А.Амарбал: ЭМЯ хариуцлагагүй хандсан, хэрэв ийм ноцтой өвчин байсан бол явахын өмнө анхааруулах ёстой

247507-18112019-1574055505-1672769280-0Кенийн нийслэл Найроби хотод арваннэгдүгээр сарын 11-14-нд НҮБ-ын Хүн амын сангаас зохион байгуулсан “Хүн ам ба хөгжил” сэдэвт олон улсын хуралд оролцсон Монголын 19 төлөөлөгчийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Тус хуралд Монголоос оролцсон 20 төлөөлөгчийн нэг нь холер өвчний халдвар авсан тул эмнэлэгт хэвтэн үлдсэн хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан төлөөлөгчийн нэг Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалаас тодрууллаа.

-Таны биед ямар нэг зовиур илэрсэн үү?
-Ямар ч зовиургүй, зүгээр байна.

-Та нараас ямар шинжилгээ авсан бэ, ямар нэг эмчилгээ хийж байна уу?
-Эмчилгээ хийсэн юм алга. Ирсэн өдөр нэг шинжилгээ авсан, бүгд халдваргүй гэсэн хариу гарсан. Бас нэг шинжилгээний хариу 72 цагийн дараа буюу маргааш гарна. Шинжилгээний хариугаа аваад, зүгээр гэдгээ нотлогдсоны дараа тусгаарлалтаас гарна. Эрүүл мэндийн яам энэ асуудалд маш хариуцлагагүй хандаж байна. Хэрэв ийм ноцтой өвчин байдаг юм бол бидний явахын өмнө хэлэхгүй яасан юм. Урьдчилан сэргийлэх ажлаа хийхгүй яасан юм. Энд байгаа 19 хүн ноцтой өвчний голомтоос ирсэн нь үнэн юм бол заасан хугацаанд нь хөл хорионд байхад татгалзах юм алга.

Энэ хуралд Засгийн газрыг төлөөлж зургаан хүн явсан. Тэр зургаан хүний зардлыг НҮБ-ын Хүн амын сангаас хариуцсан. Бусад нь төрийн бус байгууллага болон залуучуудын байгууллагын төлөөллүүд явсан  бөгөөд төсвийн зардлаар явсан хүн нэг ч байхгүй

-Хүн ам ба хөгжил сэдэвт энэ хурлаар ямар асуудлыг хэлэлцэв?
-1994 онд Египетийн Каир хотноо дэлхийн 170 улсын төлөөлөгчдийн уулзалт болж дэлхийн хүн ам, хөгжлийн асуудлыг хэлэлцэж, улс орнууд цаашид юунд анхаарах тухай хэлэлцэж, улс орон бүхэн  өөр өөрийн үүрэг амлалт авсан. Үүнээс хойш 25 жилийн дараа улс орнууд зорилтоо биелүүлсэн, цаашид хэрхэх вэ? гэдгээ хэлэлцсэн юм. Засгийн газрууд дээр өгүүлсэн хөгжлийн асуудлуудаар үүрэг амлалтууд авдаг. Жишээлбэл, Монгол Улс эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, нялхсын эндэгдлийг бууруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийг хангах, жендерийн тэгш байдлыг хангах, залуучуудын ажил эрхлэлтийн нэмэгдүүлэх зэрэг дэлхийн улс орнууд, хүн амын дунд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд баримтлах бодлогоо танилцуулж, олон улсын өмнө Засгийн газрын нэрийн өмнөөс үүрэг амлалт авдаг.

Энэ удаагийн хуралд 170 улсын 9500 төлөөлөгч оролцсон. Бидэнд тэнд очоод зугаалж явах цаг, боломж ч байхгүй. Салбар хуралдаануудад хуваагдаж суугаад, нөхөн үржихүйн эрхийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь зэрэг сэдвээр улс орнуудын туршлага, бодлогын талаар мэдээлэл авч, санал солилцох өргөн цар хүрээтэй хуралдаан. Энэ хурлын багийн ахлагчаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд М.Мөнгөнчимэг тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирсэн.

Өвдсөн гээд үлдсэн нэг хүн эмчлэгдээд, өнөөдөр онгоцонд сууж байна. 

-Нэг хуралд Монголоос олуулаа явлаа. Төсвийн мөнгө үргүй зарлаа гэх шүүмжлэл нийгмийн сүлжээгээр тархаад байна?
-Энэ хуралд Засгийн газрыг төлөөлж зургаан хүн явсан. Тэр зургаан хүний зардлыг НҮБ-ын Хүн амын сангаас хариуцсан. Бусад нь төрийн бус байгууллага болон залуучуудын байгууллагын төлөөллүүд явсан  бөгөөд төсвийн зардлаар явсан хүн нэг ч байхгүй. Бүгд олон улсын байгууллагуудын санхүүжилтээр явсан юм. Бидний дунд халдвар авсан, ямар нэг зовиур, шинж тэмдэг илэрсэн хүн ч байхгүй.

-Хуралд явахын өмнө та бүхэнд Африкийн орнуудад халдварт өвчний байдлын тухай мэдээлэл өгсөн үү?
-Явахын өмнө тэр улсад байдаг шар чичиргэнэ гэдэг өвчний вакцин хийлгэсэн. Гэдэсний халдварт холери өвчин нь  тэр улсад голомттой байдаг. Гэдэсний халдварт холер өвчний голомттой, ноцтой халдвар үүсгэх эрсдэлтэй бол НҮБ-ын ХАС Кени улсад олон улсын хурал зохион байгуулж, дэлхийн 170 орны 9500 төлөөлөгчийг цуглуулахгүй байсан. Монгол Улс л холерийн халдвартай 19 хүн ирсэн мэтээр зохиомлоор сүр бадруулж байна. Хэрэв энэ өвчин тийм аюултай л юм бол биднийг Найроби хотоос гаргаж, олон улсын онгоцонд суулгахгүй шүү дээ.

-Халдвар авсан гээд үлдсэн нэг хүн эмчлүүлж байгаа юу?
-Өвдсөн гээд үлдсэн нэг хүн эмчлэгдээд, өнөөдөр онгоцонд сууж байна. Энэ нь тийм ноцтой халдвар байсан бол тэр хүнийг тэндхийн эрүүл мэндийн байгууллага онгоцонд суулгахгүй.

Монгол Улс л холерийн халдвартай 19 хүн ирсэн мэтээр зохиомлоор сүр бадруулж байна. Хэрэв энэ өвчин тийм аюултай л юм бол биднийг Найроби хотоос гаргаж, олон улсын онгоцонд суулгахгүй шүү дээ.

-Та бүхэн Найроби хотоос нэг онгоцоор ирсэн үү?
-Гурван өөр онгоцоор ирсэн. Ес нь Бээжингээр, зургаа нь Туркээр, дөрөв нь Сөүлийн онгоцоор ирсэн. Хэрэв бид нар халдвар авсан бол бидний суусан онгоцнууд, тэр онгоцоор зорчсон бүх хүмүүс тусгаарлагдах ёстой биз дээ.  Бүгд хоёр онгоц дамжиж, гурав дахь нь Монголынхоо онгоцонд суусан.

-ДЭМБ-аас өгсөн мэдээллээр холери нь хурдан тархах аюултай, нийгэмд ноцтой хохирол учруулах өвчний жагсаалтал ордог юм байна?
-Би ДЭМБ-ын Олон улсын эрүүл мэндийн дүрмийг олж үзлээ. Уг дүрэмд нь тухайн халдвар авсан хүнтэй ойрын хавьтагч буюу нэг зочид буудалд буусан, нэг газарт хооллосон, хамт явсан хүнийг хавьтагч гэж үзэж тусгаарлах заалттай юм байна. Гэтэл би тэр хүнтэй нэг буудалд буугаагүй, цуг хоол идээгүй. Бид өөр өөр зочид буудалд буусан, бидний дунд тэр хүнтэй уулзаагүй хүн олон байна.

Би жишээ нь тэр хуралд оролцсон 9500 хүний л нэг. Эрүүл мэндийн яам 19 холертой хүн тусгаарлалаа гэж сенсаацлахын оронд нарийн судалгаа хийж,  халдвар авсан хүнтэй цуг явсан хүмүүс байвал хавьтагч гэж үзэж, тусгаарлах ёстой. Эрүүл мэндийн яам энэ талаар албан ёсоор мэдэгдэнэ гэж бодож байна. Бид ажлаа хийх гэж явсан, зугаалах гэж яваагүй. Монгол Улсыг төлөөлж хуралд оролцоод, ирэнгүүтээ мэдээллийн хэрэгслээр ингэж өөрсдийгөө доромжлуулах сонирхол алга байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих