Монголбанкийг мөнгө хэвлэх утсан хүүхэлдэй удирдах уу
-Н.Баяртсайхан “саарал жагсаалт”-д оруулсандаа бус мөнгө хэвлээгүйнхээ төлөө огцорч байна-
Тухайн үед Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны үйл ажиллагааны тайланг хэлэлцсэн. Гэвч эрх баригч намын төлөөллөөс голдуу бүрдсэн ирцтэй Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг даргалсан Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Монголбанкийг ердөө мөнгө нийлүүлэхийг шахсан тулгалтыг ихэвчлэн тавьсан. Тухайлбал, эдийн засагт мөнгө оруулж ирэх гол бодлого, шийдвэрийг гаргах ёстой Засгийн газар, УИХ нь огт ажлаа хийж чадаагүй байж, ам.долларын ханш 2600 давсныг дан ганц Монголбанкны ажил юм шигээр төгрөгийг тогтоон барьж чадсангүй гэдэг асуудлыг тавьж байв. Мөн Я.Содбаатар нарын гишүүд “ханшийг ямар нэгэн аргаар тогтворжуулах, эдийн засагт мөнгө нийлүүлэх, зээлийн хүүг бууруулах хэрэгтэй гэх шахалтыг ч илэрхийлж байсан. Бизнес эрхэлдэг гишүүд зээлийн хүү өндөр байна.Төвбанк яагаад зээлийн хүүг бууруулахгүй байна гэдэг асуудлыг тавьж байсан.Үнэн хэрэгтээ зээлийн хүүг хүчээр бууруулахын оронд макро орчноо сайжруулах шаардлагатай байгааг эдийн засагчид байнга хэлж учирладаг. Хэрвээ хүчээр бууруулбал өнөөдрийнхөөс долоон дор байдалд орно гэж үздэг.
Үндсэндээ Н.Баяртсайхан эдийн засагч, Монголбанкны ерөнхийлөгчийн хувиар зарчмын шаардлага, тайлбарыг хийсэн ч эрх баригчид ханшийг хүчээр тогтворжуулахын тулд Төвбанкнаас нөөцийг гаргуулах, мөн сонгуулийн жил ирж байгаатай холбогдуулан мөнгөний бодлогын хүүг буулгах, мөнгө хэвлүүлэх шахалтүзүүлж эхэлсэн. Ингэж л тэдний асуудал эхэлж, Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах чиглэлийг УИХ-ын даргаас өгч эхэлсэн бөгөөд ёстой л тохироо нь бүрдсэн гэдэг шиг улс “саарал жагсаалт”-д орж, хариуцлагыг нь Н.Баяртсайханд үүрүүллээ.
Үүнийг батлах мэт Н.Баяртсайхан УИХ-ын даргад хүргүүлсэн ил захидалдаа “Аливаа орны Төвбанк нь мөнгөн тэмдэгт хэвлэн гүйлгээнд оруулах онцгой эрхтэй, энэ эрхийг хэрэгжүүлэгч байгууллагыг хараа хяналтдаа оруулах оролдлого улс орон болгонд өрнөж ирсэн тул Төвбанкны бие даасан, хараат бус үйл ажиллагааг хангах зарчим дэлхий даяар мөрдөгддөг. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэл УИХ-ын дэмжлэгтэйгээр хийгдэж Монголбанкны үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрэв.Монголбанкны Ерөнхийлөгч дангаар шийддэг байсан олон асуудлыг одоо Захирлуудын зөвлөл, Банкны Хяналт шалгалтын хороо, Мөнгөний бодлогын хороо, Хяналтын зөвлөл гэсэн хуулийн хүрээнд байгуулагдсан бүтцүүд дээр хэлэлцэгдэн олонхоор шийдвэр гаргах боллоо. Монголбанкны Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх нь Монголбанк хэмээх 500 орчим ажилтантай баг, хамт олны үйл ажиллагааг дүгнэх явдал тул асуудалд бодитой хандаж, шударга, үнэн зөв ажиллахыг хүсье. Төвбанкны Ерөнхийлөгчийг хугацаанаас өмнө чөлөөлнө гэдэг нь Төвбанкны бие даасан, хараат бус байдалд нөлөөлж буй явдал.1990 оноос хойш Монголбанкны Ерөнхийлөгчөөр 8 хүн ажилласнаас зөвхөн нэг Ерөнхийлөгч л бүрэн эрхийн хугацаагаа дуусгажээ” гэж дурдсан нь бий.
Н.Баяртсайханы захидлыг ердөө л энэхэн хэсэг, УИХ-аас түүнд хариуцлага тооцох нэрээр огцруулж буй нь цаагуураа эрх баригчид өөрсдийн санаагаа гүйцэлдүүлж, Монголбанкийг хараат болгох гэсэн санаархал гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Хэрвээ зургаадугаар сард эрх баригчдын мөнгө хэвлүүлэх гээд байгаа санааг нь гүйцэлдүүлсэн бол Н.Баяртсайхантай өнөөдөр хариуцлагын асуудал ярихгүй л байсан болов уу. Харамсалтай нь тэр “Монголбанк хараат бус” байх ёстойг “хэт ухамсарласан” учраас ажлаа өгөх нь гарцаагүй боллоо. Харин дараагийн хүн нь эрх баригчдын утсан хүүхэлдэй байж мөнгө хэвлэх ёстой юу. Тэд тийм л хүнээр Төвбанкаа удирдуулах уу.
URL: