Ууцгүй цагаан сарыг Цагаан сар гэдэггүй

Саяхан хэсэг хүмүүс нийлж байгаад Цагаан сараар ууц битгий тавь хэмээн уриалав. Энэ нь эдийн засгийн хэмнэлт хийх сайхан арга хэмээн тэд тайлбарлаж байна. Хэрэглэгчдийнхээ төлөө юу ч хийдэггүй Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, өөрсдийгөө юм хийж байна хэмээн боломж гарвал л шоуддаг Үйлдвэрчний эвлэлийнхэн ингэж хэлсэн юм байна.

Ер нь хэзээ байтлаа ууцгүй Цагаан сар гэж байлаа. Одоо байтугай социализмын үед ч, картын бараанд дугаарлаж зогсох үедээ ч бид ууцаа тавьсаар ирсэн хүмүүс. Ууц, буузгүй баяр хийе гээд байх юм. Тийм баяр бол ёолк шүү дээ. Ёолкийг л тэгж тэмдэглэдэг. Уламжлалт, үндэсний баяраа тэмдэглэх ёс заншлаа бид хэн нэгний сэтгэлийн хөөрлөөр өөрчилж болохгүй, өөрчлөгдөх ч үгүй зүйл юм.

Цагаан сараар ууц тавина гэдэг хамгийн энгийн утгаараа монголчууд бид хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа хэдэн малчдаа дэмжиж байгаа үйл явдал. Монгол нь монголоо дэмжиж байгаа хэрэг биз дээ. Уламжлал, бэлгэ дэмбэрлээ бодох юм бол ирэх жилдээ элбэг дэлбэг, хангалуун сайхан амьдрахын илэрхийлэл.

Ууц тавилаа гээд бид хорж хоосрох гээд байгаа хэрэг үү. Эрүүл ахуйд нийцдэггүй ч гэх шиг солиотой зүйл ярихаасаа ичмээр юм. Гадаадаас орж ирж буй түм буман баталгаагүй бүтээгдэхүүний тухайд ингэж ярина уу гэхээс монгол хүн монгол малынхаа махнаас хордлого авч байсан түүх байхгүй ээ. Арабууд хүртэл их мөргөлийнхөө үеэр буян болгож хонины махыг их хэмжээгээр бэлтгэн бусдыгаа дайлдаг гэдэг.

Ууцтай холбоотой өөр нэг гэнэн гэмээр яриа бол Цагаан сараас хойш ууцны мах, тэр их өөхийг хаяхаас арга байдаггүй гэнэ. Угаасаа сар хуучрахаар идээ, битүүлгээ хурааж хол ойрын ах дүү, амраг садандаа хувь хүртээж явуулдаг шүү дээ. Ингэхээр идэж барахгүй гээд байгаа идээ шүүс дороо л дундраад ирнэ. Тэр бүр өөх идээд байдаггүй хот газрынхан бол Цагаан сарын дараа хөдөө байдаг хамаатан садан, ах дүүдээ ууцаа таллаад явуулчихдаг. Хавирга нэвт үлээсэн хаврын урт шар өдрүүдийг туулахад шим шүүс сайтай хонины мах яасан их хэрэгтэй гээч. Хаврыг харшилгүй давахын нэг үндэс ч ууц, ул боов юм шүү.

Хаврын тэргүүн сар гарч, ураг саднаараа уулзан золгох өдөр бол Цагаан сар. Тиймээс хол ойроос ирсэн зочид гийчдээ угтахдаа заавал хүндэтгэлийн идээ, будаа засч дайлдаг нь монгол ёс. Тэрхүү хүндэтгэлийн идээний дээд нь ууц билээ. Ууц үгүй хүндэтгэл дутна. Хүндэтгэл үгүй бол ёслол багадна. Ёсон үгүй бол заншил дутна. Заншил үгүй бол Монгол маань яах билээ.

Д.ОЮУНТУЯА

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих