Б.Баярмагнай: Нэг л удаа цуглаад шууд дайрахыг шаардсан учраас би фронтоос гарсан
Монголын Үндэсний фронтын Удирдах зөвлөлийн гишүүдийн зарласан өнөөдрийн Хэвлэлийн бага хурлыг анхааралтай сонслоо. Нэгэнт тэд эхэлж дуугарсан болохоор би одоо хариу тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ.
Нэг. 11 сарын 6-ны орой Нийслэлийн ЗДТГ-аас 11 сарын 7-ны өдрийн жагсаал цуглааныг Төрийн ёслолын арга хэмжээтэй учир 8-ны өдөр болгон хойшлуулсантай холбогдуулан Удирдах зөвлөл яаралтай хуралдсан юм. Энэ үед 8-ны өдөр болгон хойшлуулах талаар миний бие санал оруулсан боловч удирдах зөвлөл дээр цөөнх болж санал дэмжигдээгүй билээ. Ингээд 7-ны өдөр цугласан иргэдтэй уулзаж бодит байдлыг тайлбарласан ба энэ үеэр удирдах зөвлөлийн гишүүдээс төв зам хаах тушаалыг дур мэдэн өгч эмх замбараагүй байдал үүсгэж эхэлсэн учир миний бие тэр даруй тэр өдрийн арга хэмжээг хаасан тухай зарлаад 8-ны зөвшөөрөгдсөн өдөр жагсахыг уриалсан юм. 11 сарын 8-ны өдөр жагсаал, цуглааны үеэр миний бие удирдах зөвлөлийн бусад 3 гишүүний хамт төрийн ордонд шаардлага хүргүүлэхээр орсон ба шаардлагын хариуг аваад гарч ирэх үед Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр жагсагчдыг 2 хэсэгт хуваан төрийн ордны баруун, зүүн жигүүрээс хашааг нь давах тушаал өгчихсөн зогсож байсан./Бичлэг доор бий/ Миний бие яаралтай хүрч ирэн хэн ийм тушаал өгсөн юм бэ? Яаж байгаа юм? гэхэд Ц.Мөнбаяр өөдөөс Би өгсөн юм. Яадгийн гэсэн.
Тэр даруй шаардлагын хариуг танилцуулан удирдах зөвлөлтэй жагсаал, цуглааныг тараах тухай ярилцах зуур Ш.Гантулга намайг илтэд гутаасан үг хэлж байв. Ш.Гантулгыг үгээ хэлээд дуусмагц би микрофоныг авч жагсаал, цуглааныг хаасныг мэдэгдсэн юм. Хаасныг мэдэгдсэний дараа Б.Батсайхан, П.Шинжээравдан нар үргэлжлүүлэн үг хэлж 15-ны өдөр ард иргэдийг хүчирхийлэлд уриалсаар байв.
Би Болдбаатар генералд хандан жагсаал, цуглааныг яаралтай тараахыг сануулаад тэр өдөртөө ямар нэгэн хэл шуугиангүй жагсаал, цуглаан өндөрлөрлсөн юм. Маргааш нь Удирдах зөвлөл хуралдах үеэр би нээж бидний эхний зорилго Монголын ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөх зорилго биеллээ гэж дүгнэхэд Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар,З.Болдбаатар нар дэмжсэн юм. Гэтэл Ц.Мөнхбаяр маш их хорсолтойгоор надад хандан “Чи Тагнуул, Цагдаатай нийлэн биднээс урваж 7 болон 8-ны өдөр болсон жагсаалын үеэр төрийн ордон руу дайрах байсан ажиллагааг тасалдуулсан гэж дайрав. Дараа нь Ш.Гантулга бид удирдагчаасаа болоод ялагдал хүлээлээ, хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэв. Бусад гишүүд 8-ны жагсаалыг ялагдал хэмээн үзэж бүх хариуцлагыг ганцхан удирдагч үүрэх ёстой гэсэн билээ. Би дайрч давшилсан бусад үгийг энд хасав. Нэгэнт удирдах зөвлөл надад итгэхгүй байгаа, намайг урвагч гэж үзсэн, надаар удирдуулахгүй гэдгээ хэлсэн учир надад сонголт үлдээгүй юм. Дээр нь 15-ны жагсаалд чиний үгэнд орохгүй, жагсаал, цуглаан ч хийхгүй, шууд цуглаад л ордон руу шууд дайрна гэсэн нь надад захирагдахаа нэгэнт өнгөрснийг гэрчилнэ. Тэр өдөр маш ширүүн над руу дайрч байсан учир би 3 хоног хүлээе гэж завсарлага аваад маргааш нь шийдвэрээ гаргасан. Учир нь Би хүчирхийллийн замыг сонгоогүй. Надаас болж жирийн иргэн хохирох ёсгүй. Миний хэлсэн ярьсан зүйл бол бид эхлээд Монголынхоо ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Эхлээд 100,000 дараа нь 200,000 дараа нь 500,000 болох ёстой. 21 аймаг, 9 дүүрэгт салбар байгуулна. Аажим аажмаар хүчирхэгжинэ. Тэгэж байж бид төр засагт шахалт үзүүлэн амжилтад хүрнэ гэсэн юм. /Бүх бичлэгт энэ үг бий./ Харин нөхөд маань нэг л удаа цуглаад шууд дайрахыг шаардсан юм. Тиймээс нэг ч өдөр эргэлзэлгүйгээр фронтоос гарах ёстой гээд шийдвэрээ гаргасан билээ.
Би өөрийн үзэл бодлоос ухраагүй байгаа. Монголын төрд шургалсан урвагч, луйварчид, төрийн өмчийн хулгайчид, оффшорчид, авлигачидыг хатуу шийтгэх тэмцлээ зогсоохгүй. Би тайван замаар, хуулийн дагуу, зөв хүмүүстэй тэмцлээ үргэлжлүүлнэ. Намайг дагаж, надад итгэж ирсэн мянга мянган иргэдийн итгэлийг хугалахгүй ээ. Би зорьсон зорилгоо биелүүлээд ард олныхоо итгэлийг эргүүлээд авч чадна. Намайг гүтгэн доромжилж, харлуулах гэсэн эрх баригчдын гар хөл болсон бичигч нарын үгэнд би эмзэглэхгүй. Яагаад гэвэл намайг хамгийн сайн мэдэх хүмүүс надтай хамт алба хааж байсан, үүрэг гүйцэтгэж байсан, миний удирдлагад байсан бүх хүмүүс хэн болохыг минь мэдэхийн дээдээр мэднэ.
Хүндэтгэсэн
бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай
URL: