Дэлхийг бүрхсэн “өвчин”: Зургаан орон үймж байна

1_bЕртөнцийн гурван хэсэгт, зургаан оронд өдгөө эсэргүүцэл, эмх замбараагүй байдал ид үргэлжилж байна. Өмнө нь энэ үйл явдлыг “хавар” гэсэн гоёмсог үгсээр тодорхойлдог байв. 2010-аад оны эхээр Арабын хавар эхлэж байв. Тухайн үед Ойрхи Дорнод болон Африкийн хойд хэсэгт хувьсгал гарч, үүнийг “Арабын хавар” гэж нэрлэж байсан. Гэхдээ эдгээр үйл явдлууд ямар ч сайн зүйл авчраагүй.

Хаа сайгүй дүр зураг нь адилхан. Олон жил тогтвортой байсан гэгдэх улс орнуудад гэнэт л олон сая хүнийг хамарсан жагсаал цуглаан болж, хилэгнэсэн олон “дарангуйлагч”-ийн орон байр руу дайрдаг. Одоо ч ийм байдал хаа сайгүй гарсаар л байна. Сүүлийн үед өрнөж байгаа эсэргүүцлийг тоймловол…

БОЛИВИ

Эхэлсэн огноо: 2019 оны 10 дугаар сарын 21 

Шалтгаан: Эво Моралес дөрөв дэх удаагаа дахин сонгогдох гэж оролдсоны улмаас сонгуулийн дүн хуурамч гарсан.

Хохирогч: 23 хүн нас барсан 

Энэ сарын 12-ны өдөр Боливийн Ерөнхийлөгч асан Моралес Мексик рүү дүрвэн, улмаар эмэгтэй сенатч Жанин Аньес эрх мэдлийг гартаа авсан юм. Гэсэн ч жагсаал үргэлжилсээр, одоо харин Моралесыг дэмждэг боливичууд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа  Жаниныг эсэргүүцэж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр Боливийн зарим бүс нутгуудад сонгогчдын 40 орчим хувь нь дүрвэсэн Моралесыг дэмжиж байгаагаа илэрхийлэн ийнхүү тэмцэж байгаа гэнэ.

Учир нь эрх мэдлийн сэнтийд залраад долоо ч хоноогүй байсан Жанин олны дургүйцлийг төрүүлсэн хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тэдгээрийн дундаас зэвсэгт хүчний зардлыг таван сая ам.доллараар нэмэхээр болсон нь эмх замбараагүй байдлыг нухчин дарах гэсэн оролдлого гэж иргэд үзэж байгаа аж. Мөн Мөн жагсагчдыг хүчнийхэн хөнөөвөл “санаандгүй” үйлдэл гэж үзэн эрүүгийн хариуцлагад татахгүй байх шийдвэр гаргажээ.

Моралесыг хөөн явуулсан боливичууд шинэ эрх баригчидтайгаа ч учраа олж чадсангүй. Өнөө хэр нь эмх замбараагүй байдал үргэлжилж, цагдаагийнхантай мөргөлдсний улмаас олон хүн амиа алдсан бол Жанин Аньесийг огцроход 48 цагийн хугацааг жагсагчид өгчээ. Тэр явахгүй бол тэд хотын бүх замыг хаах гэнэ.

Эмх замбараагүй байдлын улмаас Боливийн нийслэл газрын тос, хийгүй болжээ

ФРАНЦ: “ШАР ХАНТААЗТНУУД” ЭРГЭН ИРСЭН НЬ

Эхлэсэн: 2018 оны намар 

Шалтгаан: түлшний үнийн нэмэгдэл

Хохирогч: гурван хүн амиа алдаж, олон зуун хүн шархадсны дээр 400 жагсагч хорих ял авсан.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон цагдаагийн хүчээр энэ эсэргүүцлийг давчихна гэж хүмүүс бодож байлаа. Түлшний үнийн өсөлтийг цуцалсан, мөн жилийн хугацаанд жагсагчид амсхийсэн ч шар хантаазтнуудын ойгоор, 11 дүгээр сарын 16-ны өдөр 30 мянган жагсагч дахин гарч ирэв. Мөн л эсэргүүцлийн билэг тэмдэг болсон шар хантаазаа өмсчээ.

.
ХОНКОНГ: ОЮУТНУУДЫН БҮСЛЭЛТ

Эхлэсэн: 2019 оны зун

Шалтгаан: Эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төсөл 

Хохирогч: нэг хүн амиа алдаж, хоёр талаас олон зуун хүн шархадсаны дээр 5000 гаруй хүн баривчлагджээ.

Хонконгийн эрх баригчид хэрэг мандаасан хуулийн төслөөс хэдийнэ татгалзсан ч жагсагчдыг энэ нь зогсоосонгүй. Тэдэнд олны өмнө гарч зогсох лидер гэж бараг л үгүй гэхэд болно, олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулалтад орж, нисэх буудал, метро, авто зам, хонгилыг хаасан хэвээр бана. Өнгөрсөн долоо хоногт оюутнууд их сургуулийн хотхоныг эзлэн авч, тэндээ гар хийцийн бөмбөг хийхээр ажиллаж байгаагийн дээр өөрсдөө хэдийнэ нум сум хийж цагдаагийнхан руу харваж, шатамхай шингэнтэй лонх, тоосго шидэн “тулаан” өрнөсөөр л.

Хонконгийн эсэргүүцэл эдийн засгийг СҮЙРҮҮЛЛЭЭ

ЛИВАН: ҮҮРЭН ХОЛБООГ ТАЙВАН ОРХИ!

Эхлэсэн: 2019 оны 10 дугаар сарын 17

Шалтгаан: гар утасны ярианы татвар болон төлбөрийг нэмэгдүүлсэн 

Дайн дажны хөлд дарагдсан Сири улсаас асар олон дүрвэгч Ливаныг зорин ирснээр нэгэнтээ чинээлэгт тооцогддог байсан энэ улсын хүн ам дөрөвний нэгээр өсчээ. Шинэ иргэдийг тэжээх хэрэгтэй, үүнд хөрөнгө хэрэгтэй. Тиймээс л иргэдийнхээ татварыг нэмэх замаар нэмэлт хөрөнгө босгохоор шийджээ. Харин энэ шийдвэрийг ард иргэд нь эсэргүүцэн жагсаж, хариуд нь эрх баригчид тэднийг тараахаар нулимс асгаруулагч хий ашиглан, мөн жагсаалын үеэр нэг иргэн цагдаагийн гарт амиа алдсан нь хүмүүсийг илүүтэй хилэгнүүлж орхих нь тэр.

ГҮРЖ

Шалтгаан: авлига, цагдаагийнхны хүчирхийлэл 

Өнгөрсөн зунаас хойш энэ улсад удаа дараа эсэргүүцэл гарч байлаа. Зургаадугаар сард Гүржид Оросын төрийн думын гишүүн Сергей Гавилов тус улсын парламентын даргын индэр дээр гарч орос хэлээр ярьсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж  оросуудыг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдалд шилжиж байв.

Улмаар мөргөлдөөний улмаас 240 гаруй хүн гэмтэж, 305 хүн баривчлагдаж байсан юм.

Үүний дараахан, Оросоор ярилаа гэж бухимдаж байсан гүржүүд “Оросын Ерөнхийлөгчийг доромжиллоо” хэмээн дахин үймээн самуун үүсгэж байлаа.

Харин энэ удаад тэд сонгуулийн шударга системийг шаардан жагсаж байна. Мөн бусад улстай л адил “авлигад идэгдсэн” Засгийн газраа огцрохыг шаардсан байна.

ИРАН

Эхлэсэн: 2019 оны 11 дүгээр сарын 15

Шалтгаан: Түлшний үнийн өсөлт

Газрын тосонд умбадаг Иран хэдхэн хоногийн өмнө автомашин эзэмшигч бүрт хөнгөлттэй улсын үнээр бензин авах квотыг хэд дахин багасгах шийдвэр гаргажээ.

Тодруулбал,  хувийн тээврийн хэрэгсэлтэй хүн сард 60 литр бензин, таксины жолоочид 400 литр бензин авахаар журамласан байна. Ингэхдээ квотоор олгох үнээ 50 хувиар нэмж литр тутам нь 13 цент /351 төгрөг орчим/ болгосон байна. Мөн энэ үнээр авах квот дуусч, нэмэлт бензин авах бол литр тутам нь 30 мянган риал буюу 26 цент /702 төгрөг/ болжээ.

Ингээд л бүх зүйл эхлэв. Ираны 40 хотод жагсаал цуглаан болж, захиргааны байрнууд тэр бүү хэл Төв банкийг ч шатаажээ. Ираны эрх баригчид интернет тасласан бөгөөд одоо тэнд юу болж байгаа нь тодорхойгүй.

Г.Бямбасүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих