Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэргийг яагаад нууцлаад байна вэ?

101-33Зөвхөн эрүүгийн хэргээр тогтохгүй, нууцад хамаарахгүй зүйлсийг нууцалж байгааг хуульч Л.Галбаатар “ikon.mn” сайтын сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа онцолсон байсан. Тэрбээр “Мэдээлэл төрийн нууцад хамаараагүй үед ч гэсэн нууцлах эрсдэл бий болоод байна. Тухайлбал, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын талаарх мэдээлэл нь төрийн нууцад хамаарахгүй. Нууцын жагсаалтаа ил болгоогүй байгаа нь өөрөө хууль бус үйл ажиллагааг халхавчилж байна уу гэх хардлага төрүүлдэг” хэмээн өгүүлсэн байв.

Хууль тогтоогчид, эрх бүхий албан тушаалтнууд энэ мэтээр олон нийтэд тодорхой болсон эрүүгийн хэргүүдийг нууцалж байна. Үүний бодит жишээ нь Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг. Түүнийг эрх мэдлээ урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг энэ сарын 28-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “маш нууц” хэмээн хаалттай хэлэлцэхээр товлосон. Төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, гуйвуулсан уг 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс гадна Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхдаа маш нууц тушаал гарган гадаад, дотоодын арилжааны банкуудтай хэлцэл байгуулж мөнгө шилжүүлсэн үйлдлийг нь АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж тогтоогоод буй.

Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал ажиллаж байхдаа 2013 оны долдугаар сарын 19-нд А/150 тоот “Журам батлах тухай” тушаал гаргаж “Монголбанкан дахь төрийн болон байгууллагын нууц, аюулгүй байдлыг хамгаалах журам, жагсаалт” баталсан байна. Тус жагсаалтад Төрийн нууцын болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд хамаарахгүй мэдээлэл, баримт бичгүүдийг төрийн нууцад багтаан нууцалж, хууль зөрчжээ.

Түүнд нь Төв банкнаас арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, Засгийн газартай байгуулсан зээлийн болон хадгаламжийн бүх төрлийн гэрээ, хэлцэл, холбогдох тайлан багтсан аж. Өөрөөр хэлбэл, “Маш нууц” дардастай тушаал гаргаж, Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний мөнгө шилжүүлэх үйлдлээ төрийн нууцад хамааруулсан байж.

Үүнээс гадна Монголбанк своп, форвард хэлцлийн хүрээнд их хэмжээний алдагдал хүлээсэн байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал арилжааны банкнуудтай хийсэн уг хэлцлүүдээс Төв банк их хэмжээний алдагдал хүлээхийг урьдчилан тооцоолж, мэдэж, залруулах боломжтой байсан ч алдагдалтай своп, форвард хэлцэл жил бүр хийж, алдагдлын хэмжээг улам бүр нэмэн, төрд онц их хэмжээний хохирол учруулж байсан.

Энэ үйлдэл нь тухайн албан тушаалтныг хэлцэлд орсон арилжааны банкнуудтай ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц, хувийн ашиг сонирхлын холбоотой гэж УИХ-аас томилогдсон ажлын хэсэг дүгнэжээ. Эдгээр своп хэлцэл нь нууцад хамаарч буй ч эрх бүхий байгууллагаас нууцын жагсаалтаас гаргасан юм билээ. Гэвч удалгүй буцаан нууцад хамааруулснаас болж ийнхүү хаалттай хэлэлцэх гэж байна.

Төрийн нууцын тухай хууль зөрчиж, хууль бус үйлдлээ халхавчлан Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь хууль сахиулах байгууллагынхны хамтарсан шалгалтын дүнд тодорхой болсон юм билээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын банканд богино хугацаатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд таван жилийн хугацаатай, хүүг бууруулан төлөх нөхцөлтэйгөөр өрийн бичгээр барагдуулахаар болсон нь Төв банкны тухай хууль зөрчсөн үйлдэл болжээ. Мөрдөгчид энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг нь тогтоож Монголбанкны одоогийн удирдлагад шаардлага хүргүүлж, Улаанбаатар хотын банканд хууль бусаар олгосон 100 тэрбум төгрөгийг яаралтай буцаан авахыг сануулсан ч Н.Баяртсайхан тэргүүтэн арга хэмжээ авалгүй нэлээд хугацаа өнгөрсөн байдаг.

Мөн 2011 оны тавдугаар сарын 6-нд таван тэрбум юань буюу нэг их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл байгуулснаас Монголбанк алдагдалд орсон. Хятадын Ардын банканд төлсөн хүүгийн зардлаас их хэмжээний хүүгийн алдагдал үүссэн байна. Алдагдал 2016 онд 424.6 тэрбум төгрөг гарахад 597.7 тэрбум төгрөгийг гадаад валютын арилжааны ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал нөлөөлсөн. Энэ нь Хятадын Ардын банкнаас своп хэлцлээр авсан юанийн зээл Монголбанкны балансын пассив хэсэгт бүртгэгдэж, төгрөгийн ханш суларснаас үүдсэн алдагдал байна” хэмээн УИХ-ын ажлын хэсэг дүгнэсэн байдаг.

Энэ мэтээр хэргийнх нь доторх мэдээлэл илэрхий болчихоод байхад нууцлан, хаалттай хэлэлцэхээр байгаа нь иргэдийн мэдэх эрхийг зөрчиж, хуулиар халхавчилж байгааг хэрхэн ойлгох вэ.

Эх сурвалж: Г.Равжаа

Өнөөдөр сонин


URL:

Сэтгэгдэл бичих