ЖДҮ-ийн хэргээс мултарсан эрхмүүд
ЖДҮХС-ийн дуулиан дэлгэгдсэнээс хойш жил өнгөрчээ. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эрх бүхий албан тушаалтан зэрэг нийт долоон хүнд холбогдох хэргийн шүүхийн хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.
Б.Батзориг нарыг эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийн гэр бүлийнхний аж ахуй нэгжүүдэд дээрх сангаас маш бага хувийн хүүтэй зээл олгосон гэж буруутгаж байгаа. Шүүх хуралдааны явцад тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хэргийг прокурорт буцаав.
Угтаа бол ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг бус бусад дуулианд холбогдсон эрхмүүдийн хэрэг нам дарагдаад өнгөрөв бололтой. ЖДҮ-чдийн хэргийг эргэн сануулбал, Нийслэлийн прокурорын газраас 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон Авлигатай тэмцэх газарт ирүүлснээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн.
ЖДҮХС-гаас 2018 онд зээл авахаар хүсэлт гаргасан 1544 иргэн, аж ахуй нэгж байдаг. Тэдгээрээс ХХААХҮ-ийн сайд 2018 оны хоёр удаагийн тушаалаараа 216 иргэн, аж ахуй нэгж, хуулийн этгээдийн төсөлд зээл олгосон. Мөрдөн шалгах ажиллагаа нь зээлийн хүсэлт гаргаад авч чадаагүй иргэн, аж ахуй нэгжийн төсөл, бичиг баримт болон зээл авсан 216 төслийн үйл ажиллагааг хамарч явагдсан ажээ. Дуулианд холбогдсон нэр бүхий хүмүүс өдгөө сандал суудлаасаа огцрох нь байтугай ажлаа хийсээр л яваа.
ЖДҮ-ИЙН ДУУЛИАНД НЭР ХОЛБОГДСОН ЭРХМҮҮД ХЭН БАЙВ?
ЖДҮ-д нэр холбогдсон төрийн өндөр албан тушаалтныг хэргийг Нийслэлийн прокурорын газраас хаажээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газар дараах тайлбарыг өгсөн байдаг юм. Тухайлбал, дараах төслүүдэд албан тушаалтан хууль бусаар нөлөөлсөн, давуу байдал олгосон гэж шууд үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй гэсэн юм. Өөрөөр хэлбэл дараах албан тушаалтны хэргүүд хаагдсан буюу “цагаадсан” гэж ойлгож болно.
Үүнд:
УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК
УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК
УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК
УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК
УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК
УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК зэрэг иргэн, хуулийн этгээдэд холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргасан билээ.
Үүнээс гадна, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлжээ. Түүнийг тус сангаас 400 үнээний ферм байгуулахаар зээл авсан хэмээн мэдээлж байсан юм. Зээлүүдийн олголтыг АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгаж, 116 ААН-д хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгохоор Нийслэлийн прокурорын газарт саналаа хүргүүлсний дотор УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэрэг байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна.
URL: