АН-ын 100 сая “алдарт” 60 тэрбумаас юугаараа ялгаатай вэ
Өнгөрөгч амралтын өдрөөр АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ гар утсаа унтрааж байгаад тун нухацтай бөгөөд нууцгай хуралдсан юм байх. Ордон дотор өөрсдийгөө ингэж орчлонгоос тусгаарлах болсон нь мөнөөх л мөнгө төгрөгтэй холбоотой байж.
Сөрөг хүчний ҮБХ хурлаараа хэлэлцсэн гол асуудал нь 2020 оны сонгууль хийгээд нэр дэвшигчид 100 сая төгрөг намдаа тушаах тухай байжээ. Ийм хэмжээний мөнгө намдаа өргөх бэл бэнчинтэй хүн байдаг нь байдаг л байх. Гэхдээ ховор.
Сонгох, сонгогдох нь монгол хүний хуулиар олгогдсон эрх. Харин АН-ынхан энэ эрхийг нэг хэсгээс нь булааж зөвхөн мөнгөтэй хүний гарт өгч байгаа юм байна. Ерөөсөө төрд мөнгөтэй хүн гарах арга замыг л засч өгч байгаа хэрэг. Энэ 100 сая ард түмнийхээ төлөө зориулж байгаа мөнгө огт биш. Харин Монголын төрийн хазаар цулбуурыг бараг барилцаж байгаа улс төрийн намыг улам хүчирхэгжүүлэх боломж.
Улс төрд хэчнээн хайртай дуртай, дур хүсэлтэй байлаа гээд үүний төлөө 100 сая төгрөгөө зүгээр нэг хаячих тэнэг гэж хаана ч байхгүй. Эрх мэдэлд хүрч байгаад эргүүлж олж авна, ингэхдээ хэд дахин өсгөөд гэсэн холын тооцоо байж л таарна. Угаасаа үүний төлөө л улс төрд ордог болохоос биш эх орон ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй нь хэн байсан юм. Хэнийг ингэж тодотгож чадах билээ.
АН Монголын улс төрийн хоёр дахь том нам. Аль ч талаасаа. Гэтэл бодлого нь ийм, улс төр бизнес хоёрыг зэрэгцүүлсэн олигархи тогтолцоог орой дээрээ залж нүглээ зузаалах нь. Улс төр бизнес хоёр нэг хөнжилд “уралцаж”, төр мафижсан ашиг сонирхлын бүлэглэл болж хувирсан нь Монголын өнөөгийн эмгэнэл.
Ингэж улс төрийг хөрөнгө мөнгөтэй хамт “өлгийдсөнөөр” Монголын төрд эдийн засагчид, хуульчид, салбар салбарын шилдэгүүд гээд ёс зүйтэй шударга хүмүүс АН-аар дамжиж парламентад лав орж ирэхгүй юм байна. Яагаад гэвэл тэд мөнгөгүй. Хэрэв хэн нэгний дэмжлэгтэйгээр гарлаа гэхэд аль нэг компани, мөнгөтэй нэгний хармааны хүн болж хувирна. Ийм л зам байна.
Эх сурвалжийн мэдээлснээр тойрогт нэр дэвших хүсэлтэй ҮБХ-ны гишүүд намынхаа даргатай 2019 оны дөрөвдүгээр сар хүртэл гэрээ байгуулахаар болжээ. Ингэхдээ 100 сая төгрөгөө өгөөд намаасаа гарч ирэхгүй, тойрогт нэр дэвших боломжгүйд хүрвэл тухайн гишүүндээ улс төрийн дэмжлэг үзүүлэхээр гэрээлэх гэнэ. Өөрөөр хэлбэл улс төрийн дэмжлэг гэдэг нь 100 сая төгрөгөө өгсөн ч намынхаа дотоод сунгаанаас гарч чадахгүй сугарч үлдсэн нэгнээ албан тушаалаар урамшуулах юм байна. Үүнийг албан тушаалын наймаа биш гэж хэлэх үү.
Хэдхэн хоногийн өмнө алдарт 60 тэрбумын схемийг хэрэгжүүлээгүй хэрнээ хэлсэн ярьсан нөхдүүд шүүхээс ял зэмлэл хүртлээ. Албан тушаалыг мөнгөөр үнэлсэн нь төрийн эрх мэдлийг булааж авах гэсэн үйлдэл хэмээн буруутгасан. Харин тэгвэл АН-ын 100 сая энэ 60 тэрбумаас ямар ялгаатай юм бэ. Адилхан л намд очих мөнгө.
УИХ-д нэр дэвшихийн тулд намдаа 100 саяыг өгөх, төрийн албан тушаалыг мөнгөөр үнэлэх хоёрын хооронд “Илт бие дүр өөр боловч идэхийг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй” биш гэж үү. УИХ-ын гишүүн гэдэг чинь бас л төрийн алба шүү дээ.
П.Булган
URL: