Бүх зүйл нь ил болсон хэргийг НУУЦЛАХ шаардлага байна гэж үү
Хүн бүр мэдэх эрхтэй. Энэ эрхийг төр хуулиар хамгаалж, хангах үүрэгтэй. Харамсалтай нь, манай хууль эрх зүйн тогтолцоо энэ эрхийг хязгаарлах боллоо.
Бид 1990 оноос төр нь иргэндээ үйлчилдэг ардчилсан нийгэмд амьдарч байна. Монгол Улсын засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна, төрийн үйл хэрэгт шууд оролцохоор Үндсэн хуульдаа тусгасан байдаг.
Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд иргэн бүр мэдэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, хүн болгон мэдээлэлтэй байхыг ийн нэрлэж буй. Мэдээлэлтэй байснаараа бид Үндсэн хуульд заасан бусад эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн анхдугаар чуулга уулзалтаас “Мэдээллийн эрх чөлөө нь хүний язгуур эрх бөгөөд НҮБ-аас эрхэмлэдэг хүний бусад эрхийн үндсэн хэмжүүр мөн” хэмээн 1948 онд тунхагласан байдаг. Гэвч иргэдийн мэдэх эрхийг зөрчиж, нууцлаад байх шаардлагагүй олон нийтэд бүх зүйл нь тодорхой болсон эрүүгийн хэргийг, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнууд болон улс төрд нөлөө бүхий хүмүүсийн холбогдсон гэх зэрэг гэмт үйлдлийг “нууц” гэсэн дардсаар халхавчлан иргэдээс нуусаар байгаа нь харамсалтай.
ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ НУУЦЫН ЖАГСААЛТААР ХАЛХАВЧИЛЖ БАЙНА УУ
Зөвхөн эрүүгийн хэргээр тогтохгүй, нууцад хамаарахгүй зүйлсийг нууцалж байгааг хуульч Л.Галбаатар “ikon.mn” сайтын сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа онцолсон байсан. Тэрбээр “Мэдээлэл төрийн нууцад хамаараагүй үед ч гэсэн нууцлах эрсдэл бий болоод байна. Тухайлбал, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын талаарх мэдээлэл нь төрийн нууцад хамаарахгүй. Нууцын жагсаалтаа ил болгоогүй байгаа нь өөрөө хууль бус үйл ажиллагааг халхавчилж байна уу гэх хардлага төрүүлдэг” хэмээн өгүүлсэн байв.
Хууль тогтоогчид, эрх бүхий албан тушаалтнууд энэ мэтээр олон нийтэд тодорхой болсон эрүүгийн хэргүүдийг нууцалж байна. Үүний бодит жишээ нь Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг. Түүнийг эрх мэдлээ урвуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргийг энэ сарын 28-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “маш нууц” хэмээн хаалттай хэлэлцэхээр товлосон. Төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, гуйвуулсан уг 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс гадна Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байхдаа маш нууц тушаал гарган гадаад, дотоодын арилжааны банкуудтай хэлцэл байгуулж мөнгө шилжүүлсэн үйлдлийг нь АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж тогтоогоод буй.
Тухайлбал, Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргал ажиллаж байхдаа 2013 оны долдугаар сарын 19-нд А/150 тоот “Журам батлах тухай” тушаал гаргаж “Монголбанкан дахь төрийн болон байгууллагын нууц, аюулгүй байдлыг хамгаалах журам, жагсаалт” баталсан байна. Тус жагсаалтад Төрийн нууцын болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд хамаарахгүй мэдээлэл, баримт бичгүүдийг төрийн нууцад багтаан нууцалж, хууль зөрчжээ. Түүнд нь Төв банкнаас арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, Засгийн газартай байгуулсан зээлийн болон хадгаламжийн бүх төрлийн гэрээ, хэлцэл, холбогдох тайлан багтсан аж. Өөрөөр хэлбэл, “Маш нууц” дардастай тушаал гаргаж, Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний мөнгө шилжүүлэх үйлдлээ төрийн нууцад хамааруулсан байж.
Үүнээс гадна Монголбанк своп, форвард хэлцлийн хүрээнд их хэмжээний алдагдал хүлээсэн байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал арилжааны банкнуудтай хийсэн уг хэлцлүүдээс Төв банк их хэмжээний алдагдал хүлээхийг урьдчилан тооцоолж, мэдэж, залруулах боломжтой байсан ч алдагдалтай своп, форвард хэлцэл жил бүр хийж, алдагдлын хэмжээг улам бүр нэмэн, төрд онц их хэмжээний хохирол учруулж байсан. Энэ үйлдэл нь тухайн албан тушаалтныг хэлцэлд орсон арилжааны банкнуудтай ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц, хувийн ашиг сонирхлын холбоотой гэж УИХ-аас томилогдсон ажлын хэсэг дүгнэжээ. Эдгээр своп хэлцэл нь нууцад хамаарч буй ч эрх бүхий байгууллагаас нууцын жагсаалтаас гаргасан юм билээ. Гэвч удалгүй буцаан нууцад хамааруулснаас болж ийнхүү хаалттай хэлэлцэх гэж байна.
Төрийн нууцын тухай хууль зөрчиж, хууль бус үйлдлээ халхавчлан Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь хууль сахиулах байгууллагынхны хамтарсан шалгалтын дүнд тодорхой болсон юм билээ. Тухайлбал, Улаанбаатар хотын банканд богино хугацаатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд таван жилийн хугацаатай, хүүг бууруулан төлөх нөхцөлтэйгөөр өрийн бичгээр барагдуулахаар болсон нь Төв банкны тухай хууль зөрчсөн үйлдэл болжээ. Мөрдөгчид энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг нь тогтоож Монголбанкны одоогийн удирдлагад шаардлага хүргүүлж, Улаанбаатар хотын банканд хууль бусаар олгосон 100 тэрбум төгрөгийг яаралтай буцаан авахыг сануулсан ч Н.Баяртсайхан тэргүүтэн арга хэмжээ авалгүй нэлээд хугацаа өнгөрсөн байдаг.
Мөн 2011 оны тавдугаар сарын 6-нд таван тэрбум юань буюу нэг их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцэл байгуулснаас Монголбанк алдагдалд орсон. Хятадын Ардын банканд төлсөн хүүгийн зардлаас их хэмжээний хүүгийн алдагдал үүссэн байна. Алдагдал 2016 онд 424.6 тэрбум төгрөг гарахад 597.7 тэрбум төгрөгийг гадаад валютын арилжааны ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал нөлөөлсөн. Энэ нь Хятадын Ардын банкнаас своп хэлцлээр авсан юанийн зээл Монголбанкны балансын пассив хэсэгт бүртгэгдэж, төгрөгийн ханш суларснаас үүдсэн алдагдал байна” хэмээн УИХ-ын ажлын хэсэг дүгнэсэн байдаг.
Энэ мэтээр хэргийнх нь доторх мэдээлэл илэрхий болчихоод байхад нууцлан, хаалттай хэлэлцэхээр байгаа нь иргэдийн мэдэх эрхийг зөрчиж, хуулиар халхавчилж байгааг хэрхэн ойлгох вэ.
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАД ШАЛГАСАН ХЭРЭГ БОЛГОН НУУЦАД ХАМААРАХГҮЙ
Тагнуулын байгууллагын илрүүлэн шалгаж буй эрүүгийн хэргүүдийн нэлээд хэсэг нь нууцад хамаардаг. Гэхдээ нууцлах шаардлагагүй хэргүүд байдаг ч тус газрын Мөрдөн байцаах газраас ямар ч мэдээлэл өгдөггүй.
Тагнуулын ажилтнууд улс орныхоо аюулгүй байдлын нүд, чих болж олон гэмт үйлдлийг таслан зогсоодог ч түүнийг иргэд мэдэхээсээ мэдэхгүй нь их. Тус газрынхан голлон ажилласан, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэг “маш нууц” гэсэн дардсаасаа салаагүй л байна. Уг нь УИХ, Засгийн газраас ердийн хүн амины хэрэг гээд нууцаас гаргахаар болсон ч өдий болтол нууцаас гарсан, эсэх нь тодорхойгүй. Шүүхийн шийтгэх тогтоолыг нь бичсэн хэвлэлийнхнийг нууц задруулсан хэмээн тагнуулынхан байцааж байгаа нь УИХ, Засгийн газрын тогтоол хэрэгжихгүй байгаа гэсэн үг. С.Зориг агсны дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун “Энэ бол хүн амины хэрэг. Ингэж хаалттай хуралдаж байсан жишиг байх ёсгүй. Хааж нууцлах зүйл байдаг бол түүнийгээ л нууцал. Олон жил болж, магадгүй ач холбогдлоо алдсан, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан зүйлийг нь ил болгочих хэрэгтэй” хэмээн ярьж байсан билээ. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Анхан, давж заалдах, Дээд шүүхийн шийдвэрийг нууцаас гаргаад байтал тагнуулын байгууллага дахин нууцлах ажил хийж, будилуулж байна” гэж ярьсан нь анхаарал татсаар байгаа юм.
Тэгвэл тагнуулын байгууллагын шалгасан нэг хэргийн үйлдэл нь олон нийтэд илэрхий болчихоод байхад “маш нууц” дардас дарж, өөр хэргийг ч хамаатуулан нууцлах болов. УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэрэг өдгөө “маш нууц”-д орж, хаалттай хэлэлцэхээр болсон. Эрх мэдлээ урвуулж, хамаарал бүхий хүмүүсээ орон сууцад оруулсан хэргийг өмнө нь нээлттэй шүүх хурлаар шийдвэрлээд байсан. Гэтэл одоо нууцад оруулсан шалтгаан нь Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы хэрэгтэй нэгтгэснээс болсон юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хамаатан гэдэг, эл захирал 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон. Эргэн төлөгдөх хугацаа 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан ч дээрх компани зээлээ төлөөгүй. Уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалган шүүхэд шилжүүлээд байгаа. Ердийн л нэг банк, санхүүгийн албан тушаалын хэргийг нууцад хамааруулан яагаад тагнуулын мөрдөгч шалгах болсон нь тодорхойгүй. Яагаад АТГ, эсвэл ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхнаар шалгуулаагүй нь анхаарал татна.
Ийнхүү нууцад хамааруулснаас болж, АТГ-ынхны шалгасан, Төрийн банканд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Цэндсүрэн, өнөөгийн удирдлагынх нь багт нь байдаг тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нарын 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл албан тушаалаа урвуулж, 98 000 ам.доллар зээлдэгчдээс авсан гэх үйлдлийг бас нууцлаад, хэнд ч мэдэгдэхгүйгээр шүүхээр шийдвэрлэхээр болоод байгаа юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
URL: