“Буянт-ухаа”-д Т.Ариунаатай хамт бут авахад ганцхан хоног үлдлээ
Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтоо энэ сарын 08-нд буюу маргааш “Буянт-Ухаа” спортын ордонд хийх гэж байна. Уран бүтээлийн шинэ санаа, шинэлэг шийдлүүдээрээ Монголын рок, поп хөгжмийн ертөнцөд ямагт тэсрэлт хийдэг түүнийг “Тэнгэр шиг бай” тоглолтоороо нийгэмд юуг хэлэх гэсэн юм бол, басхүү ямар сюрпризүүдийг бэлтгэв хэмээн үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа нь эргэлзээгүй юм. Ер бусын их эрч хүчээрээ урлагийн тайзыг эзэгнэж, үзэгчдийг сэтгэл хөдлөлөө ч барьж чадахгүйд хүргэж чаддаг дуучин Т.Ариунаа тоглолтоо төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын алдартай бүтээлийн нэрээр нэрлэсэн нь ч санамсаргүй хэрэг биш биз ээ.
Тэрбээр Төрийн соёрхолт яруу найрагч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгээр хийсэн шинэ уран бүтээлээ ч энэ удаад үзэгчдэд анх удаа толилуулах гэж байна. Тайзыг дуу, хөгжим, бүжгийн цогц нэгдэл болгон хувиргаж чаддаг дуучин Т.Ариунаагийн тоглолтыг үзэхдээ дууг нь дагаж дуулдаггүй, хамтдаа бүжиглэдэггүй хүн ховор. Учир нь тэрбээр ичимхий нэгнийг тайзан дээр гарч ирээд хамт дуултал нь, эрчүүдийг зангиагаа тайлж шидээд бүжгийн талбайд гарч иртэл нь, бүсгүйчүүдийг хайрын дуунд уяртал нь догдлуулж чаддаг “увидастай” уран бүтээлч юм. Тиймээс залуус аа, дуучин Т.Ариунаатай хамт нэгэн үдшийг дуулж, бүжиглэж өнгөрүүлээрэй. Түүний тоглолтыг тайзны яг дэргэдээс үзэж, дуртай дуунуудаа даган дуулж, бас бүжиглэх орчныг зохион байгуулагчид нь залуус та нартаа зориулан бэлтгэсэн гэнэ шүү. “Буянт-Ухаа”-д Т.Ариунаатай хамт бут авахад ганцхан хоног үлдлээ.
Д.Энх
URL: