Өсвөр үеийнхний 80 хувь нь хөдөлгөөний дутагдалтай
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өсвөр үеийнхний 80 хувь нь хөдөлгөөний дутагдал орсон тул эрүүл мэндэд нь сөрөг үр дагавартай болохыг анхааруулжээ.
Ингэхдээ өсвөр үеийнхний хэр их спортоор хичээллэж, гэрийн ажил хийж, тоглоом тоглож, явган явж, дугуй унаж, биеийн тамираар хичээллэж буйг судалсан байна. Судалгаанд 11-ээс 17 насны нийт 1.6 сая сурагчдыг хамруулсан бөгөөд сурагчдын 80 гаруй хувь нь өдөр тутам нэгээс доошгүй цаг идэвхтэй хөдлөх зөвлөгөөг дагадаггүй болох нь тогтоогджээ. Судалгааг 146 оронд явуулснаас 142 орны охид амьдралын идэвхгүй хэв маягийг “сонгожээ”. Бангладеш улсын өсвөр үеийнхний 34 хувь нь ДЭМБ-ын өдөр нэгээс доошгүй цаг биеийн ачаалал, идэвхтэй хөдөлгөөнтэй байх зөвлөмжийг дагаж, дэлхийд хамгийн идэвхтэй өсвөр үеийнхнээр тодорсон байна. Энэ үзүүлэлтээр Өмнөд Солонгос улс сүүл мушгижээ. Тус улсад амьдарч буй өсвөр настнуудын зургаан хувь нь хөдөлгөөний идэвхтэй гэнэ.
Амьдралын идэвхтэй хэв маяг зүрх судас, тулгуур эрхтний хөдөлгөөн, бодисын солилцоо, биеийн жингээ барихад тустай тул ДЭМБ өсвөр үеийнхний биеийн ачаалал, идэвхтэй хөдөлгөөний дэмжсэн хөтөлбөрийг нэвтрүүлэхийг эрх баригчдад уриалжээ.
URL: