Хятад улс 10 цагаас хойш интернет видео тоглоом тоглохыг хориглолоо
Хятад улс интернет видео тоглоомонд хүүхэд залуусыг донтохоос сэргийлэн цагийн хорио тогтоолоо. Энэхүү шинэ журманд 18 наснаас доош настай хүүхэд залууст хамаарах ба оройн 10 цагаас өглөөний 8 цаг хүртэл тоглох эрхгүй аж. Ажлын өдрүүдэд зөвхөн 90 минут интернет видео тоглоом тоглох эрхтэй бөгөөд амралтын өдөр болон нийтийн амралтын өдрүүдээр дээд тал нь 3 цаг тоглох эрхтэй байна гэжээ.
Мөн журманд интернет тоглоомонд зарцуулах мөнгөний хэмжээг тусгаж өгсөн ба 8-16 насны тоглоомчид дээд тал нь сард 200 юан буюу 29$ тоглоом луу шилжүүлэх, худалдаа хийх эрхтэй. 16-18 настай тоглоомчид сард дээд тал нь 400 юан (57$) шилжүүлэх эрхтэй гэж заажээ.
Шинхуа мэдээллийн агентлагын мэдээлснээр энэхүү журам нь интернет орчинг цэвэрлэх, залуусын биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гаргасан шийдвэр гэжээ. Журмыг хэрэгжүүлэгч байгууллага нь цагдаагийн байгууллага болон тоглоомын компаниудтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд тоглоомонд бүртгүүлсэн хүүхэд залуусыг үндэсний мэдээллийн архивтай тулган баталгаажуулах юм байна.
Бэйжин хот 2018 оны 8 сард хүүхэд залуусын хараа муудалтыг бууруулах зорилгоор интернет тоглоомын тоог хязгаарлах төлөвлөгөө танилцуулсан бөгөөд 2017 онд залуусыг ихээр донтуулсан “Honor of Kings” гар утасны тоглоомыг ихээр шүүмжилжээ. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2018 оны 6 сард анх удаа интернет тоглоомын донтолтыг өвчин хэмээн үзэж “Интернет тоглоомын өвчин” буюу Internet Gaming Disorder (IGD) хэмээн нэр томъёог гаргасан байна. Тухайн хүн өөрийн сонирхол, хичээл, сургууль, ажлаа умартан эсвэл хойш тавин тоглоомыг удаанаар тоглосон үед энэхүү өвчний онш хэмээн үзжээ.
Шанхай Жин Тон их сургуулийн судлаачдын 2018 онд хийсэн судалгаагаар эрэгтэй хүн илүү тоглоомонд донтомхой гэдгийг баталжээ.
С.Баяр
Эх сурвалж: CNN
URL: