Засгийн газрын хууль санаачлах бүрэн эрхэд ХЗДХЯ-ны газрын дарга “халдсан” гэв үү
Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан байдаг. Үүний тулд хууль санаачлах эрх гагцхүү Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газарт байж, эдгээр субьектийн зүгээс хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулдаг.
Харамсалтай нь Засгийн газрын хурлаар орж хэлцэгдэн дэмжигдэж, өргөн баригдсан хуулийн төслийг Хууль зүйн яамны газрын дарга нэгэн эрхэм дур мэдэн өөрчилж, тэр нь бусдад мэдэгдэлгүй явсаар УИХ-ын чуулганаар ороод хууль болж батлагдчихсан талаар яригдах боллоо.
Хэдэн жилийн өмнө ийм үйл явдал болж, олон нийтийн шүүмжлэл дагуулж байсныг иргэд та бүхэн мартаагүй биз. Юу гэвэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “орондоо хууль зассан” тухай мэдээл гарч бөөн шуугиан болж байсан. Тэгвэл энэ удаад түүнийг мөн л ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх хугацаанд 30 гаруйхан настай “жаалхүү” атлаа тус яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзориг гэгч баллачихав уу даа гэсэн шуугиан төрийн ордонд эзэнгүй тэнүүчилж явна.
П.Сайнзориг нь өмнө нь ХЗДХЯ-д мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Ховдоос сонгогдож УИХ-ын гишүүн болсон, өмнө ХЗДХ-ын сайдаар ажиллаж байсан С.Бямбацогт гишүүний сонгуулийн менежерээр ажилласныхаа “шанд”, түүнийг сайд болоход нь яамныхаа Хууль зүйн бодлогын газрын дарга болсон гэдэг. С.Бямбацогт сайдын суудлаа Ц.Нямдорж сайдад хүлээлгэн өгөхдөө П.Сайнзоригийг албан тушаалд нь хэвээр үлдээхийг аминчлан захисан учир тэрбээр өдгөө хүртэл албан тушаалдаа хэвээр ажиллаж байгаа гэсэн яриа ХЗДХ-ын яамаар “хэсдэг” юм билээ.
30 гаруйхан настай энэ “жаалхүү” хүний шахаас, дэмжлэгээр яаж Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга болсон нь иргэд бидэнд хамаагүй, дүүрсэн хэрэг гэж бодьё. Гэтэл огт чимээгүй үлдээх болохгүй төдийгүй, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд дур зоргоороо халдсан гэмээр, төрийн эсрэг чиглэсэн эрүүгийн ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь хэзээ ч уучилж болохгүй санагдана.
Хэрвээ ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжигдсэн хуулийн төслийг дур мэдэн хууль зассан, тэр нь УИХ–ын чуулганаар ороод батлагдчихсан нь үнэн бол П.Сайнзориг хариуцлага хүлээгээд зогсохгүй, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, цаашлаад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, тус газрын холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой болж байгаа юм.
П.Сайнзоригтой холбоотой “хууль засаж батлуулсан” тухай асуудал олны сонорт хүрэлгүй “хав дарагдсан” гэх юм.
2016 оны 11 сард Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан байдаг. Гэтэл ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг түр буцааж аваад, буцааж өгөхдөө дээр хэлсэн засварыг оруулчихсан гэж ярьдаг юм билээ.
Тухайн үед ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, өдгөө ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж Ш.Солонго энэ асуудлыг “гадарлаад”, хуулийн төсөлд “гар дүрсэн” П.Сайнзориг нарын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг ХЗДХ-ийн яамны тухайн үеийн удирдлагуудаас шаардаж байсан гэх яриа бий. Харамсалтай нь ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригийн “өрөөндөө зассан” Хилийн тухай хуулийн төсөл бусдад мэдэгдэлгүй яван явсаар тэр чигээрээ УИХ-ын чуулганаар ороод батлагдчихсан гэдэг. Магадгүй түүний зассан өөрчилсөн гэх Хилийн тухай хуулийн тухайн заалтын цаана ямар нэг байдлаар гадна дотнын элдэв ашиг сонирхол орчихсон байхыг хэн үгүйсгэх вэ?
Монгол Улс төртэй, хуультай, хууль хяналтын байгууллагатай тусгаар тогтносон улс. Тиймээс ТЕГ, АТГ зэрэг холбогдох хуулийн байгууллагаас ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг мэтийн эрх мэдэл, албан тушаалдаа эрдсэн, төрийн хууль тогтоох эрх мэдэлд халдсан, эргүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхдүүдийг шалгаж, үнэхээр хууль зөрчсөн бол зохих хариуцлагыг нь хүлээлгэх ёстой.
Эс бөгөөс хэн дуртай албан тушаалтан хууль санаачлах, хууль батлахын тулд ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч, УИХ-ын болон УИХ-аас томилдог Засгийн газрын эрх мэдэлд дураараа халддаг байдал хэвийн үзэгдэл болох нь байна шүү дээ.
URL: