Н.Энхбаяр өөрийн утсан хүүхэлдэйгээр С.Ганбаатарыг бэлтгэж сууна
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар сүүлийн 4,5 жил монголчуудын чихэнд цэцэг, нүдэнд эвэр ургатал цэцэн цэлмэг, уран сайхан зүйл ярилаа.
Гэсэн хэдий ч энэ хүн ярихаас өөр ямар үйл хэрэг бүтээв гэж бодохоор гарт баригдаж, нүдэнд үзэгдэх юм алга. Энэ байдал давтагдаж, 2012 он гарсаар түүний дуу улам чангарч, өдөр шөнөгүй шахам телевиз, радио, сонинд ярилцлага өгч, ардын баатар мэт болов.
Цаашлаад улс орон даяар жагсаал, цуглаан зохион байгуулна хэмээн сүрийг бадруулж, нийслэлийн төв талбайд цөөхөн хэдэн хүн цуглуулж баахан дөвчигнөв. Талбайд болсон түр цуглааны үеэр хэлсэн үгийнхээ төгсгөлд “Монголын ард түмний нэрийн өмнөөс шаардаж байна” гэдэг үгийг дахин давтан хашгираад “Одоо бүгдээрээ ордныг гурав гороолно. Сайн хашгирч шаардах хэрэгтэй. Тэгээд ордны бүх хаалгыг хааж зогсоно. Дотор нь суугаа мулгуунуудыг ухаан ортол хэнийг ч гаргахгүй шүү” хэмээн уриалж байх юм.
Түүний үг яриаг сонсож байхад яагаад ч юм бэ нэгэн ухаантны хэлсэн “Тэр чинь хүн биш, зүгээр л уриа лоозон цуурайтуулсан машин” гэдэг гүн утгатай үг санаанд орж байлаа.
Миний хувьд 1990 оны Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг мөн. Манай журмын нөхөд намайг жийж, их гомдсоноос би хилийн чанадад гарч амьдарсан гэж ярьдаг тэрбээр үнэхээр 1990-ээд оны эхээр Англид очиж, цөөнгүй жил гудамж шүүрдэж, төмс арилгаж, сав суулга угааж явсан гэх юм билээ.
2000 оны дундуур нутагтаа эргэн ирээд иргэний хөдөлгөөнд оролцож, Г.Баасан, Ж.Батзандан нартай дуу хоолойгоо нийлүүлэн, дөрөө харшуулж хэсэг давхиад, МҮЭ нэртэй эзэнгүй шахам болсон байгууллагын ерөнхийлөгч болсон. Тэр үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хожим хэрэг болж магадгүй гэж бодсон уу, аль эсвэл орилоод чих амраахгүй нь гэж санасан уу, түүнийг дээрх суудалд суулгаж өгсөн гэдэг.
Энэ бүхний төлөөс өдгөө нэхэгдэж, түүнийг ард түмэнд хайртай хүүгийн дүрд тоглохыг шаардсан биз. Учир нь хэмжээгүй эрх мэдэлтэй байхдаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ард түмний амьдралыг мэддэггүй байсан. Гэхдээ тэдний тархийг угааж чадах С.Ганбаатар мэтийн хүмүүсийг тухайн үед битүүхэн олзолж, хожмын цагт хэрэг болно хэмээн албан тушаалаар хахуульдаж, хоёр нүүдлийн цаадахыг харж суусан хэрэг.
Тэр ч утгаар цэрэг хүнийг 1000 өдөр тэжээж, нэг өдөр ашиглана гэдэг байдлаар МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатарыг инкубаторт бойжуулаад өөрийнхөө өмнөөс хөдөлгөх утсан хүүхэлдэй болгож сууна.
Үүнээс үзэхэд олигтой сургуульд сурч тархиа зовоогоогүй С.Ганбаатар гэдэг хүн эх орон гэж ярьж явснаас биш, хөгжил цэцэглэлтэд нь хүрз шороо, ширхэг тоосго нэмэрлэж, гараа хөдөлгөж үзээгүй нэгэн. Гэхдээ ярих урлагийн мастер гэсэндээ дэлхий дахинд нэр хүндтэй улстөрч, эдийн засагч, тэр ч байтугай уран зохиолчдын хэлсэн, бичсэнээс байнга иш татаж, К.Маркс “Капитал”-даа ингэж хэлсэн байдаг гэж ярьдаг гайхал.
Энэ мэтхэнээр өөрийгөө өндөр мэдлэгтэй, их ном уншдаг хүн болгож харагдуулах гэсэн оролдлого төдийхнөөс хэтэрдэггүй. Ямартай ч “Ухаан нь задарч, үг нь цэгцэрсэн хүн байдаг. Тэдний хэлж буй үг их ондоо шүү” гэж Б.Лхагвасүрэн ярьсныг санаж явахад илүүдэхгүй бололтой.
С.Ганбаатар улс оронд болж буй ээдрээ, төвөгтэй үйл явдал, ард иргэдэд ойр хамааралтай эмзэг асуудлыг соргогоор өлгөн авч, түүн дээр тоглолт явуулах ажилдаа бүр гаршаад эхэлчихжээ.
Ямартаа л муу эр дайнд хөөрнө гэгчээр багш нарын зарим хэсэг цалингаа нэмүүлэх шаардлага тавихад уухайн тас давхин очиж, олон мянган сурагчийн амьдралаар тоглож, хохироосонд эцэг эхчүүд дургүйцэл илэрхийлсэн. Аливаа үйл явдлын хожмын үр дагавар юу болохыг ухаарах монгол хүний уужуу ухаан МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатарт заяагаагүй нь туйлын харамсалтай.
Харин ч бүр төр засгаас боломжийнхоо хэрээр цалин, тэтгэвэр, хангамж тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэх, шийдвэр гармагц л “Төр засгийн хамаг суудлыг худалдан авсан тэрбумтан, олигархиудыг би шахаж шаардаж, айлгаж ичээж байгаад ард түмэндээ хэдэн төгрөг өгүүллээ” гэх ухааны юм яриад эхэлдэг гэдгийг бүгд л мэднэ.
Адаг сүүлдээ сонгуульд донтогсдын өвчинд нэрвэгдэж, тэр нь даамжран солио тусах янз ороод хачин хачин юм энд тэнд ярьж явах болсон байна. Юу ч гэнэ вэ? “Миний ард түмэн хүсээд, УИХ-ын мулгуу нөхдөд парламент дотроос нь үгээ хэлэх нь зүйтэй гэвэл би сонгуульд орно. УИХ-д сонгогдсон ч МҮЭХ-ны ерөнхийлөгчөө хийж, ард түмнийхээ төлөө тэмцэнэ” гэнэ.
Заримдаа бүр халуун нь нэмэгдэж, “УИХ-ын гишүүнд ард түмний итгэлийг хүлээсэн чам шиг хүн сонгуульд өрсөлдөхгүй бол хайран юм болно шүү гээд байна. Бие дааж нэр дэвшинэ. Би ганцаардахгүй. УИХ-д гарах боломж олгох л юм бол зорьсон бүх зүйлээ хийж чадна. Арга ядахад ард түмэнтэйгээ талбай дээр жагсаал хийхэд ямар ч хууль тогтоомжийг батлуулж чадна” гэх мэтээр тун ч гэнэн цайлган, өрөвдмөөр, өхөөрдмөөр юм амныхаа зоргоор урсгаж эхэллээ.
Энэ мэтчилэн сонсоод хэлэх үг олдохгүй, дэмий л бодолхийлж суутал “Өглөө” кинонд “Ард түмэн бид төрийн эрхийг хамтран барина” гэж хэлсэн Дамдины Сүхбаатарын үгийг сонссон нэг малчин өвгөн “Ээ буруу хойшоо. Над шиг муу эмгэнээ захирч чадахгүй, толгой дээрээ гаргачихсан хүн төр барилцана гэдэг нөгөө уутны амыг уруу харуулаад сэгсэрнэ гэгч болох вий” гэж хэлдэг үг санаанд өөрийн эрхгүй зурсхийн орж ирээд байлаа.
З.Батсүх
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: