Б.Дөлгөөн: Ирэх оны төсөвт хамгийн эрсдэлтэй нь нийгмийн даатгалын шимтгэлийн орлого
Засгийн газар ирэх оны эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж, төсвийн орлогыг өндрөөр баталсан. Хэрэв орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол олон эрсдэл дагуулна. Ер нь ирэх оны төсвийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Ирэх оны төсвийг гурван үндэслэлээр сонгуулийн төсөв болсон гэж харж байгаа. Нэгдүгээрт, төсвийн алдагдлыг 5.1 хувь буюу байж болох хамгийн өндөр хувилбараар тооцсон. Хоёрдугаарт, зарлагууд нь бизнесийн өгөөж өндөр бус, эргэж үр ашгаа өгөхгүй урсгал шинжтэй хөрөнгө оруулалт хийсэн. Гуравдугаарт, нэг хүнд ногдож байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ өөр өөр. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн нэг оршин суугчид өгч байгаа мөнгө бага бол Хэнтий аймагт хуваарилсан хөрөнгө оруулалтыг нэг хүнээр тооцвол маш их байгаа. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг хоёр их наяд төгрөгөөр өсгөж тооцсон. Энэ нь хэр бодит вэ гэдэг эргэлзээтэй. Хэрвээ орлого бүрдэхгүй бол улсын төсвийг дахин хэлэлцэн, тодотгол оруулж орлого, зарлагаа багасгана. Тодотгол оруулахгүй, алдагдалтай төсвөөрөө явна гэвэл бүрдэхгүй байгаа орлогын дутууг нь ямар нэг зээлээр шийднэ. Тэгэхээр манай улсын гадаад өр нэмэгдэнэ гэсэн үг. Одоо байгаа төсвийн алдагдлыг гадаад өрөө нэмэгдүүлэх замаар шийдэж байгаа. Гадаад өр буурч байгаа гэж ярьж байгаа боловч абсалют дүн буюу яг хэд байгаа вэ гэдэг тоогоор нь авч үзвэл буурах биш өсөж байгаа.
Дээрээс нь татварын орлогыг маш өндөр хувиар өсгөсөн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг өнгөрсөн онтой харьцуулахад 49, нийгмийн даатгалын орлогыг 42 хувиар нэмэгдүүлсэн. Инфляци болон ДНБ-ий өсөлтийг тооцож үзэхээр дээрх хэмжээнд хүрнэ гэдэг эргэлзээтэй. Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувьд шинэчлэн батлагдсан Татварын ерөнхий хуулийг ирэх нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх учир нийт татвар төлөгчийн 96.6 хувь нь нэг хувиар албан татвар төлөх тул татварын орлогын хэмжээ багасна. 25 хувийн орлогын албан татвар төлөх ААН-ийн босгыг 3-6 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. Ингэснээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ буурна. Тэгэхээр 49 хувьд хүрнэ гэдэг хүндрэлтэй.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн нь татвар төлөгчдийн хамрагдалтыг бууруулах магадлал өндөр. Энэ нь төсвийн орлогод ямар нөлөө үзүүлэх вэ?
-Ирэх оны төсөвт хамгийн эрсдэлтэй нь нийгмийн даатгалын шимтгэлийн орлого гэж үзэж байгаа. Шимтгэлийн хэмжээ нэмэгдэхэд хамрагдалтын хэмжээ буурах, даатгуулагч цалин хөлсийг дахин тохиролцох, улмаар төлөх дүн багасах зэрэг эрсдэлтэй. Ирэх оны улсын төсөвт нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг 705 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 2.4 их наяд төгрөгөөр тооцсон нь хэт өөдрөг тооцоолол. Шимтгэлийг нэмэгдүүлсэнээр өндөр хэмжээний орлого төсөвт төвлөрнө гэж шууд хамаарлаа тооцож байна. Гэтэл тодорхойгүй хүчин зүйл маш их байгаа. Нийгмийн даатгалын сан 2016, 2017 онд алдагдалтай байсан. Тэр алдагдлыг улсын төсвөөс нөхсөн. Үүнийг шийдэх, НДС-гийн алдагдлыг багасгах гэсэн зорилго нь зөв ч аргачлал нь буруу. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам хэд хэдэн зүйл тооцоолоогүй. Нэгдүгээрт, байгууллагууд цалингаа багасгаад, хоёр хувийн нэмэгдлээс зугатаахад НДС-д тооцсон орлого бүрдэхгүй. ОУВС-тай ярилцсаны дүнд энэ шийдэлд хүрсэн ч гэлээ хамгийн зөв шийдэл биш. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй хэсгээ яаж төлдөг болгох вэ гэдэгт анхаарсан бол орлогын бүрдүүлэлтэд хүрэх боломжтой байсан.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн системийг иргэдэд үр ашигтайгаар боловсруулах ямар хувилбар байж болох вэ?
-Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж байгаатай шууд холбоотой. Өмнө хэлсэнчлэн сонгуулийн төсөв буюу улсын төсвийг улстөржилтөөс салгахгүй байна. Зарлагаа нэмэгдүүлж, орлогоо нөхөхгүй бол болохгүй. Тэгэхээр тэтгэврийг тэдэн хувиар нэмнэ гэх зэрэг сонгуулийн амлалтууд яваад байна гэсэн үг. Улстөрчид амлалт өгөөд түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд иргэдээ мөлжиж байна. Энэ бол хамгийн зөв хувилбар биш. Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүст илүү их дарамт учруулж, мөлжихийн оронд татвар төлдөггүй хүмүүсээ төлдөг хүмүүсийн эгнээнд нэгтгэх хэрэгтэй. Нэг үгээр татварын бааз буюу сууриа тэлэх ёстой. Үүнд анхаарсан бол зарлага бага байх байсан.
-Нийгмийн даатгалын шимтгэл тэтгэвэр, зээл авах зэргээр иргэдэд ашигтай гэдэг. Яг үнэн, бодит ашиг нь юунд байна вэ?
-Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүмүүст ашигтай. Гэтэл одоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүс 20 жилийн дараа тэтгэвэрт гарлаа гэхэд өнөөх төлсөн мөнгө нь байх уу, үгүй юү гэдэг эргэлзээтэй. Татвар төлдөг хүмүүсийн хувьд нэг үгээр бичилт л хийгдэж байна гэсэн үг. Иргэд НДС-д төлж байгаа мөнгөө банкинд хуримтлуулбал арай өөр. 20 жилийн дараа тэтгэвэрт гарахад нь банкинд байж л байна. Нийгмийн даатгалын санг энэ мэт хуримтлалын системрүү шилжүүлье гэвэл бүтнээр нь өөрчлөх, реформ хийх шаардлагатай. Гэвч төсвийн алдагдал нь 5.1 хувьтай байгаа манай улс шинэчлэл хийж чадахгүй.
-Дубайн гэрээ тойрсон улстөржилтөөс хамаарч нүүрснээс олох орлого улам эргэлзээтэй болж байна. Нүүрснээс олох орлогын бүрдүүлэлтэд хүрч чадахгүй бол эргээд ямар эрсдэл дагуулах вэ?
-Уул, уурхайгаас гурван их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон. Тодруулбал, АМНАТ-аас 1.3, уул уурхайн ААН-ийн орлогын албан татвараас нэг их наяд зэрэг нийт 3.2 их наяд төгрөг олохоор төсөөлж байна. Уул уурхайгаас олох орлогоо тооцоолохын тулд нүүрс, зэсийн үнэ болон хэмжээг харах ёстой. Зэсийн үнэ, экспортын хэмжээнд эрсдэл байхгүй. Нүүрсний үнийг 75-120 ам.доллар гэж тооцсон нь зохистой байж болох ч экспортлох хэмжээг ихээр тооцсон нь эрсдэлтэй. Өнгөрсөн онд 42 сая тонн нүүрс экспортолно гэж таамагласан ч Засгийн газар энэ хэмжээнд хүрч чадахгүй гэдгээ баталсан. Үүнийгээ ч Сангийн сайд өөрөө хүлээн зөвшөөрчихсөн. Энэ жил дахиад 42 сая тонн нүүрс экспортолно гэж баталсан. 42 байтугай 40 сая тоннд ч хүрэхэд хүндрэлтэй. Үүнийгээ Сангийн яам гаалиар орж, гарах нэвтрэлтийн дамжлага, техник технологийг сайжруулж байгаа гэж тайлбарласан. Энэ үнэн. Гэхдээ дан ганц хил, гаалийн шинэчлэл хангалтгүй. Уул уурхайн компаниудын олборлох хүчин чадлын хэмжээ үнэхээр 42 сая тонн нүүрс экспортлох хэмжээнд хүрч чадах уу. Дээрээс нь Хятадын худалдан авах процесст манай улсын зарим доод түвшний аймаг, нэгжийн оролцоо нэмэгдэж байгаа. Тэдгээр аймаг, нэгжийн оролцоо нүүрсний эрэлтэд яаж нөлөөлөх вэ гэдэг эргэлзээтэй. Энэ мэт хүчин зүйлээс хамаарч 42 сая тонн гэдэг бодитой тоо биш. 2019 оны эхний есөн сарын байдлаар Хятад Улсын нүүрсний импортын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 9.5 хувиар нэмэгдсэн. Мөн Шанси болон ӨМӨЗО-д тус бүр таван сая тонн олборлох хүчин чадал бүхий нүүрсний уурхайн төсөл эхэлсэн учир дулааны нүүрсний импортын эрэлт буурах магадлалтай.
-Олон улсын байгууллагууд эдийн засгийн өсөлтийн таамаглалаа бууруулж байна. Манай улсын хувьд эдийн засгаа макро түвшингээр нь авч үзвэл ямар эрсдэл тулгарахаар байна вэ?
-Дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд саарч байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага Америк, Хятад, Австрали, Өмнөд Солонгос зэрэг улсын эдийн засгийн өсөлтийг бууруулж таамагласан. Гадаад зах зээлийн орчинд тодорхойгүй байдал давамгайлж байгаа учир олон улсын байгууллагууд манай улсын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулж байна. Азийн хөгжлийн банк 2019 онд 6.7 гэж таамагласан бол ирэх онд 6.1 хувь гэж үзсэн. ОУВС 2019 онд 6.5 гэсэн бол ирэх онд 5.4 байхаар таамагласан. Харин Сангийн яамны тооцооллоор өсөлт ирэх онд зургаан хувь байна. Гэтэл ОУВС өсөлт 5.4 гэж таамагласан байдаг, хэрэв зургаан хувьд хүрэхгүй бол 5.1 хувь гэж тооцсон төсвийн алдагдал нэмэгдэж, Засгийн газрын өрийн хэмжээ өсөж, ирэх оны төсвийн тодотгол хийх шаардлага үүсэх эрсдэл бий.
-Ирэх оны төсвийн зарлагын хувьд ямар алдаа, дутагдал байна вэ?
-Харвардын их сургуулийн эдийн засагч Дани Родрик, Рикардо Хаусмэн, Андрес Веласко нарын “Binding constraint” буюу эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлүүд юу вэ гэдгийг шинжилдэг аргачлал бий. Энэ аргачлалын дагуу шинжилж үзэхээр манай улсын бизнес болон эдийн засгийг боомилж байгаа хэд хэдэн хүчин зүйл байна. Нэгдүгээрт, цахилгаан, дулааны хангамж хангалтгүй байгаагийн улмаас үр бүтээмжтэй үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт орж ирэхийг хязгаарлаж байгаа. Жишээлбэл, улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 80 хувь нь уул уурхай, 13 хувь нь дотоодын зах зээлд борлуулалт хийх сонирхолтой хөрөнгө оруулагчид, үлдсэн хувьд нь стратегийн хөрөнгө хайсан хөрөнгө оруулагчид орж ирж байна гэж үзье. Гэтэл улсын үр бүтээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулагч манайд алга. Хятад улсын хувьд хөрөнгө оруулалтын дийлэнх нь нэг хүний буюу нэг ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байдаг. Тэгж байж улс орны хөгжил болоод эдийн засгийн өсөлт өндөр хувьтай байна. 2015 онд Хятадаас экспортын чиглэлээр 100 сая долларын хөрөнгө оруулалттай, хамтын ажиллагааны санамж бичигтэй хуурай сүүний үйлдвэр Монголд оруулж ирсэн. Яаж ажиллах талаар судалгаа хийж, хамгийн эхэнд Дархан-Уул аймагт очиход цахилгаан, дулаан хангамжийн хүчин чадал хангалтгүй байсан. Иймд Улаанбаатар хотод ирэхэд дулаан, цахилгаанаар хангаж чадах юм байна гэж үзээд үйлдвэрлэл эрхлэх болоход шаардагдах 100 га газар байхгүй байсан. Монголд юу л байна газар байна. Хамгийн гол нь Улаанбаатараас бусад газар дулаан, цахилгааны хангамж хангалтгүй болоод ирэхээр Хятадын хөрөнгө оруулагчид өөрсдөө дулааны шугам татах болно. Тэр нь хамтын ажиллагааны үр өгөөжийг бууруулах учир манай улсад хөрөнгө оруулалт хийхээ больсон. Энэ бол дэд бүтцээс хамаарч манай улсад бүтээмж сайжруулах хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагийн нэг жишээ. Дэд бүтэц, дулаан, цахилгаанаас гадна тээврийн асуудал хөрөнгө оруулалт орж ирэхийг хязгаарладаг. Дундад Азийн улсуудтай харьцуулахад далайн боомт хүртэл нэг тонн ачааны үнэ, бусад газраас хамгийн багадаа 50 хувиар илүү үнэтэй. Ийм үнэтэй үед бид яаж экспортын баримжаатай үйлдвэрлэл эрхлэх билээ. Манайд орж ирж байгаа хөрөнгө оруулалтын дийлэнх нь уул, уурхай руу чиглэж байгаа. Экспортын баримжаатай үйлдвэрлэл эрхэлж чадахгүй байгаа нь төмөр зам, дулаан, цахилгааны асуудалтай шууд холбоотой. Үүнээс болоод энэ чиглэлийн гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Дотоодын хөрөнгө оруулалт ч хийгдэхгүй байгаа. Яагаад үүнийг ярьж байна вэ гэхээр ирэх оны улсын төсөвт тусгасан зарлага үр ашгаа эргэж өгөхгүй салбарт хуваарилагдсан. Сургууль, цэцэрлэг, музей, соёлын төв 10 хувьтай байгаа ажилгүйдлийг алга болгохгүй. Их, дээд сургуулийн оюутан, залуус төгсөөд хаана ажиллах юм. Үйлдвэрлэл хөгжиж байж ажлын байр нэмэгдэнэ. Сүүлийн үед ажлын байр нэмэгдэж байна гэх болсон. Үнэн. Гэхдээ мөнгө нь улсын төсвөөс гарч байгаа. Тэр мөнгийг хувийн хэвшлээс гаргах боломж, бололцоог төсвөөс бүрдүүлж өгч байж үр ашигтай ажлын байр нэмэгдэнэ. Харин төсвөөс шууд ажлын байр нэмж болохгүй. Тэгэхээр төсвийн зарлага үр ашгаа эргэж өгөхгүй салбар луу чиглээд байгаа учир өмнө хэлсэнчлэн сонгуулийн төсөв болсон гэж дүгнэхээр байна. Эдийн засаг, бизнесийн орчин, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх салбарт хөрөнгө оруулалт хийх юм бол гадаад өр, зээлжих зэрэглэл зэрэг бидэнтэй нүүр тулаад байгаа асуудлуудыг шийдэх шийдлийг хийж байгаа зарцуулалт болно. Түүнээс биш соёлын төв бариад яах билээ.
ОУВС өсөлт 5.4 гэж таамагласан байдаг, хэрэв зургаан хувьд хүрэхгүй бол 5.1 хувь гэж тооцсон төсвийн алдагдал нэмэгдэж, Засгийн газрын өрийн хэмжээ өсөж, ирэх оны төсвийн тодотгол хийх шаардлага үүсэх эрсдэл бий.
-Орлогын тооцоололд хүрч чадахгүй бол гадаад өр нэмэгдэнэ. Ер нь ирэх жил манай улс гадаад өрөө хэрхэн төлөх бол?
-Гадаад өрийн хүүг төсвөөс хийх байх. Ирэх дөрвөн жилийн хугацаанд гурван тэрбум ам.доллар буюу тэнцвэржүүлсэн орлогын 70 гаруй хувийг дахин санхүүжилтын замаар төлнө. Эхний ээлжинд түрүүлж төлөх ёстой өрөө хуримтлал үүсгэж байгаад төлбөл дараагийн шатанд төлөх өрийн хүү нь багасна. Улсын төсвийг харахад гадаад өрөө төлөхөд бэлдсэн зүйл огт алга. Төсвийн алдагдал 5.1 хувьтай байсан ч гэсэн хуримтлал үүсгэвэл 2021 онд жаахан ч болов санаа амрах болов уу. Энэ талаар ганцхан Монголбанк л ярьж байна. Бусад нь огт дуугарахгүй байгаа. Гадаад өр 2016 онтой харьцуулахад тав орчим тэрбум ам.доллароор нэмэгдсэн. Уг нь сонгуулийн улстөржилт хийхгүйгээр хуримтлал үүсгэж 2021 онд тэдэн хувийн өрөө төлж, дараагийн өрөө дахин санхүүжилт хийнэ гэсэн бол арай өөр. Өрийг өрөөр дарна гэдэг олон улсын санхүүгийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн арга. Гэвч өрийг өрөөр дарахдаа дахин санхүүжилтийн хүүг одоо байгаа зээлийн хүүгээс өндрөөр авах юм бол улам л өрөнд баригдана. Тэгэхээр эхний шатны төлбөрийн тодорхой хувийг ямар нэг байдлаар өөрсдөө төлж чадах юм бол дараа, дараагийн дахин санхүүжилтийн зээлийн хүү бага гарна. Үүний төлөө хуруугаа хөдөлгөж, ярьж байгаа нэг ч хүн алга. Зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхийн тулд ядаж экспортын орлогоо тодорхой хэмжээгээр төрөлжүүлэх хэрэгтэй. Одоо бол экспортын орлогын 90 хувийг уул уурхай дангаараа бүрдүүлж байна. Уул уурхайн үнэ буурах юм бол манай зээлжих зэрэглэл дагаад буурна.
-Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж орлогыг 1.3 сая гэж танилцуулсан. Гэвч бодит байдалд иргэдийн амьжиргаа дээшлэхгүй байна гэсэн асуудал яригдаж байна. Иргэд ч дээрх тоон мэдээлэлд шүүмжлэлтэй хандаж буй?
-Тооцоололд анхаарах ёстой. 10 мянган иргэний цалинд үндэслэн тооцоо гаргалаа гэж үзье. Эхний 200 мянган иргэн 320 мянга, дунд хэсэг нь 700-800 үлдсэн хэсэг нь нэг сая болон түүнээс дээш төгрөгийн цалин авдаг. Эдгээр хүмүүсийн дундаж цалинг тооцоход өндөр орлоготой хүмүүсийн цалингийн хэмжээнээс хамаарч дундаж орлогын хэмжээ өснө. Тэгэхээр Үндэсний статистикийн хороо эхний 200 мянган хүн хэдэн төгрөгийн цалин авч байна, түүний дундаж нь хэд байна, тэр нь өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдсэн үү, буурсан уу гэдэг тооцоолол гаргах ёстой. Эдийн засаг өссөн ч иргэдийн амьдрал сайжрахгүй байна гэдэг. Яг аль салбарын эдийн засаг өсөж байна вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Тухайлбал, уул, уурхайн салбар эдийн засгийн 30 орчим хувийг бүрдүүлж байна гэж үзвэл энэ салбарт нийт ажилчдын дөрвөн хувь ажилладаг гэж үзвэл, тэр дөрвөн хувь ашиг хүртэж байна гэсэн үг. Харин хамгийн их хүн ажилладаг хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлтөөс хүртэх хүртээмжийг нэмэгдүүлье гэвэл энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн бүтээмжийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал тулгарна.
-АМНАТ тойрсон асуудлыг ярихгүй өнгөрч болохгүй. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-АМНАТ бол санаа зовох асуудал биш. Яагаад гэвэл буруу юм хийсэн гэдгээ бүх түвшинд мэдэж байгаа. Маш богино хугацаанд эргэж засвар орно. Өдөрт гурван сая ам.доллар алдаж байгаа гэсэн зүйл байхгүй. Сангийн яамны сайд сенсаацлаж байгааг би хувьдаа сонгууль ойртсон учир, ийм байсан асуудлыг ийм болгочихлоо гээд “Өө би шийдчихсэн. Хар даа” гэж хэлэх гэсэн санаа гэж бодож байгаа. Хэрвээ АМНАТ-ийн тухай хуульд засвар орохгүй бол улс дампуурах нь ойлгомжтой.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
URL: