Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулиудыг эцэслэн баталлаа
Өчигдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийв.
Төсвийн байнгын хороо 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийхдээ нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төслүүдэд нэмж тусгасан байна.
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд орсон өөрчлөлтийн талаар:
1. Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн дотоод эх үүсвэрээс олгох зээлийг 60 тэрбум төгрөгөөр бууруулж, Сангийн сайдын төсвийн багцын моргейжийн хөтөлбөрийн зээлийн хүүгийн татаасыг 60 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.
2. Сангийн сайдын төсвийн багцын эргэж төлөгдөх зээлийг 98 тэрбум 700.0 сая төгрөгөөр, мөн сайдын төсвийн багцын гадаад зээл тусламжаас санхүүжих зардлыг 100 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар болсон байна.
3. Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын “Эрүүл шүд хөтөлбөр”-ийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж 5 тэрбум 300 сая төгрөгөөр бууруулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
4. Зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзэж, урсгал зардлыг нийт 89 тэрбум 767.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.
5. Улсын төсвийн хөрөнгөөр 2020 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнг төсөл, арга хэмжээний 2019 оны хэрэгжилт, гүйцэтгэлтэй нь уялдуулан, мөн төсвийн төлөвлөлтийг сайжруулах үүднээс нийт 126 тэрбум 315.3 сая төгрөгөөр бууруулахаар болжээ. Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах ажлын хүрээнд 2020 оны төсвийн жилд зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, түүнчлэн хүн амын өсөлттэй уялдуулан Нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх зорилгоор 2020 оны төсвийн жилд улсын төсвөөс санхүүжүүлж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжүүлэх дүнг 296 тэрбум 547.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр улсын төсвийн хөрөнгөөр 4 их наяд 233 тэрбум 926.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 1427 төсөл арга хэмжээг 2020 онд 1 их наяд 828 тэрбум 930.3 сая төгрөгөөр санхүүжүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.
6. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын бонд худалдан авахаас гадна Монголбанкны үнэт цаас худалдан авах эрх зүйн зохицуулалтыг нээж өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Ийнхүү нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцүү байхаар тооцжээ.
Нэгдсэн хуралдаанаар төслийн 2 дахь хэлэлцүүлгийг хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёололд үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах зардлын хэмжээ, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа, төслүүдийн дугаарт холбогдох өөрчлөлтүүдийг хийсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Н.Амарзаяа, Ж.Мөнхбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэг дууссан бөгөөд үргэлжлүүлэн хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож, тус бүрээр нь санал хураалт явуулсны эцэст хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулиудыг баталлаа.
Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг батлав
Нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.19 дэх хэсгийг үндэслэн “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хорооноос боловсруулан, 2019 оны 11
Тогтоолын төсөлд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төсвийн сахилга бат, хариуцлагыг бүх түвшинд чангатгаж ажиллах, Засгийн газрын тусгай сангийн зээлдэгчийг сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэхтэй холбогдсон журмыг баталж мөрдүүлэх, ипотекийн зээлийн эх үүсвэрийг 2018 оны түвшинд хүргэх, газрын бүртгэлийг цахимжуулж, төлбөрийг хуулийн дагуу ногдуулан, хураах ажлыг эрчимжүүлэх талаар тусгажээ.
Тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдээс тогтоолын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, тогтоолыг баталснаар энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: