Тагнуулын ерөнхий газраас юуны тухай мэдээллэв

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сайтаар БНХАУ-ын 800 гаруй иргэнийг саатуулж, улмаар Монгол Улсаас албадан гаргасан үйл явдалтай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагуудаас зориуд худал мэдээлэл нийтэд тараасан гэх ташаа мэдээлэл түгээж байна.

7160

БНХАУ-ын 800 орчим иргэнтэй холбоотой үйл явдал нь мөнгө угаах болон цахим залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул ФАТФ-ын зөвлөмжийн хүрээнд холбогдох төрийн байгууллагууд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Дээрх үйл явдлын талаар хууль хяналтын байгууллагууд хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байгаа бөгөөд худал, үндэслэлгүй мэдээлэл өгсөн зүйл огт байхгүй.

Харин хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар гуйвуулан энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаа нь хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд тэр дундаа мөрдөн шалгах ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцсон, саад учруулсан шинжтэй тул дээрх мэдээлэл түгээж буй этгээдийн санаа зорилгыг шалгах асуудал үүснэ.

Энэ асуудлын талаар үнэн зөв мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5, Прокурорын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрлөөр хууль хяналтын байгууллагад хандаж авах нь зүйтэй.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


URL:

Сэтгэгдэл бичих