Хоноцын сэтгэлээр ард түмэндээ хандаж 20 жилд 80 наслуулна гэж худлаа ярихаа боль!!!
Өнгөрсөн жилийн турш улстөрчдийн дунд хэрүүлийн алим болсон УИХ-ын Сонгуулийн тухай хууль өдгөөгийн гишүүдэд зориулагдсан хууль болсон хэмээн амтай бүхэн ярьж буй. Гэхдээ уг хуулинд тусгасан зарим нэг зүйл заалт нь энэ удаагийн сонгууль арай шударга болж магадгүй гэсэн горьдлогыг төрүүлж байгаа ч бас л талаар болох бололтой. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар бол УИХ-д нэр дэвшигч нь сонгогчдод бэлэн мөнгө амлахгүй, ямар нэгэн урлагийн тоглолт, шоу цэнгүүн зохион байгуулж болохгүй, үнэ төлбөргүй эд зүйлс тарааж болохгүй гэхчилэн хориглосон заалт бий.
Тодруулбал, Монгол ардын намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын МАН-ын III хуралдаанд “Монгол ардын намаас дэвшүүлж буй Монгол Улсыг ирэх 20 жилд хөгжүүлэх Ард түмний хөгжлийн хөтөлбөрийн зорилт”-ийн талаар тавьсан илтгэлээс харж болно.
Ирэх 20 жилд Монгол улсыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал одоохондоо чухал бус сонгууль хаяад ирчихээд хаалга тогшиж байгаа өнөө цагт дангаараа Засгийн газар байгуулж АН-д хаягдсанаа хэрхэн цайруулж, ард түмний саналыг өөрийн талд гаргаж болох вэ гэдэг асуудал МАН-д чухал байгаа. Тиймдээ ч намынхаа III бага хурлаараа иргэдийн хамгийн эмзэг асуудал болоод байгаа цалин хөлс, орон сууцны асуудлаар том ам гарав.
Өнгөрсөн 70 жилийн турш хийж амжаагүй зүйлээ 2021 он хүртэл гялалзуулж, өнөр бүлүүддээ орон сууц зөвхөн нэг удаа бэлэглэнэ гэв. Урьд нь иймэрхүү зүйл амлахад Монголчууд бүгд л “Тэрүүнд нь багтчих юмсан. Надад олдох болов уу, Зүтгээд үздэг хэрэг” гэхчилэнгээр “яс горьддог” байлаа. Харин энэ удаа эл сайхан амлалтыг эгдүүцэн хүлээж авав. Яагаад гэвэл урьд урьдны амлалт ба биелэлт хашир суулгасан учраас. Басхүү Оюутолгой, Тавантолгой зэрэг Монголын сор болсон толгойнуудыг хэрхэн ашиглалтад оруулж хувь хишиг хүртээж байгаа нь тэдний энэ удаагийн амлалтыг эгдүүцэн хүлээж авахад хүргэсэн. Уг нь дээрх толгодуудыг ашиглалтад оруулахдаа албан тушаал авилгын төлөөсөнд хэдхэн хүний халаасанд хийх биш, бусад орнуудын жишгээр гэрээ хэлцлээ ард түмнийхээ төлөө хийсэн бол өдгөө энэ амлалтыг өгөхөд эгдүүцээд байх зүйл байхгүй. Оюутолгойгоос хүртэх хувь, авах ашиг монголчуудыг зөвхөн Улаанбаатар бөөгнүүлэн хэдэн орон сууцан дээр талцуулах биш, оршин суугаа орон нутагт нь очоод байр бариад өгчих болоижтой байсан гэдгийг эрдэмтэд олон удаа хэлсэн. Гэвч илжигний чихэнд алт хийсэн ч адил, ус хийсэн ч адил байдгийн үлгэрийг төрийн эрх баригчид харуулсан болохоор энэ удаагийн үлгэр амар сайхандаа жаргахгүй нь ээ.
Өчигдөрхөн болсон МАН-ын III бага хурлын нээлтэд Ерөнхий сайд хэлэхдээ “Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, Төрийн албан хаагчийн сарын дундаж цалинг 2012-2016 онд 1,3 сая 2016-2021 онд 2,5 сая төгрөгт хүргэх болно. Ийм нөхцөлд хүний хөгжлийн бусад гол үзүүлэлтүүд болох боловсрол, дундаж наслалтын индексүүд бодитой өсөх орчин нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, гэр бүл, хүн ам зүйн бодлогын хүрээнд гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар нийгмийн сайн сайхныг дэлгэрүүлэн, хүн амын өсөлт, аж төрөх таатай орчин, үндэстний чадавхийг сэргээх болно” гэлээ. Гэтэл цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа таваарынхаа үнийг хөөрөгдөж инфляци үүсгэдэг хэдэн наймаачдынхаа учрыг олоогүй байж цалин нэмэх амлалт өгөх нь арай эртэдсэн хэрэг бус уу. Жилийн жилд л алдагдалтай төсөв баталж жилийн эцэст ашигтай болж хувирдаг санхүүтэй манай орны хувьд олз их байсан ч цалин мөнгөө хагас сая төгрөгт хүргэж, доод хэмжээг нь түүний талд ч хүргэж чадаагүй байж дөрөвхөн жилийн дараа 1.3 саяд хүргэнэ гэдэг нь юу л бол.
Бас гэр бүлийн үнэт зүйлсийг төрөөс дэмжин бэхжүүлж, гэр бүлийн гишүүдийн онцлогт таарсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх учиртай гэнэ. Их бүтээн байгуулалтын хүрээнд иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулж, эрүүл тайван орчинд амьдрах боломжийг бүрдүүлэн “100 мянган айл” орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд залуу гэр бүлд зориулсан “Залуучуудын түр орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Уламжлалт заншил, соёлын өвийг дээдлэн, зөв боловсрол хүмүүжилтэй, эх оронч, ирээдүйдээ итгэл төгс иргэнийг төлөвшүүлэх бодлого хэрэгжүүлж, 2016-2021 онд 4-өөс дээш хүүхэдтэй гэр бүлийг төрөөс нэг удаа үнэ төлбөргүй орон сууцаар урамшуулдаг болно гэнэ ээ. Төрөөс нэг удаа үнэ төлбөргүй байр авахын тулд Улаанбаатарын зүг уралдагсад дэндүү олширч, утааны улмаас эрэмдэг төрж байгаа хүүхдүүдийн тоог нэмнэ гэж байгаатай агаар нэгэн адил сонсогдов.
Өнгөрсөн жилүүдэд утааг арилгахын тулд хичнээн төгрөг төсөвлөж, утаа угаартай хэрхэн яаж тэмцэж байгааг Ерөнхий сайд Та харж байгаа биз ээ. Энэ байдлыг Гүйцэтгэх засаглалын тэргүүн та юу юунаас ч илүү мэдэж байх учиртайсан. Улаанбаатарын утааг арилгах гэж таны цэргүүд төсөвлөсөн хөрөнгө мөнгөнөөс тань шат шатандаа идэж, басхүү нүглийн нүдийг гурилаар хууран гэгчийн үлгэрийг яруу тодоор харуулж цаасан малгай өмсүүлсээр байгааг мэдэж байгаа байлгүй. Утааг арилгахын тулд хаалганы дулаалга, гэрийн дээвэр туурга иргэдэд борлуулж амь зуулгын хэдэн төгрөгөөс нь хумсалж байгаа төдийгүй бидний хэлж заншснаар “бакришиг”, гутал түлж байгаа айлуудыг тандуулахаар нийслэлийн гэр хорооллоор дүүрэн тагнуул тавьсан байгаа цаадуул чинь.
Харин утаа бууруулах буянт ажил хийж байгаа хүмүүсийн хариуцлагагүйн хар гайн золиосонд хэдэн зуун хүүхэд эхийн хэвлийд байхдаа амиа алдаж, басхүү эрэмдэг төрж байгааг төрийн түмэн нүдээр Та харж байгаа биз ээ. Тэгэхээр юуны өмнө Улаанбаатарынхаа утааг шийдчихээд дараа нь цалингийнхаа асуудлыг цэглэж байж хүн амынхаа өсөлтийг анхаарах юм биш үү. Хэрэв энэ бүхнийг үгүйсгэж байгаа бол дээрх амлалт нь сонгуулийн шоу юм байна гэхээс өөр арга алга.
Бас “10,000-аас дээш хүн амтай хот суурингийн цэцэрлэгийн насны хүүхдийн цэцэрлэгт хамрагдалтыг 2016 он гэхэд 80 хувьд хүргэж, ЕБС-ийг өргөтгөн шинээр баригдах бүх сургуулийг нэг ээлжээр хичээллэх боломжтой болгож, нэг ангид суралцах хүүхдийн тоог 30-аас хэтрүүлэхгүй болгоно” гэсэн нь үгнээс жинхэнэ сонгуулийн үнэр үнэртэж байна. Уг нь оюутнуудад сар бүр 70 мянган төгрөгийн цалин өгнө гэх санал луйвардах ажлынхаа оронд тэдэнд өгч буй энэ хөрөнгөөрөө хичнээн сургууль барих боломжтойг Та судлуулав уу. Өнөөдөр нийслэлийн нүх сүв болгонд байрлах баар цэнгээний газруудаар та туршуулаа явуулаад үзээрэй. Тэдний дийлэнх үйлчлүүлэгчид оюутнууд байдаг. Эцэг эхийнхээ хөлсөө дуслуулан олсон хэдэн төгрөгийг моод хөөж авсан эрээний бараа, баар хоёрт үрж байдаг гэвэл нэг их хилсдүүлсэн болохгүй биз. Гэхдээ сурч мэдэхийн төлөө цаг заваа зарцуулдаг сайн оюутнууд байдгийг үгүйсгэхгүй.
Мөн яг өнөөгийн цаг үед таарсан нэгэн асуудлыг хөндсөн нь Монгол хүний наслалтыг уртасгана гэдэг асуудал. Үнэхээр ичсэнгүй юу Ерөнхий сайд Та. Аль эсвэл ард түмнийхээ санаа сэтгэлийн намынхаа зүг эргүүлэх хүсэл сонихолдоо дийлдэн энэ үгийг хүчээр уншчихав уу. Эсвэл хутагт хувилгаад, бөө олноороо төрж байгаа өнөө цагт нас уртасгах хүчтэй бурхан бий болоо юу. Өнөөдөр монгол хүний дундаж наслалт дөнгөж 60 байна. Жил ирэх тусам хорт хавдар залуужиж ид хийж бүтээх насандаа хорвоог орхиж байгаа нь хүнсний аюулгүй байдал болон уул уурхайтай шууд холбоотой. Үндсэн хуульд заасан заалт өдөр бүр зөрчигдөж байгааг олж харахгүй мөртлөө урт наслуулах аргаа олчихдог Та мөн лут хүн ээ. Өнөөдөр монголчууд бидний хүнсний аюулгүй байдал, эрүүл орчинд амьдрах аюулгүй байдал нэгэнт алдагдчихаад байхад монгол үндэстэн хөгжлийн ирмэг дээр байна уу, мөхлийн ирмэг дээр байна уу гэдгийг л олж хараагүй төрийн түмэн нүд мөн л харалган юм даа.
“Хөтөлбөрт тусгаж байгаачлан монгол хүний дундаж наслалт 2016 онд 72, 2021 онд 75, 2031 онд 80-д хүрэх болно” гэнэ. Улаанбаатарын утаа, уул уурхайн хаягдал химийн хорт бодис, урд хөршөөс ямар ч хяналтгүйгээр орж ирж буй хүнсний бүтээгдэхүүн, архидалт, үүний улмаас гарч бус гэмт хэрэг гээд Монгол хүн алхам тутамдаа аюултай орчинд амьдарч байна. Ажилгүйдэл, ядуурал газар авч, аминч нэг нь үүн дээр тоглолт хийж баяжиж суухад энэ үлгэр биелэнэ гэдэг хол биз ээ. Хүний наслалтыг аль нэгэн нам хөтөлбөртөө тусгаснаар шийддэг юм биш гэдгийг улс орны гүйцэтгэх засаглалыг тэрүүлж байгаа улстөрч та мэдмээрсэн дээ.
URL: