Сэхвэл сэхээд сөнөвөл сөнөцгөөе

7088

90-ээд онд “Боловсрол бол өрсөлдөөн. Чадалтай, ухаантай нь боловсролтой болно. Чадалгүй нь хар ажил хийнэ.” гэж их ярьж, бичиж байв.

Учир нь социалист боловсролын систем хүн бүрийг өндөр боловсролтой, зөв төлөвшилтэй хүн болгох зорилготой байв. Үүнийх нь эсрэг ингэж байсан хэрэг.

Одоо 30 жилийн хойно эргээд харахад, ямар аймшигтай тархины нядлагаа хийгээ вэ гэдэг нь тодорхой болж байна.

Монгол улсын хүн ам 3.2 сая. Энэ улсад боловсролыг ширэнгийн хуулиар буюу хүчтэй нь л олж авдаг гэж ойлгодог. Мөнгөтэй хүн үнэтэй сургуульд хүүхдээ явуулна. Гүйцээ. Гэтэл Хятад улсад нарийн шинжлэх ухааны мэргэшлийн 3.2 сая хүн дор хаяж байгаа. Манай хүн амтай тэнцэх эрдэмтэд байгаа.

Бид Хятад улстай яаж өрсөлдөх вэ. Мөнхийн хөршдөө үнэ хүндтэй байх вэ? Мэдээж мэдлэг боловсролоор.

Ийм улс орны ерөнхий сайдын хийх ажил маш тодорхой. Хүүхэд бүрийг алдалгүй боловсруулах. Хятадууд тооноос чанарт шилжих хуулийг ашигладаг юм байж. Гэтэл бидэнд тоо байхгүй. Бидэнд ганцхан чанар гэсэн цор сонголт л бий. Гэтэл тэрнийгээ ингээд 90-ээд онд тархины нядлагаа гэж би дээр хэлсэн, хийгээд нядлаж орхисон.

Зах зээлд хүчтэй нь амьд үлдэж, хүчгүй нь үхдэг юмаа гэж бид сурталдаад, пропаганда хийгээ хэдэн мянган хүнээ архин далайд алдсан. Өвгөнтөд алдсан. Энэ бол тархины нядлагаа. Тархи нь ялзарсан, нүд нь сохорсон хүнээс л ийм үг гарна.

Бидэнд тоо байхгүй. Бид тоогоороо хэнийг ч барахгүй. Тийм учир бидэнд ЧАНАР гэсэн ганцхан л сонголт байдаг юм. Тийм учраас монгол 1 ширхэг хүн бүр ерөнхий сайдад үнэтэй байдаг юм.

Монгол улс махчин араатнаар дүүрсэн ширэнгэ ой болох биш харин Монгол үндэстэн дэлхий хэмээх ширэнгэн ойн дундуур алхаж яваа юм. Үүнийг ойлгоход уг нь их ухаан хэрэггүй.

Бид улс дотроо тэр ширэнгэн ойгоо бүтээлээ. Зэрлэг капитализм гэдэг байх аа. Тийм ч учраас бид боловсролын системээ гаргууд хаясан. Улс төрчдийн хүүхдүүдийн 95 хувь хувийн төлбөртэй сургуульд сурдаг гэж айкон сайт мэдээллэсэн байна билээ. Тиймээ бид хүчтэй нь л амьд үлддэг ширэнгэн ойгоо 30 жилийн дотор амжилттай байгуулжээ.

1.4 тэрбум хүнтэй Хятад хэмээх аварга том улстай 3.2 сая хүнтэй Монгол дэлхийн зах зээлд өрсөлдөхөд хүн бүрийн толгой дэндүү үнэ цэнэтэй. Учир нь бидэнд тоо байхгүй. Бид чанар хөөхөөс өөр ямар ч аргагүй.

Арабчуудын барилгыг нь энэтхэг, пакистанчууд барьдаг юм билээ. Хүүхдийг нь филиппинчүүд асардаг.

1921 онд бидэнд хүүхдээ сүмд явуулж төвд бичиг сургахаас өөр сонголт байгаагүй. 1991 он гэхэд бид дэлхийд дээр жагсах боловсролын системтэй болсон байв.

Миний ээж, эмээ, өвөө багш нар. Тэд социалист нийгэмд яаж хамгийн өндөр цалинтай, хамгийн нэр хүндтэй хүмүүс байгаад 90-ээд оны их тархины нядлагааны үеэр яаж хамгийн бага цалинтай, хамгийн хэрэггүй хүмүүс болж хувирахыг би өөрийн нүдээр харсан учир бичиж байна.

Хамгийн бага цалинтай хүмүүсээр үр сад, ирээдүй хойчоо бэлдүүлдэг тийм ерөнхий сайд гэж энэ хорвоо дээр байх уу?!

Бидэнд БОЛОВСРОЛЫН РЕФОРМ хэрэгтэй. Бид 1 жил алдахад л 30 мянган хүүхэд төгсөөд явчихаж байна.

7086

Darjaa Magsarjav‎ 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих