ХОЛИОН БАНТАН
Улс төрд мөнх байдаг зүйл нь гагцхүү эрх ашиг.
Хэний эрх ашиг хөндөгдөхөөс, хэн яаж нүүхээс улс төрийн шатрын өрөг өөрчлөгдөж байдаг. Хар, цагаанаар талцаж тоглодог хөлөгт тоглоом улс төрийн өрөг дээр бол хар нь хараа, цагаан нь цагаанаа “идэх” нь ч хэвийн л зүйл. Эрх баригч МАН бол үүний тод жишээ.
Нэггүй мянга, нимгэнгүй зузаан байдаггүй гэж үзвэл МАН өнөөдөр УИХ-д 65-уулаа сонгогдсоны хэргээ гаргаж, олон жил дуншсан “Эцэг” хуулийн өөрчлөлтийг баталж чадлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 64 кноп гэдэг даанч дээ гэмээр үлбэгэр сул байсан ч сөрөг хүчний долоон гишүүний хажууд хороо цэрэг л гэсэн үг.
Гэвч энэ удаагийн парламентад улс төрийн шатрын өрөг дээр хар, цагаанаар бус цагаан нь цагаантайгаа өрсөлдөж буйд л асуудлын учиг байсан юм. Одоо ч байгаа. Ямар боловч 19 жилийн дараа Үндсэн хуулийн дордуулсан гэх заалтуудын заримыг нь өөрчилсөн ч эрх баригчдын хөл хөөрцөг болоод байгаа шиг сайн зүйл заалтууд орсон уу гэдгийг цаг хугацаа шүүнэ.
Үндсэн хууль гэдэг нийгмийн зөвшилцлийн гэрээ. Энэ гэрээ бодит амьдралд хэрхэн бууж байгаагаас Монголын ирээдүй ихээхэн шалтгаална. Үнэндээ, УИХ-ын 62 гишүүний ергөн мэдүүлсэн хуулийн төсөл орвонгоороо өөрчлөгдөж, хэлэлцүүлгийн шатанд шинэ заалтууд нэлээд нэмэгдсэн. Гэсэн ч яг өнөөдрийн түвшинд засаглалын хямралыг арилгах “Эцэг” хуулийн өөрчлөлт болж чадсангүй.
Гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн удирдлагын тогтолцоог оновчтой болгосон гэж өнгөн дээрээ ярьж буй ч бодит байдалд “бай”-гаа хэр онов гэдэг олон асуулт дагуулж байна. Ерөнхий сайд УИХ-аас хамаарахгүйгээр танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрхтэй болсон ч мөнөөх сайдууд нь УИХ-д тангараг ергөнө.
Хэдийгээр гүйцэтгэх засаглалын тэргүүн УИХ-аас хамаарахгүй болж байгаа мэт харагдавч үгэнд, арганд орохгүй Ерөнхий сайдыг УИХ-ын 19 гишүүн огцруулахаар гарын үсэг зураад хууль тогтоох байгууллагаар хэлэлцүүлэх эрх нь бүрэн нээлттэй хэвээр байна. Энэ нь гүйцэтгэх засаглалын эрх мэдэл нэмэгдсэн гэж буй ч тогтвортой байдал нь хэврэг хэвээр байгаагийн илрэл.
Өнгөрсөн 20 гаруй жилд бид 14 Засгийн газар сольж, засаглалын хямрал үүсгэсэн гэж ярьдаг. Үүнийг арилгалаа гэж буй ч гүйцэтгэх засаглалын “эрх мэдэл” УИХ-д хадгалагдаж байгаа цагт бидний жишээ татаад байдаг энэ хямрал алга болохгүй. Угтаа бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт холион бантан болж, ор нэр төдийхөн болж хувирав.
Гүйцэтгэх засаглалтай холбоотой Үндсэн хуульд орсон заалтууд:
39.1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно
39.3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
39.4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.
43.1. Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.
Үүнээс гадна УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгавал хэлэлцүүлэгт оролцохоо удаа дараа мэдэгдээд байсан билээ.
Уг заалтыг МАН бүлгийн хурлаараа дэмжсэн ч эцсийн мөчид хэлснээсээ буцав. Энэ бол бүлгийн шийдвэрийг эрс эсэргүүцдэг, санал зөрдөг, өөр эрх ашигт үйлчилдэг гишүүд байна гэсэн үг. Нөгөө талаар шатрын өрег дээр хар нь цагааныг “иддэг” дүрмээр бус хар нь хараа, цагаан нь цагаанаа “иддэг” үйл явц өрнөсөөр байгаагийн илрэл юм.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа энэ талаар “Өнгөрсөн долоодугаар сараас эхэлж хэлэлцсэн Үндсэн хууль маань ард түмний эрх ашигт нийцэж чадсангүй. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн амин чухал асуудлын нэг сонгуулийн тогтолцоо байсан. Монгол Улсын төсвийн орлого ингэж их давсан, гадаад орчин таатай үед хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлаад сууж байна.
Төсвийн бүх зардлыг хянаад үзвэл улсын эдийн засгийг солонгоруулах буюу улс орныхоо томоохон бүтээн байгуулалт руу зарсан төсөв алга. Бүгд сум, баг, дүүрэг, жалгаар нь тараасан, орон нутгийн төсвөөр шийдэх боломжтой зүйлийг хүртэл төсөв рүүгээ чихсэнд туйлын харамсалтай байна.
Энэ бол тогтолцооны гажиг. Жалга, тойрогтоо нэр олох гэж хуваадгийн хар гай. Тийм учраас мажоритар, пропорционалийг хольсон сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах нь дэвшил байсан. Энэ саналыг АН гаргаж МАН-ынхан зөвшилцөөд дэмжсэн. Гэтэл МАН-ын 41 гишүүн зөвшилцлөөсөө ухарч, эсрэг санал егсөнд харамсаж байна. УИХ-ын гишүүдэд Монголын хөгжлийг бодох ухаан алга байгаагаас харахад Монгол төрийн босго намхан болжээ” гэлээ
Ялсан намд ямба, ял хоёул эн тэнцүү ногддог. 2000-2004 онд үнэмлэхүй олонх байхдаа МАН Засгийн газраа дөрвөн жил тогтвортой ажиллуулсан. Ийн 12 жилийн дараа aрд түмэн дахин тэдэнд итгэл хүлээлгэж, парламентад 65 суудалтай болгосон нь төр улсын бодлого тогтвортой явах ёстой гэсэн иргэдийн илгээлт байлаа.
Цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдсөн, бүхэл бүтэн үе солигдсон энэ нам ямартай нийгмийн хүлээлт болсон Үндсэн хуульд “гар хүрлээ”. Түүхэнд Г.Занданшатарын удирдсан парламент Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж сайн, муугаараа хэлүүлж, он цагтаа үлдэнэ. Гишүүд нь ирэх оны төсвөөр барьцаалж, Үндсэн хуулийг батлах кноп үнэд хүрсэн гэх дэл сул яриа бий ч ард түмний эрх ашиг нэгдүгээрт байх үүргээ ухамсарласан гэж найдъя.
Монгол Улсын Үндсэн хууль 70 зүйлтэй, энэ удаа 19 зүйг 36 заалтад өөрчлөлт оруулж батлахдаа орхигдоод байсан ёс зүй, хариуцлагын тогтолцоог бага ч атугай суулгаж өгсөн үү гэдгийг хэрэгжиж эхэлснээс хойш мэднэ. Нэг нам санал өгөх 64 товчлууртай байж болох ч Үндсэн хууль бол бүх ард түмний гэрээ учраас нийтийн эрх ашиг туссан байх ёстой юм.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
URL: