Цаасан мөнгө хэвлэж тараах шахалтыг Төв банкинд үзүүлээд эхэлсэн үү?

7230

Эдийн засагт төрийн оролцоо нэмэгдэхийн хэрээр санхүүжилт шаардлагатай олон төсөл хөтөлбөр, улс төрийн амлалтууд дарааллаа хүлээх болов. Гэвч төсвөөс энэ бүхнийг санхүүжүүлэх боломжгүй, мөн ирэх оноос их хэмжээний бондын өр төлбөр төлөх хүлээлттэй тул гаднаас зээл тусламж аваад эдгээр төсөл хөтөлбөр, амлалтууд руу цутгачих боломж хомс байна.

Энэ бүхэнтэй холбоотойгоор эрх баригчид төв банкийг шахаж, төгрөг хэвлүүлж эдийн засагт нийлүүлж магадгүй гэх хардлага хөврөх боллоо. Энэ зүгээр л нэг оргүй хардлага биш. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос төв банкинд албан бичиг хүртэл хүргүүлж байсныг онцолъё.

Шууд мөнгө хэвлэ гэж үүрэгдээгүй ч мөнгө хэвлэхээс аргагүйг сануулсан байнгын хорооны тогтоол үйлдээд явуулсан жишээ байна. Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан Экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Монголбанкинд чиглэл өгөх албан бичгийг онцолъё.

Тэр бичигт хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг тусгажээ. Тодруулбал, Таван толгой-Цагаан суварга-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг 2019 онд, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд тус тус багтаан хэрэгжүүлж дуусгах асуудлыг тусгасныг төв банкинд хаягласан тогтоолоос харчихаж болохоор байна.

Энэ мэтээр экспортыг дэмжихэд чиглэсэн бусад ажлын жагсаалт үргэлжилнэ. Хамгийн сонирхолтой нь экспортын санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд чиглэл болгожээ.

Тэр дундаа дээрх төмөр замын болон зарим төслийн бүтээн байгуулалт, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Төв банкны тухай хуульд нийцүүлэн бүрдүүлэх боломжийг судалж танилцуулахыг хүссэн байна. Энэ нь төв банкинд төгрөг хэвлэж, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг шахсан гэж хардах хангалттай үндэслэл. Учир нь Монголбанк л зөвхөн мөнгө хэвлэх эрхтэй юм.

Зөвхөн дээрх үйлдлээр зогсохгүй ипотекийн зээл, магадгүй итгэлийн зээл зэргийг төгрөг хэвлэж

санхүүжүүлэх асуудлыг эрх баригчид хөндөж тавьж мэдэх магадлал өндөр байгаа. Тэд хэвлэлтийн багахан зардал гаргаад их хэмжээний төгрөг хэвлүүлж төсөл хөтөлбөр, амлалтуудаа санхүүжүүлнэ гэж төсөөлөөд явааг сүүлийн үед өрнөсөн явдлуудаас харчихаж болохоор байна.

Энэ ч үүднээс төв банкны удирдлагыг сольж, өөрийн хүнээ тавих гэж байна гэх хардлага явах болсон. Саарал жагсаалтад оруулахгүйн тулд хамгаа дайчилсан Н.Баяртсайханыг ажлаас нь буулгах санааны цаана ийм шалтгаан бий гэж учир мэдэх улс ярьцгааж байна. Мань эрийг төгрөг хэвлэхгүй гэсэн байр сууринаасаа болж суудлаасаа гэсэн буух гэж байгаа гэсэн таамаг хүчтэй байгаа. Тэгвэл манайх шиг гадаад зах зээлээс хэт хамааралтай улсын хувьд мөнгө хэвлэж зах зээлд нийлүүлэх нь эдийн засгийг сүйрүүлэх эрсдэл дагуулж болзошгүйг бодох учиртай.

Энэ талаар эдийн засагч Г.Ганзориг “Валютын орлого ирэх онуудад буурна. Ам.доллар багасч байгаа энэ үед эдийн засагт мөнгө хэвлэж тарааснаар инфляцийг хөөрөгдөх, төгрөгийн ханшийг сулруулах болно. Ингээд инфляцийг тогтоон барихын тулд төв банк бодлогын хүүг өсгөж таарна. Үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү өснө.

Энэ мэтээр эдийн засагт хор хохирлууд нь үргэлжлэх болно” гэв. Мөн эдийн засагч Г.Бумчимэг “Итгэлийн зээл ч юм уу ямар нэг төсөл хөтөлбөрийг төгрөг хэвлэж санхүүжүүллээ гэхэд тухайн санхүүжилтийг авч байгаа бизнес эрхлэгчдэд ашигтай. Гэхдээ нийт эдийн засагт ихээхэн хохиролтой. Энэ тухай маш олон жишээ дурдаж болно. Өмнө нь бид мөнгө хэвлэж тарааснаас болж ямар их хор хохирол амссан бэлээхэн жишээ ч бий.

Тиймээс иргэд мөнгө хэвлэх тухай ярьсан улстөрчдийг дэмжихгүй байх хэрэгтэй” гэсэн юм. Төв банкны дараагийн ерөнхийлөгчийн томилгооны ард их хэмжээний төгрөг хэвлэх зорилго бий гэсэн хардлага хүчтэй байна. Эргэн сануулахад 2012 оноос хойш тухайн үеийн төв банкны удирдлага зах зээлд их хэмжээний мөнгө хэвлэж тараасан байдаг. Уг үйл явц хэрхэн явагдсан тухай энгийнээр тайлбарлавал, зах зээлд их хэмжээний төгрөг хэвлэж тарааснаар валютын ханш өсөх суурийг бүрдүүлдэг.

Өөрөөр хэлбэл, манайх импортоос хэт хамааралтай тул хүссэн хүсээгүй зах зээлд нийлүүлсэн их хэмжээний төгрөгөөр ам.доллар, юань зэргийг худалдан авч эргэлтэд оруулснаар валютын ханш өсөх нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Валютын ханш өссөнөөр төгрөгийн худалдан авах чадвар сулрана. Өмнө нь та 1000 төгрөгөөр худалдан авдаг байсан бүтээгдэхүүнээ 1500, 2000 төгрөгөөр авах шаардлагатай болох юм. Нэг үгээр хэлбэл, инфляци өссөнөөр иргэдийн цалин, тэтгэврийн багагүй хувь нь цаас болон хувирч, иргэдийн амьжиргаанд хүчтэй нөлөөлдөг.

Нөгөөтэйгүүр, төв банк инфляцийг тогтоон барихын тулд бодлогын хүүг нэмэгдүүлснээр арилжааны банкуудын зээлийн хүүгээ нэмэгдүүлж, зээл гаралтаа багасгадаг зүй тогтолтой. Ингэснээр жижиг, дундаас эхлээд бүхий л төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаага санхүүжүүлэх зээлийн эх үүсвэр дутагдалтай болж, мөн давхар худалдан авалт буурснаар дампуурах нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм ч учраас төв банкны хяналтын зөвлөлийн гишүүн, гавьяат эдийн засагч Л.Дондог “Мөнгөний бодлогод цаасан мөнгө хэвлээд тараах тухай заалт хэзээ ч орж байгаагүй гэж бодож байна.

Хамгийн сонирхолтой нь экспортын санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд чиглэл болгожээ. Тэр дундаа дээрх төмөр замын болон зарим төслийн бүтээн байгуулалт, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Төв банкны тухай хуульд нийцүүлэн бүрдүүлэх боломжийг судалж танилцуулахыг хүссэн байна. Энэ нь төв банкинд төгрөг хэвлэж, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг шахсан гэж хардах хангалттай үндэслэл. Учир нь Монголбанк л зөвхөн мөнгө хэвлэх эрхтэй юм.

Гэтэл Монголбанкны өмнөх удирдлага төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх явцдаа үлэмж их цаасан мөнгө хэвлэж тараагаад эдийн засгийг хохироосон. Миний бодлоор хяналтын зөвлөл Монголбанкны удирдлагын шийдвэр гаргалтад нөлөөлөх учиргүй боловч төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийн явцад нь байнгын хяналт тавьдаг байх ёстой” хэмээн ярьсан байдаг.

Иймд ирэх дөрвөн жилийн хугацаанд бондын 14 тэрбум ам.долларын өрийг хэрхэн барагдуулах вэ хэмээн толгой гашилгаж байхад нэмээд төгрөг хэвлэж зах зээлд нийлүүлбэл тухайн үед амлалтаа биелүүлсэн мэт харагдах боловч хэдхэн жилийн дотор эдийн засаг бүхэлдээ доройтох эрсдэлтэй юм.

Эх сурвалж: Ц.БААСАНСҮРЭН, ӨДРИЙН СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих