Даяарчилсан дэлхий дэх Монголын барууны улс төр
Дэлхий дахин улам л даяарчлагдаж байгаа гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч байна. Хүн төрөхтний хөгжлийн чиг хандлагыг харахгүй, ирээдүйн даяарчлалыг мэдрэх мэдрэмжгүй буруу улстөрийн бодлого баримтлан дотооддоо зөрчилдөн, төрийн хар хайрцагны бодлогогүй байсаар Монгол улсаа бусад улсад даяарчлуулчих юм уу? Эсвэл улстөрийн зөв бодлого баримтлан хүн төрөлхтнийг даяарчлах юм уу? Монголчууд бидэнд даяарчлана, даяарчлуулна гэсэн хоёроос өөр сонголт байхгүй. Амьдар эсвэл үх, даяарчил эсвэл даяарчлуул. Монгол хүн мэдээж амьдрахыг, даяарчлахыг л хүснэ, сонгоно.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд даяарчилсан дэлхийд 2050 он хүртэл хөгжих бүх стратеги, төлөвлөгөөгөө гаргачихсан, түүнийхээ дагуу бүтээн байгуулалтаа хийгээд явж байгаа. Тэгвэл даяарчилсан дэлхийд улстөрийн ямар үзэл баримтлалаар Монгол улсыг авч үлдэх, цаашлаад олон улсын тавцанд Монгол улс ямар байр суурьтай байх, Хойд Азийг хэрхэн босгох зэрэг асуудлуудад хариулт өгөх цаг нь нэгэнт ирсэн. Тэгвэл бид юунаас эхлэх бэ?
Даяарчлагдсан дэлхийд зөвхөн Монгол дотроо л, Ази дотроо л жижигхэн бодлого явуулах биш харин дэлхий дахинд нөлөө бүхий болох Монголоос дэлхийн эдийн засаг хамаардаг болох бодлого боловсруулж, үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Монгол улсын дотогшоо чиглэсэн бодлого нь хамтын ардчилал (социол демократ) буюу зүүнийх, даяарчлагдсан дэлхийд чиглэсэн гадаад бодлого нь Монголын консерватив буюу барууны байх ёстой. Харин либерализм Монголд тохирохгүй гэдгийг хүн төрөлхтний түүх, ардчиллын 22 жил бидэнд хэлж өгсөн. Ардчиллын 22 жилд явуулсан либерал, алдаатай бодлогын үр дүнд хүн амын 70% нь ядуу, гадны зөвлөхийн чөлөөт зах зээлийн эдийн засгийг дэвэргэсэн гайтай зөвлөгөөнөөс үүдсэн цагаа олоогүй өмч хувьчлал, урд хилийг нээж хамаг баялгаа урд хөрш рүү зөөсөн, хувийн хэвшлийг хэт чөлөөтэй тавьж төрийн оролцоогүй болгосон гээд бичвэл дуусахгүй буруу бодлогын урт жагсаалт гарах болно. Энэ бүхнийг даван гарч даяарчлалын давалгаанд арчигдахгүйн тулд Монголд Монголын консерватив идеологийг төлөвшүүлэх ёстой.
Монголын консерватив үзэл гэж юу бэ?
Монголын консерватив үзэл гэдгээр Монгол улс транснационал буюу үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж түүндээ тулгуурлан дэлхийн эдийн засгаас томоохон хувь эзэмших, Монгол улсыг дэлхийн топ улсын жагсаалтанд дээгүүр байр эзлүүлэх тухай хэлж байна. Яг л 13-р зууны Эзэнт гүрний институттэй адилхан. Даяарчлалд Монголын консерватив үзэл дэлхийн бусад улс оронтой явуулах улс төрийн идеологи байх ёстой. Яагаад гэвэл Монголын эзэнт гүрний үед даяарчилсан улс төрийн бодлоготой хил, хязгаар хамаарахгүй үндэстэн дамнасан том эдийн засагтай байсан. Үндэстэн дамнасан улстөр, эдийн засгийн бодлоготой байж чадсан учраас Монгол тухайн үедээ хүчирхэг байж чадсан юм. Тиймээс тэр хэлбэрийг авч үлдэн орчин үетэй хослуулж чадвал даяарчлалын том давалгаанд Монгол улс тэсч үлдэх болно. Цаашлаад даяарчлалын дараагийн том давалгааг үүсгэх боломж ч нээгдэх болно. Даяарчлагдсан орчин үеийг хэрхэн Монголын консерватив үзэлтэй хослуулан хэрэгжүүлэх бэ? Ямар ямар шат дараатай арга хэмжээнүүдийг авах вэ?
Монголын консервативийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Монголын төрийн гадаад бодлого зөв байвал даяарчлалын давалгааг тэсч гарна. Дотоод бодлого сайн хэрэгжиж чадвал үүнийгээ дагаад гадаад бодлого сайн, үр дүнтэй болно. Тиймээс эхний алхам бол улсын дотоод руу, иргэд рүү чиглэсэн бодлогоо сайн хэрэгжүүлэх юм. Консерватив үзлийн суурь нь социал демократ байдаг. Тиймээс улстөрийн дотоод бодлогоо буюу социол демократаа сайн хэрэгжүүлсэн тохиолдолд консерватив идеологоор улстөрийн гадаад бодлогыг явуулах боломж нээгдэнэ. Монголчуудын дотооддоо баримтлах улстөрийн идеологи бол социол демократ буюу хамтын ардчилал байх хэрэгтэй. Ардчиллын тулгуур үнэтүүд бол эрх чөлөө (liberty), тэнцүү (equality), ахан дүүсэг чанар (fraternity), шударга ёс (justice) билээ. Монгол улсад ардчиллын эдгээр тулгуур үнэт зүйлсийг зөвөөр ойлгож, Монгол хүн бүр амьдралын дагаж мөрдөх хэм хэмжээгээ болгох ёстой. Ардчиллын тулгуур үнэт зүйлсийг буруу ойлгосон учраас өнөөдрийн Монголын нийгэм хямралтай, ард түмний 70 орчим хувь нь ядуурчихсан, эрхээ эдлэж байгаа нэрээр дураараа дургицгаасан, шударга хөдөлмөр, шударга ёсыг үнлэхгүй болчихсон байна гэдгийг Монголчууд ойлгох шаардлагатай. Социол демократ үзэл нь иргэн бүрийг ажилтай, орох оронтой, авсан цалин нь амьдралд нь хангалттай хүрдэг, хүн бүр хуулийн өмнө адилхан тийм л нийгмийг хэлж байна. Даяарчилсан дэлхий дэх Монголын барууны улстөрийг явуулах дараагийн алхам бол хамтын зах зээлийн эдийн засгийг бий болгох буюу үндэстэн дамнасан корпорациудыг байгуулах. Үүний тулд Монгол Үндэстний Хөрөнгө Оруулалтын Санг бий болгох. Хөдөө аж ахуй болон уул уурхайн салбараас олсон ашгаар Үндэстний Хөрөнгө Оруулалтын Санг бүрдүүлнэ. Үндэстний хөрөнгө оруулалтын сангийн гол зорилго нь Монголын эрх ашгийн төлөө үндэстэн дамнасан корпарициудыг болон хувийн хэвшлийг санхүүжүүлэх, гарааны цэг нь болох ёстой. Энэ системд компани болон корпорацууд нь хувь хүний биш нийт үндэстний эрх ашгийн төлөө ажиллана.
Хамтын зах зээлийн эдийн засаг нь хувийн өмчийг дэмждэг ба хувийн өмчид тулгуурласан төрийн удирдлагатай байх юм. Учир нь бүхнийг хувийн хэвшилд даатгаад зөнд нь хаявал улс оронд эмх замбараагүй, дураараа авирласан нөхцөл байдал үүсдэг. Төрийн удирдлагын зорилго бол эдийн засгийн макро түвшинд гардаг хямралууд буюу инфляци, ажилгүйдэл, халамж гэх мэт асуудлыг шийдвэрлэж, иргэдийг ямар нэгэн гачигдах зүйлгүй амьдрах бололцоог хангаж өгөх юм.
Яг ийм бодлого баримтлан үсрэнгүй хөгжсөн улс орнууд бол Скандиновын орнууд. Тухайлбал Норвеги, Дани, Швед, Швейцарь гэх мэт.
Герман улс дэлхийн 1,2-р дайныг өдөөх болсон шалтгаан нь чөлөөт зах зээлийн эдийн засагтай нь буюу либерализмтай холбоотой байсан. Тухайн үед Герман оронд чөлөөт зах зээлийн эдийн засагтай, баян ядуугийн ялгаа өндөр, нийгмийн давхраажилт зааг ялгаа хүчтэй болсон байсан. Дэлхийн 2-р дайны дараа Баруун Германд хамтын зах зээлийн эдийн засаг амжилттай хэрэгжсэн юм. Германчууд чөлөөт зах зээлийн эдийн засагтай байснаа больж хамтын зах зээлийн эдийн засагт шилжсэнээр 1945-1955 оны хооронд аравхан жилийн дотор Европын хамгийн хүчтэй эдийн засагтай орон болж чадсан юм.
Даяарчилсан эдийн засагт инноваци буюу сайжруул, дэвшлийн процесс маш хурдацтайгаар явагддаг. Техник технологийн инновацийг дагаад ажиллах хүний тоо цөөрдөг, хуучин ажиллаж байсан ажилчид ажлын шаардлага хангахгүй болж гологддог. Энэ үед төр ажилгүйдлийг анхааралдаа авах ёстой ба хэрвээ төрийн зохицуулалт хийгдэхгүй байвал эсвэл буруу зохицуулбал дунд давхарга эмзэг давхарга руу шилждэг. Даяарчилсан дэлхийд инновациас үүдэлтэй бүтээлч сүйрэл явагддаг. Тиймээс Монголд Монголын онцлогийг агуулсан Монголын консерватив идеологи байхаас өөр арга байхгүй. Монголын консерватив идеологийг даяарчилсан дэлхийд явуулахын тулд Үндэстний Хөрөнгө Оруулалтын Санг (ҮХОС) бий болгох ёстой. Үндэстний Хөрөнгө Оруулалтын Сангаар дамжуулан Монголын эдийн засгийг даяарчлах, дэлхийн эдийн засаг дахь Монголын байр суурийг бэхжүүлэх, эдийн засгийг дэлхийтэй холбож ашгийг нь Монголын бүтээн байгуулалтанд зориулна. Үндэстний аж үйлдвэрийг даяарчлалын давалгаан амжилттай авч үлдэхийн тулд Монголын консерватив идеологи байхаас өөр арга байхгүй ба Монголын консерватив идеологийг хэрэгжүүлэхийн тулд Үндэстний Хөрөнгө Оруулалтын Санг бий болгохоос өөр арга байхгүй.
Б.Үнэнбат
URL: