Мөнгө угаасан гэх хэргээр АТГ-т шалгуулсан НАЙМАН ГИШҮҮН хэн бэ
УИХ-ын нэр бүхий найман гишүүн ЖДҮХС-гаас авсан зээлийн мөнгөө өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн ББСБ-д байршуулсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Иргэдийн шударга бусын өмнө туйлдах хэм хэмжээ оргилдоо хүрч байна. Иргэд юунд бухимдаж, нийгэм яагаад нэг л ороо бусгай болоод байгаагийн учир шалтгаан нь төрийг хэрсэн авлига, албан тушаалтнуудад олддог давуу эрх хэрээс хэтэрсэн учраас тэр. УИХ-ын гишүүн болов уу үгүй юү ЖДҮХ санг “хувьчилж” авсан гишүүдээс өнөөгийн улс төр ямар хэмжээнд хүрсэн нь шууд харагдана. Хэтэрхий уваайгүй тэд хуулийг ч мөн халаасласан нь олон үйлдэлт хэргүүдээс нь харагддаг. Сонгогчдынхоо овоо хараанд нэр ус, хийсэн хэрэг, нуусан булхай, авсан зээлийнхээ хэмжээтэйгээ багтчихаад байгаа тэдэнд ирэх сонгуулиар итгэл өвөрлүүлэх хүн олдохгүй л болов уу. Иргэдийг итгэлээ алдахад нь нэмэр болох нэгэн ноцтой мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрөгч баасан гарагт Төрийн ордноос хүргэсэн юм.
Иргэдийн хэдийнэ мэддэг болсон, ЖДҮ-чин гэгдэх гишүүдийн наймыг нь АТГ-аас мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаад буруутайг нь тогтоогоод прокурорт хэргийг нь шилжүүлчихсэн байгаа юм байна. Гэтэл мөнгө угаасан гэдэг нь нэгэнт нотлогдчихсон нэр бүхий найман гишүүний хавтаст хэрэг прокурор дээр “түгжигдсэн” байгааг эх сурвалж хэлж байгаа юм. Тэгвэл эдгээр найман гишүүн хэн бэ гэх таавар өрнөж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Одоо прокурор ажлаа хийх л үлдлээ. Мөнгө угаасан гишүүдээ хэдий болтол хамгаалах вэ. Прокурор эцсийн дүнг тавих ч АТГ-аас шалгаад буруутайг нь тогтоосон. Эдгээр найман гишүүний нэрийг албан ёсоор зарлахгүй байна” гэв. Хамгийн олуулаа хуйвалдах байдлаар тусгай сангийн мөнгийг цөлмөсөн гишүүд ийнхүү энэ парламентын шүдний өвчин, нүдний хог боллоо. ЖДҮХ сангийн зээл гэгчийг иргэнд өгөхгүйгээр эрх мэдэл, албан тушаал, давуу эрхээр лүндэн буулгаж хамаарал бүхий компани, хувийн аж ахуй, ББСБ зэрэг рүү татан авсан нь баримтаар тодорхой болчихсон дараах гишүүдээс наймыг нь таах таавар нэгэнт эхэлжээ. Мэдээж “Мөнгө угаасан” гэж байгаа учраас барьцаалан зээлдүүлэх байгууллагатай, хувийн банктай гишүүд байх нь гарцаагүй. Монгол Улсад барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг буюу бидний нэрлэж заншснаар Банк бус санхүүгийн 540 байгууллага байгаа гэдэг тоог Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан байдаг. ББСБ-уудын үйл ажилагааг Санхүүгийн зохицуулах хороо үндсэн чиг үүргийн хүрээнд хянадаг. Хэрэв банк, санхүүгийн байгууллагаар мөнгө угаасан гэж тооцвол, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нэгдүгээрт эрэмбэлэгдэнэ. Тэрбээр ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэйгээр авсан. Б.Ундармаа гишүүний хамаарал бүхий “Капитал премиум” ББСБ-ын сарын хүү нь гурван хувь, жилийн хүү нь 30 юм. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр. Тэрбээр ЖДҮХС-гаас хоёр жил дараалан, нийт 1.950.000.000 төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэй авсан байдаг. Тэрбээр “Газар капитал”, “Газар партнерс” ББСБ-тай. Ж.Энхбаяр гишүүний хамаарал бүхий ББСБ-ын зээлийн хүү нь сарын 2.5-3 хувь, жилийн 30-26 хувь юм. Гуравдугаарт, Зам, Тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатар. Түүний ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ хоёр тэрбум. “Тэнүүн Капитал” ББСБ-ыг тэрбээр 100 хувь эзэмшдэг. Иргэдэд сарын 2.6-3 хувь, жилийн 31.2-36 хувийн хүүтэй мөнгө зээлүүлдэг. Түүний дараа УИХ-ын гишүүн Л.Энхболд багтана. ЖДҮХС-гаас авсан зээлийн хэмжээ 950 сая төгрөг. “Ирээдүй инвест” ББСБ-аараа дамжуулж сарын 3-3.5 хувь, жилийн 36-42 хувийн хүүтэй мөнгө зээлдэг.
Хамгийн олуулаа хуйвалдах байдлаар тусгай сангийн мөнгийг цөлмөсөн гишүүд ийнхүү энэ парламентын шүдний өвчин, нүдний хог боллоо
АТГ-аас мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаад буруутайг нь тогтоогоод прокурорт хавтаст хэргийг нь шилжүүлчихээд байгаа найман гишүүдийн дөрөв нь дээрх гишүүд байх хамгийн өндөр магадлалтай. Харин ЖДҮХС-аас зээл авсан гэх бусад нөхдийг нь уншигч танд сануулъя.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар. Тэрбээр эхнэрийнхээ бизнесийг дэмжих зорилгоор тансаг зэрэглэлийн сувилалд нь 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан байдаг. “Epato Anarvaan -Төрсний дараах эх, нярайн сувилал”-д эх хүүхэд долоо хоног сувилуулахад дунджаар 2.9 сая төгрөг төлдөг байна.
ЖДҮХС-аас зээл авсан дараагийн эрх мэдэлтэн нь “Нохой” хочит Б.Батзориг. Тэрбээр, өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас олгосон.
Хуурай өвсөнд тавьсан гал мэт ЖДҮХС-аас их хэмжээний зээл авсан гишүүдийн нэрс тодорсон. Түүний дунд парламентын залуу гишүүдийн нэрс хутгалдсан нь олны дургүйцлийг хүргэсэн. Хэд хэдэн сургуулийн босс, өв залгамжлагч гэгдэх УИХ-ын гишүүн Н.Учрал аавынхаа “Хүннү” компанид ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч өгсөн нь баримтаар дэлгэгдсэн. Ичсэн хүн хүн ална гэгчээр Н.Учрал “Аав авчихсан байсан, би удахгүй төлчихнө” хэмээн мэдэгдэж олны дургүйцлийг улам өдөөсөн. Энэ парламентын хамгийн баян хатагтайгаар тодорсон Н.Оюундарь гишүүн ч ЖДҮХС-гийн зээлээс хол өнгөрсөнгүй ээ. Тэрбээр “Манай хүүгийн “Red star club” гэдэг компани зээл авсан. Би нөлөөлөөгүй. Хүү минь Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан” хэмээн баталсан удаатай. МАН-ын эмэгтэй гишүүд дотроо бас ч гэж даруу төлөв хэмээгддэг Б.Саранчимэг, энэ хөнгөлөлттэй зээлээс зугатаагүй. Төрсөн дүү Б.Одончимэгийнхээ эзэмшдэг “Сингапур Хэльт Кейр Сентер” компанид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 800 сая төгрөг авсан байдаг. МАН-ын ирээдүйтэй залуу гишүүнээр нэрлэгддэг Г.Тэмүүлэн ч мөн “Хулгайч” гишүүдийн тоог нэгээр нэмсэн. Учир нь “Говь спа” цогцолбор хүмүүсийн нэрлэдгээр “Говь саун” ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан нь илчлэгдсэн. Тус цогцолборын эзэн нь Д.Дэнсмаа. “Говь саун”-ы эзэн Д.Дэнсмаа нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн ээж юм.
Алс баруун хязгаар Ховдоос гишүүний эрх өвөртөлсөн азтай нэгэн бол О.Батнасан. Боломжийн хажуугаар тэрбээр ч мөн нүдээ аньж чадсангүй. Тэрбээр төрсөн дүү О.Ганбаатартаа уг зээлийг авч өгсөн байдаг. Үүнийхээ тайлбарт бусдынхаа адил “Би нөлөөлөөгүй” хэмээх брэнд өгүүлбэр ашигласан. Зээл авсан мөнгөөрөө махны үйлдвэр барьж байгааг дуулгасан байдаг. Гэтэл жирийн иргэнд энэ боломж олдсон бол тун ч шударга байх байлаа.
УИХ-ын гишүүдээс тулхтай, буурьтай нь хэмээгддэг Х.Болорчулуун гишүүн өөртөө шинэ файз зүүсэн нь ЖДҮ-чин юм. Тэрбээр, 950 сая төгрөгийн зээлийг хамаарал бүхий компанидаа авчихсан. Уг компаниа тэрбээр үүсгэн байгуулж, өдгөө ч ХОМ-тээ мэдүүлдэг “Дорнод гурил” компани.
Арай ч дээ. Яаж чадаж байна аа. Дээрх гишүүдийн авчихсан, хулгайлчихсан мөнгийг нийлүүлээд бодоод үзвэл шинэ шинэ санаа, боломж хайж, туршиж амьдралаа эхлүүлэх гэж оролдоод мянга мянган төслөө нулимуулсан ажилгүй гэгдэх 120 мянган залуусын алдагдсан боломж. Энэ бол зөвхөн сүүлийн хоёр жилд дампуурч хаалгаа барьсан 6000 компанийн шинэ боломж, өөдлөх гарц байв. Энэ бол ТҮЦ-ээ нүүлгэж дэлгүүрээ хураалгаж, бизнесээ хаалгаж хамгийн гол нь мөрөөдлөө тасдуулсан олон гэр бүлийн өсөж дэвжих боломж байсныг энд сануулъя. Гэтэл ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн нэрс нэг нэгээр ахьсаар л. Г.Солтан гэж гишүүн УИХ-д бий. Баян-Өлгий аймгийнхны дуу хоолой, төлөөлөл. Гэтэл түүний хамаарал бүхий компанийг “Монгол шаазан” хэмээгээд 950 сая төгрөгийг ЖДҮХС-аас авсан хэмээдэг. Тэрбээр өөрөө үгүйсгэдэг ч хууль, шүүхийн өмнө тус компанийг албан ёсоор төлөөлсөн эзэн нь Г.Солтан байдаг юм.
Ард түмэндээ “жижиг” хэмээн нэрлэгддэг монгол бөхийн од нь явсан А.Сүхбат УИХ-ын гишүүн болонгуутаа ард түмний боломжийг хулгайлсан гишүүдийн эгнээнд багтчихсан. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг ийнхүү төрийн ордонд суусан даруйдаа хөсөр хаяж орхисон А.Сүхбат гишүүн өөрийн отгон дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн “Түгээмэл түмэн хишиг” компанид 800 сая төгрөгийн зээл авч өгсөн нь баримтаар нотлогдсон. Ингэж олны хайр хишиг рүү ус цацах хэрэг байсан уу.
ЖДҮ-чин гэх хар жагсаалт дуусахгүй шинэ шинэ нэрсээр баяжсаар Д.Дамба-Очир гэж гишүүнийг мөн л хэрхэн ард түмний боломжоос хулгайлсныг гаргаад ирсэн. Тэрбээр “Сапфир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл авсныг зарласан.
Өдгөө нэн шударга гишүүний дүрд тоглож түүндээ бүрэн автчихаад яваа УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүнс сервис” компанидаа 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банканд хүүлэгдсэн гэдэг. ЖДҮ-чин гишүүдийн дунд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ч багтдаг. Тэрбээр ЖДҮХС-гаас зээл авч өгсөн компаниасаа 120 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй, мөн зээл авч өгсөн компани нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгуулж байгаа гэдгийг албан бус эх сурвалж хэлж байгаа юм.
Гэтэл энэ бол Солонгост боолын хөдөлмөр эрхэлж буй 100 мянга гаруй залуусын эх орондоо, гэр бүлтэйгээ ажил хөдөлмөр эрхлэн элэг бүтэн амьдрах алдагдсан боломжийн өртөг байв. Энэ бол өдгөө төсөвт ч суугаагүй хавдрын эмнэлгийг хангалттай тоног төхөөрөмж, орны багтаажтайгаар барьчих хэмжээний мөнгө байв. Энэ бол Монгол Улсыг эдийн засгийн асар өргөн боломж дунд хөгжүүлэх гарц байв. Гэтэл харамсалтай нь, гишүүд халаасандаа бүхнийг багтаахаар улайран шунасны баталгаа болох тусгай сан болов. Тэгэхээр өнгөрөгч баасан гарагт О.Баасанхүү гишүүний мэдээлсэн Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай хамаарал бүхий 11 иргэн, Аж ахуйн нэгж байгааг АТГ хэрхэн нотолсон, АТГ-ын шилжүүлчихээд байгаа мэдээллийг прокурор хэрхэн задлахыг харах л үлдээд байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
URL: