Ц.Элбэгдорж хэд хэдэн хэрэгт байцаагдах нь тодорхой болов
Ц.Элбэгдоржийг Нийслэлийн прокурор, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид дуудан мэдүүлэг авах болсон тухай цахим ертөнцөөр гадаад, дотоодгүй ид шуугиж байна. Өдөр тутмын хэвлэлүүд ч янз бүрийн хардлага, таамаг дэвшүүлэх болов. Харин мань хүн ер тоосон шинжгүй цахим хуудсаараа дамжуулан ”Олон улсын байгууллагуудад хүлээсэн үүргийнхээ дагуу хурал цуглаан, зөвлөлгөөнд оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллагаас надаас асууж тодруулах зүйл гарсан юм шиг байна. Зарим нь намайг оргож зугатсан юм шиг сэтгэгдэл төрүүлэх гэж оролдож байна. Би зугатаад хаачих вэ, төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. …Зарим хүн кино зохиолоо амилуулах гээд байгаа шиг надад Монгол Улсын хуулийн эсрэг, Монгол төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй. Ойрын хоногуудад хөтөлбөрт тусгачихсан үйл ажиллагаандаа оролцоод Монголдоо заавал очно” хэмээн мэдэгдэв. Энэ нь түүнд дургүйчүүдийг улам дэвэргэж орхив бололтой. Дургүйчүүд ч гэж дээ, угаасаа найман жил ерөнхийлөгч хийхдээ баахан будлианд нэр холбогдоогүй бол тийм “бор шувуу”-д хаанаас Ц.Элбэгдоржийг адлан шаагилдах билээ.
Эрдэнэтийн 49 хувийн хэрэг, мөн Эрдэнэтийн катодын зэс боловсруулах үйлдвэрийн эзэд гэгдэж буй дотнын анд нөхөр, цагтаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг албыг дэргэд нь хашаж явсан П.Цагаан болон түүний гэр бүлийнхний асуудлууд гээд түүнд хамааруулан сэжиглэх зүйл зөндөө бий. Эрдэнэтийн 49 хувийнхны хэргийн талаар энд нурших нь бараг илүүц болов уу. Энэ хэрэгт “сахал” хочит Д.Эрдэнэбилэгийн бүлэглэл шалгагдаад нэлээд хугацаа өнгөрч байна. Тэдний цаана Ц.Элбэгдорж алгаа тосоод сууж байсан нь одоо нэгэнт нууц биш болж байгаа.
Ц.Элбэгдоржийн үед Эрдэнэтийн захирлаар томилогдон ажиллаж байсан Ц.Даваацэрэнг саяхнаас мөрдөгчид нь П.Цагааны эхнэр Д.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн тэрхүү зэс боловсруулах “Ачит ихт” компанитай нууц гэрээ хийсэн зэрэг асуудлаар шалгаж эхэлсэн бол мөн удалгүй түүнтэй хам хэргийн холбогдогчоор Б.Отгонбаатар гэгчийг татаад байгаа юм. Ц.Даваацэрэнг буруутгаж буй гол үндэслэл нь Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр “Ачит Ихт” компанид зуун хувийн давуу эрх олгон, Эрдэнэт үйлдвэрийн мэдлийн газар болон зэсийн хүдрийн хаягдал овоолгыг ашиглан зэс боловсруулах энэхүү хувийн үйлдвэрээс хуулийн дагуу 34 хувийг төр эзэмших эрхгүй болгож хаясан явдал ажээ. Өөрөөр хэлбэл, яагаад уг асуудлыг тэр үеийн Засгийн газар, УИХ-аар хуулийн хүрээнд шийдэлгүй Ц.Даваацэрэнгийн ийм адал сонин нууц гэрээгээр сэмхэн амжуулах болов гэдэг нь хуулийнхны анхаарлыг татаж байна. Энэ нь зүй ёсны л асуудал. Хэрвээ ийм хэргийг шалгаж мухарлахгүй орхивол прокурор, мөрдөгч, шүүх гэж байхын хэрэггүй биз. Анх 2013 онд Эрдэнэт үйлдвэр, “Ачит ихт”-ийн хооронд байгуулсан гэрээнд 34 хувь нь Эрдэнэтэд оногдохоор заасан атал Ц.Даваацэрэн очмогцоо 34 хувиас татгалсан нь дээрээс Ц.Элбэгдорж нөлөө оров уу гэх хардлага төрөөд байгаа юм. Мөн одоо шалгагдаж буй Б.Отгонбаатар нь Ц.Элбэгдоржийн дотнын найз бөгөөд Ц.Даваацэрэнг эртнээс таньдаг, бас бизнесийнх нь сайн түнш юм байна. Тиймээс Ц.Даваацэрэн нь Б.Отгонбаатарынхаа ах дүү нарыг Эрдэнэт үйлдвэрт авч ажиллуулж байв. Тодруулбал, тус үйлдвэрт ах Б.Батхуягийг нь Санхүүгийн хэлтэст томилж байжээ.
Ц.Даваацэрэнг Эрдэнэтийн захирал байх үед Төрийн өмчийн хорооны даргаар одоо Монголын Үндэсний Фронт хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн болоод манаргаж яваа Д.Цогтбаатар ажиллаж байсан юм. Түүнийг харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсоныхоо дараахан ажлаас хусаад, оронд нь өдгөө Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болоод яваа Ц.Нанзаддоржийг томилсон нь цаанаасаа захиалгатай томилгоо байсан гэх хүн цөөнгүй. Ч.Сайханбилэг Ц.Элбэгдорж хоёр 90-ээд оноос дотно нөхөрлөсөн, сайн ярих юм бол нэг нутаг ус, нэг голын хөвгүүд гэдгээрээ “гангарч” явсан үе ч бий. Эрдэнэтийн 49 хувийг “Сахал” Д.Эрдэнэбилэгийнхэнд өгсөн Ч.Сайханбилэг нь Дубайн гэрээний луйвартайгаа бараг угсруулаад тийнхүү “Ачит Ихт” компанид давуу эрх олгож хууль зөрчсөн нь Ц.Элбэгдоржийн заавар байсан гэхэд хэтрүүлэл болохгүй болов уу. Түүнчлэн П.Цагаан нар нь Ц.Элбэгдоржид Солонгосын иргэнээс 3 сая вонн зуучилж өгсөн нь залилангийн хэрэг болчихоод шалгагдаж байгаа талаар урьд нь бид мэдээлж байсан юм.
Гэхдээ зарим эх сурвалжууд П.Цагаан, Ц.Даваацэрэн нарын хэрэгт Ц.Элбэгдоржийг гэрчээр байцаах гэж байгаа хэмээх ажээ. Ямартай ч мань хүн гадаадаас Монголдоо “заавал ирж”, зангиагаа засаад, гутлаа гялалзтал толсоод мөрдөгчийн өрөөнд яаран явж ороод, хэд хэдэн хэрэгт байцаагдах нь тодорхой болоод байна.
О.Баяр
Шуурхай.мн
URL: