АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Трамптай хэн өрсөлдөх вэ?
АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд Бүгд найрамдах нам үнэмлэхүй ялалт байгуулж, бизнесмэн улс төрч Доналд Трамп Цагаан ордонд эзэн суусан юм. Санал хураалтын өдрийг хүртэл олон санал асуулгыг тэргүүлж, хандивын мөнгөөр ч Трампаас илүүрхэж явсан Хиллари Клинтон цочирдом ялагдал хүлээсснийг Америкийн зарим хэвлэлүүд Трампын ялалт Хилларид гүн цохилт өгсөн хэмээн дүгнэдэг.
Харин өнгөрсөн оны конгрессын сонгуульд доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам олонхи болсноор Цагаан ордонд шахалт үзүүлж эхэлсэн. Нэнси Пелоси тэргүүтэй Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд Доналд Трамп руу чиглэсэн хамгийн хүчтэй эсэргүүцэл импичмент буюу улс төрийн хариуцлага тооцож, огцруулах асуудлыг тавьж буй.
Өнгөрсөн долоо хоногт Төлөөлөгчдийн танхимд АНУ-ын Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд мэдүүлэг өгснийг олон нийтэд телевизээр шууд дамжуулан үзүүллээ. Сонсголд дуудагдсан албан тушаалтнууд Д.Трампыг Украинд үзүүлэх 391 сая ам.долларын тусламжийг гацааж, Ерөнхийлөгч Володомир Зеленскийд шахалт үзүүлснийг үнэн хэмээцгээв.
Харин Доналд Трамп асуудлыг шулмын ан, Линчийн шүүх гэх мэтээр тодорхойлоод, шахалт үзүүлэх үйл явц өөрийг нь огцруулах түвшинд хүрэхгүй хэмээн тайлбарласан хэвээр байна. Сенатад Бүгд найрамдах нам олонхи суудалтай учраас намын гишүүд нь Трампын эсрэг санал өгдөггүй л юм бол түүнийг огцруулах боломж гарахгүй нь Ерөнхийлөгч Трампыг өөртөө итгэлтэй байхад хүргэж буй аж.
Д.Трампад хариуцлага тооцон, огцруулах асуудлыг хөндсөн нь Ерөнхийлөгчийн олон нийтийн дундах нэр хүндэд хэрхэн нөлөөлөх бол?
Америкийн зарим хэвлэлүүдийн бичсэнээр Трампыг оролдсоноороо Ардчилсан намын нэр хүнд өсөхгүй аж. Д.Трамп одоогийн байдлаар 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд болох сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай улстөрч. Үүнийг Ардчилсан намын удирдлагууд сайн мэдэж байна.
Учир нь Ардчилсан намын хүрээнд Доналд Трампын эсрэг хүчтэй өрсөлдөх магадлалтай хэд хэдэн улстөрчийг нэрлэсэн ч намын доторх өрсөлдөөн нээлттэй бас сулхан өрнөж байна. Ардчилсан намаас одоогийн байдлаар 17 горилогч ирэх оны сунгаанд хүчээ үзнэ гэдгээ мэдэгдсэн.
Тэдний дунд бусдаасаа илт тасархай улстөрч алга. 2016 оны сонгуулийн дараа Ардчилсан нам дахь Клинтоны гэр бүлийн ноёрхол төгслөө, шинэ улстөрчид гарч ирэх хаалга нээгдлээ гэж бичиж байсан бол энэ зураг гурван жилийн дараа ч өөрчлөгдсөнгүй.
Саяхан Ардчилсан намын идэвхтэн дэмжигчдийн дунд хийгдсэн санал асуулгаар тун сонирхолтой дүн гарчээ. Нийт судалгаанд оролцсон иргэдийн 22 хувь нь Ардчилсан намын нэр дэвшигчдэд сэтгэл дундуур, өөр шинэ хүнийг хүлээж байгаа гэдгээ хэлж. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн энэ хэвээрээ сулхан өрнөвөл ирэх оны намар Доналд Трампад нам тавиулна гэх маягтай хариулжээ.
Ардчилсан намын нэр дэвшигчдийн оролцох анхны сунгаа ирэх оны хоёрдугаар сарын 3-нд Айова мужид болно. Саяхан Айова мужийн сонгогчдын дунд судалгаа явуулахад Индиана мужийн Саут Бенд хотын дарга Пит Буттижиж 22 хувийн саналаар хошуучилжээ.
Түүний ард Дэд Ерөнхийлөгч асан Жой Байден (19 хувь), Сенатор Элизабет Уоррен (18 хувь), Сенатор Берни Сандерс 13 хувийн саналаар удаалжээ. Зарим тоймчид Ардчилсан намын нэр дэвшигчдийг гурван зэрэглэлд хуваачихаж. Цувааны эхэнд Жой Байден, Элизабет Уоррен, Берни Сандерс нарын ахмад улстөрчдийг нэрлэв. Удаах эгнээнд Пит Буттижиж, Камала Харрис нарыг, цувааны төгсөлд бусдыг нь бичсэн. Гэхдээ Айовагийн санал асуулгаас үзэхэд Буттижиж тэргүүн эгнээнд бичигдэх ч боломжтой гэмээр.
76 настай Жой Байден санал асуулгуудыг 30 орчим хувийн саналаар өнгөлж байсан хэдий ч Украинтай холбоотой асуудалд нэр холбогдсоноор санаачилгаа алдчихлаа. Түүний төрсөн хүү Хантер Байден Украины байгалийн хийн компанийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Байден Украины Ерөнхийлөгч асан Петро Порошенкод шахалт үзүүлж, Бурисма Холдингс компанитай холбоотой авлигын хэргийн мөрдлөгийг зогсоосон гэж Трамп мэтгэж буй.
CNN телевиз АНУ-ын иргэдийн орон сууц, зээлийн карт, сургалтын төлбөр болон бусад зээлийн хэмжээ 14 их наяд ам.долларт хүрчихжээ. Үүнээс орон сууцны зээл 9.44 их наяд, сургалтын зээл 1.5 их наяд ам.доллар болжээ. Сандерс, Уоррен нарын санааг дэмжих иргэдийн тоо нэмэгдсэн гэж ойлгож болох уу. Гэхдээ Америкчууд 2016 онд бизнесийг дэмжинэ, ажилгүйдлийг бууруулна, Америкийн эрх ашгийг эн тэргүүнд тавина, амиа бодно гэж амласан Доналд Трампыг сонгосон.
Том бизнесийн эсрэг дайн зарласан улстөрчид ямар дэмжлэг авах бол хэмээн мэдээлсэн бол тэрбумтан Майкл Блүүмберг Ардчилсан намын өрсөлдөөнд нэгдэж магадгүй тухай мэдээлэл цацагдсан. Хэрвээ Блүүмберг нэгдвэл Сандерс-Уоррены үзэл санааг хүчтэй няцаах улстөрч орж ирнэ. Учир нь, 52 тэрбум долларын хөрөнгөтэй Блүүмберг Ардчилсан нам дахь зүүний үзэлтнүүдийн дэвшүүлсэн санааг бизнест харш гэж тодорхойлсон.
Ази гаралтай, технологийн салбарын Эндрью Ян, Калифорния мужийн Камала Харрис, Талси Габбард нар олон нийтэд багагүй танигдсан боловч үндэсний эмжээнд өрсөлдөх түвшинд хүрээгүй биз ээ. Айовагаас өмнө олон улстөрч сунгаанаас нэрээ татах нь тодорхой. Харин энэ долоо хоногт хуучны танил улстөрчийн нэр яригдаж эхэллээ. Хэн гээч, Хиллари Клинтон. 72 настай Хиллари Их Британийн ВВС радиод өгсөн ярилцлагынхаа үеэр хүмүүс намайг сонгуульд өрсөлдөхийг ятгаж буй тухай ам алдав.
Би дахин өрсөлдөхгүй гэж хэлээгүй гэж ярина лээ. Яг өнөөгийн дүр зургийг харвал 2020 оны сонгууль 70 настнуудын өрсөлдөөн болох нь ээ. 74 настай Трампын эсрэг 70 настнууд зогсоно.
Эх сурвалж: eagle.mn
URL: