад үндэстнээрээ архин далайд живж, архинаас болж өдөртөө, сардаа хэдэн зуун хүн үхэж үрэгдэж байгаа нь падлийгүй юм байх. Манайхаас бусад ард түмэндээ хайртай харийн улстөрчид нэг хүнд ногдох архины хэмжээ жилдээ 8-9 литр болоход л үндэстэнд аюул учирлаа гэж хязгаарлалт, хориг тавьж эхэлдэг юм гэнэ лээ.
Гэтэл монгол хүнд жилд 28 литр архи ногдож байна гээд бодохоор бид аль эрт сөнөчихсөн юм биш үү. Ерөнхийлөгчийн уриалга, Х.Баттулга гишүүний анхааруулга хоёроос хойш үнэндээ монголчууд архийг жигшдэг болоод байгаа. Илт мэдрэгдэж байна л даа. Саяхан телевизээр хамт олноороо, найз нөхдөөрөө архинаас татгалзаж, архигүй хамт олон болохоор ам тангараг өгсөн хүмүүсийн тухай гарч байсан. Олон хүн энэ мэдээллийг үзсэн, сонссон байна лээ. Баярламаар байгаа биз дээ. Архидалтын улмаас айл гэрийн амьдрал хүйт дааж, олон амь архины лонхонд живдэг. Архи хэзээ ч сайныг дагуулдаггүй. Орон нутгийн удирдлагууд ч хот газраас ирсэн зочин гийчнээ архи сархдаар дайлахаа урьтал болгодгоо больсон сурагтай. Сайхан мэдээ. Архидалттай тэмцээд хэзээ ч үр дүнгээ өгч байсан түүх үгүй. Архитай тэмцэх нь бүр ч утгагүй. Тиймээс архи үйлдвэрлэгчидтэй л ширүүхэн тэмцэх хэрэгтэй байна. Ядаж л архи, тамхины бизнес эрхлэгчдийг төрд илгээхгүй байх хэрэгтэй. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Энэ сонгуулиар архи тамхины бизнесчдийг, ялангуяа архи үйлдвэрлэж үндэстнээ хорлогчдыг дэмжихгүй байя л даа. Дэмж гээд байвал архины үйлдвэрээ бүрмөсөн хаасан цагтаа нэр дэвшээд ирээрэй гээд л хэлчих. Архитай, архигүй Монгол Улс болохдоо л болно. Үнэхээр архи идээний дээж гэж үзвэл спирт ус хоёрыг хольсон хорыг биш уламжлалт нэрмэл архи, айрагаа л хэрэглэе л дээ.
1945 онд найрамддын төмөр замын анхны галт тэргээр орж ирсэн зургаан поошиг спирт цагаан архи нэртэй спирт усны холимог шингэн Монголд тархаж “монополдсон”, 1973 он хүртэл Зүүнхараад л ганцхан байсан архины үйлдвэрийн тоо өнөө хэдэд хүрснийг энэ хэдэн архи үйлдвэрлэгчид л сайн мэднэ. Харин тэд архинаас болж хэдэн мянган хүн хорвоогийн мөнх бусыг үзсэнийг, хэчнээн хүүхэд өнчирснийг бол мэдэхийг ч хүсэхгүй байгаа. Өөрсийнх нь хзтэвч зузаарч байвал өрөөлийн зовлон хэнд хамаатай юм бэ гэж бодож суугаа.
Тэгээд тэд ард түмнийхээ сайн сайхны төлөө гэж ярих дуртайг яана. Бас сонгууль дөхөхөөр ард түмэндээ хайр зарладаг тэнэг ухаантайг нь яана. Наанаа ард түмэндээ хайртай гэчихээд, цаанаа тэднийг архичин, тэнэмэл, арчаагүй хэвээр байлгаад байвал үгэнд орох нь амархан гэж бодож байгаа ч юм бил үү. Ядуу, архичин хүний амыг хаах шиг амархан ажил архи үйлдвэрлэгчдэд лав байхгүй дээ. Тиймээс сонгуулиар сонгогчдоо “согтоож байгаад парламентад суучихдаг шог улстөрчдийг л дэмжихгүй байя.
С.Туул
URL: