МАН амлалтаасаа, АН шаардлагаасаа түдгэлзэх үү
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт энэ ажлын хэсэг хуралдаагүй гэдгийг УИХ дахь АН-ын зөвлөл онцолсон. Ер нь бол зөвшилцөх ажлын хэсгийнхний үндсэн зорилго бол сөрөг хүчинтэй ойлголцолд хүрч, тохироо хийх.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмаар хоёрдугаар хэлэлцүүлэг хийгдсэн бол дараагийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлэгт нэмэлт засвар орохгүйгээр батлагддаг. Гэхдээ хууль тогтоогчид энэ удаад Ерөнхийлөгчийн хоригоос үндэслэн журмын хуулиндаа өөрчлөлт оруулсан. Тиймээс сөрөг хүчний зүгээс тавиад байгаа зарим саналыг хүлээж авахаар хэлэлцэж байгаа. АН-аас “Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлэх” гэсэн зарчмын гурван саналыг тавьж байгаа. Учир нь Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр АН-ын зүгээс тавьсан зарчмууд саналууд тусгагдаагүй гэж тэд үзэж байгаа юм. Хуулийн төслийг ямар ч дэгээр хэлэлцсэн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаар дахин засвар ороод байдаггүй. Гэхдээ Ерөнхийлөгч Үндсэн хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой хориг тавьсанаар журамд өөрчлөлт оруулсан. Тиймээс засвар хийж болно гэж парламент үзэж байгаа юм билээ. Ер нь бол улс төрийн тохироо бүрдээгүйгээс л Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журамд өөрчлөлт оруулж, дахин хоёрдугаар хэлэлцүүлгээр шийдэгдсэн асуудалд өөрчлөлт оруулах гэж байгаа нь олон нийтэд тодорхой. Улстөрчид өөрсдөдөө зориулж хуулийг өөрчилдгийн нэг илрэл Ерөнхийлөгчийн хоригоос үүдэлтэй журмын өөрчлөлт юм.
МАН мөрийн хөтөлбөртөө “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ард нийтээр хэлэлцэн батална” гэж амлаж, АН “Ард нийтийн санал асуулга явуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийнэ” гэж шаардсаар ирсэн. Амлалт, шаардлага хоёр агаар нэгэн ч эдүгээ хэрэгжүүлэх асуудал гацаанд орж, Үндсэн хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах нь улирлын онцлогоос шалтгаалж, өнөөдрийн цаг үед тохирохгүй, сонгогчдын ирц бүрдэхгүй, ганц асуулт асуух гэж 30 тэрбум төгрөг цацахгүй эсвэл ээлжит бус сонгуультай хамтатган явуулах шаардлагатай гээд шалтаг, шалтгаан тоочсон. Энэ нь ч үнэний ортой, эдийн засгийн хүндрэлтэй үед татвар төлөгчдийнй мөнгөнөөс 30 тэрбумыг зарлагдах нь төсөвт хүндрэл учирна. Тэгээд ч цагийн хүрд нэгэнтээ эргэж, хууль тогтоогчдод хугацаа үлдээгүй.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хугацаанд хууль тогтоогчид парламентын засаглалыг сайжруулах гэхээсээ хувийн, намын амбицыг өмнөө тавьж байсан нь тодорхой. Тэр байтугай ард нийтийн санал асуулгаар Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих эсэхийг асуух саналыг гаргаж, Үндсэн хуульд тусгагдаагүй асуудлыг сөхсөн.
Ямартай ч одоогийн хоёрдугаар хэлэлцүүлгийн өөрчлөлтөөр парламентын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацааг нэмж, сунгаагүй. Парламентын ардчиллыг төлөвшүүлэхтэй холбоотой УИХ-ын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох, УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах зэрэг өөрчлөлтүүдийг төсөлд тусгаад байгаа. Энэ нь парламентат засаглалыг бэхжүүлэхэд үр дүнгээ өгөх эсэх нь хэрэгжилтээс шалтгаална. Аль парламентад гишүүдийн ирцийг бүрдүүлэх нь ажлын хэсгийнхний төдийгүй спикерийн “уурыг барсан” асуудал байсан, байсаар ч ирсэн, одоо ч үргэлжилж байгаа. Дээр нь гишүүдийн ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх нь талаар байнга ярьдаг ч бүрэн эрхтэй төлөлөөгчид авираа дардаггүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн бус нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх заалт дэмжигдээд байгаа. Энэ нь 2000 оны “дордуулсан 7 өөрчлөлт”-ийн хамгийн маргаантай заалтуудын нэг байсан. Хэрвээ хууль батлагдвал УИХ хууль, тогтоолын төслийг 20 гишүүнээс бус 39 гишүүнээр батлах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн энэ өөрчлөлтөөр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгасан. Өнөөдрийн мөрдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүний гэм буруутайг шүүх тогтоовол эгүүлэн татдаг байсныг өөрчилж, УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх заалт дэмжигдээд байгаа. Гэхдээ УИХ-ын гишүүд өөрсдөдөө хир халдаах, өөрсдийгөө шүүн хэлэлцэх асуудалд хойрго хандаж, тойрч, дөлж зугтдаг талтай. Асуудал баримттайгаар орж ирэхээс гадна нийгмийн уур амьсгал ширүүсвэл л хэлэлцэхээс аргагүй байдалд хүрдэг. Гэхдээ дээрх заалтыг тусгасан нь нэг талдаа дэвшил юм.
Ирэх долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зөвшилцөх ажлын хэсэг үр дүнгээ танилцуулна. Хэрвээ эрх баригчид, сөрөг хүчин зөвшилцөлд хүрч чадвал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл гуравдугаар хэлэлцүүлгээр үргэлжилнэ батлагдана. Харин Ард нийтийн санал асуулга явуулах асуудлаар МАН-ын амлалтаасаа, АН-ын шаардлагаасаа ухарснаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах нь тодорхой болоод байгаа. Түүнээс бус УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуулгыг явуулна гэвэл энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хамаарахгүй юм. Тиймээс ирэх өдрүүдэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл батлагдах эсэх нь шийдвэрлэгдэнэ.
URL: