Кабинетын зарчим алдагдсан уу
Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулиас АМНАТ-ыг авах заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр бүх төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнээс татвар авахгүй болж, төсвийн орлого тасалдахад хүрлээ гэх мэдээлэл гарч буй. Тэгвэл энэ асуудалд Засгийн газрын хоёр сайд эсрэг тэсрэг байр суурьтай байна. Эндээс кабинетын зарчим алдагдсан уу гэх асуулт гарч ирж буй юм. Ямартай ч тэдний байр суурийг хүргэе.
Ч.ХҮРЭЛБААТАР: ТӨСВИЙН ОРЛОГО ТАСАРНА
-Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Цэц Их суудлын хуралдаанаараа гаргасан. Тодорхой хэлбэл, Үндсэн хуульд хөрсөн доорх ашигт малтмал ард түмний 1 мэдэлд, төрийн өмч байна гэж заасан.
Олон улсын нэр томьёогоор рояалти Монголд бол АМНАТ гэсэн татвартай. Цэцийн шийдвэрээр энэ төрлийн татварыг хэн төлөх нь тодорхойгүй болсон. Дээр нь хувь хэмжээг зохицуулсан бүх заалтыг нь авч хаясан байна.
Ингээд Монгол Улсад 2020 оны төсөвт 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэж байсан нь эргэлзээтэй болж эхэллээ. Үүнээс гадна 2018 оны төсвийн гүйцэтгэлээр нэг их наяд 64 тэрбум төгрөгийн АМНАТ-ийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.
2019 оны эхний есөн сарын байдлаар төсөвт нэг их наяд 94 тэрбум төгрөг хуримтлагдсан байсан татварыг хүчингүй болгосон хорлонтой шийдвэр гаргалаа.
Зарим хүн үндэсний үйлдвэрлэлийг дэмжээгүй гэж яриад байгаа. Тухайлбал, “Страто” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос тонн нүүрсийг 72 ам.доллараар нүүрс авч байгаа.
Дотооддоо худалдаж байгаа учраас АМНАТ-ыг 2.5 хувиар төлдөг. Гэхдээ “Страто” гэдэг компани бус “Эрдэнэс Тавантолгой” төлж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ 92 ам.доллароор гаргадаг. Үүнээс найман хувийн АМНАТ төлдөг.
Харин “Страто” компани 2.5 хувь шингэсэн үнээр аваад боловсруулаад гаргахдаа 6.5 хувиар буюу Ашигт малтмалын тухай хуульд давхардуулахгүй гэж заасан учраас 2.5%-аа хасаад үндсэндээ дөрвөн хувийн АМНАТ төлдөг.
“Эрдэнэс Тавантолгой” найман хувь төлж байхад тэд дөрвөн хувийн татвар төлж байна. Тэгсэн хэр нь боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихгүй байна гэдэг өрөөсгөл. АМНАТ бол Монгол Улсад 2006 оноос төлөгдөөд явж байгаа татвар.
Д.СУМЪЯАБАЗАР: ТӨСВИЙН ОРЛОГО ТАСРАХГҮЙ
-Энэ асуудлыг улс төржүүлж, бие биенийгээ буруутай гэж ярих шаардлага байхгүй. Монгол төрийн бодлого бол АМНАТ-ын суурь таван хувиа авах ёстой. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд Шивээ-Овоо, Багануур, Шарын гол гээд эрчим хүчний үндэсний үйлдвэрлэлийг хангаж байгаа нүүрсний үйлдвэрүүдэд таван хувийн татвар тавьж болохгүй.
Нэг ёсондоо эдгээр компанид 2.5 хувиараа явахгүйгээр таван хувь гэвэл цахилгааны үнэ нэмэгдэх гэх мэтээр иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдэнэ. Дотооддоо нүүрсний үйлдвэрүүдээ дэмжих бодлогыг Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамнаас гаргаад явж байгаа.
Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр гэж анх удаа Монгол Улсад гарсан. Үндэсний үйлдвэрүүдээ босгож ирэх гол зүйл нь татварын зөв бодлого. Хэвлэлээр буруу, зөрүү зүйл ярьж, мессеж өгч байгаа нь буруу.
Ялангуяа Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ сэргээх асуудал зайлшгүй байх ёстой. Нөгөө талд суурь таван хувь байхгүй болж байна, нүүрсний компаниудыг дэмжиж байна, үндэсний үйлдвэрүүдийг дэмжихгүй боллоо гэсэн олон зүйл ярьж байгаа. Энэ бүх асуудлыг шийдэх, дундыг барьсан гарц гаргалгаа бидэнд бий.
AMHAT 2019 оны байдлаар 1.2 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй явж байгаа. Харин энэ сарын 1-ний байдлаар 1.1 тэрбумыг төвлөрүүлээд байна. Үлдэж байгаа хугацаанд 100 тэрбум ороод ирнэ. Ер нь орлого давах төлөвлөгөөтэй байгаа.
Төсвийн орлого тасрахгүй. Нийгэмд буруу, зөрүү яриад сүүлдээ хоёр хүний хоорондын ч маргаан юм шиг болж байна. Ингэж болохгүй. Монгол төр гэдэг бол нэгдсэн бодлоготой. Уул уурхайн бүгээгдэхүүнээс олох бүх орлого давж байгаа. Манай яамнаас алт, нүүрс, зэс, жонш, төмөр гэх мэт бүх зүйлтэй холбоотой төлөвлөгөө 103-139 хувиар давахаар байна. Тэгэхээр энд ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүй.
ЭХ СУРВАЛЖ: С.ЗАЯА, ҮНДЭСНИЙ ШУУДАН
URL: