“Капитал”-д тавьсан хуулийнхны тээг буюу хохирол барагдуулахын саад

rub6mjxn

Татан буугдсан цагаасаа хойш төрийн нэг ч төгрөгийг гаргаж өгөөгүй “Капитал” банкны удирдлагуудад хууль хяналтын байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар тус банкинд хөрөнгө байршуулсан төрийн байгууллагууд болоод өндөр дүнтэй хадгаламжтай иргэд жинхэнэ буруутнуудаар нь хохирлоо нөхөн төлүүлэхэд хүндрэл учраад байгаа аж. Учир нь хууль хяналтын байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн үндэслэлээр “Капитал” банкны эд хөрөнгийг битүүмжлээд удаж байгаа гэх мэдээлэл өгөх болжээ.

Монголбанкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг анхны шаардлагаар гаргаж өгөх чадваргүй гэж үзэн, тус банкийг татан буулгах арга хэмжээ авсан. Түүнээс хойш тус банкны зээлдэгчид таван тэрбумаар хэмжигдэх эргэн төлөлт хийсэн гэдэг мэдээлэл байна. Наад зах нь төрийн мэдлийн 344 тэрбум төгрөг эргэлдүүлж байсан санхүүгийн байгууллагын хувьд энэ бол хангалтгүй үзүүлэлт. Зөвхөн Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн сангийн авлага л гэхэд 320 орчим тэрбумаар хэмжигдэж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг 2012 оноос хойш тус банкинд байршуулж эхэлсэн бөгөөд дампуурах үед нь 134.8 тэрбум төгрөгийн үлдэгдэл гарсан. Нийгмийн даатгалын сангийн мөнгө 280 тэрбум төгрөг. Мөн хувийн хэвшлийнхний олон зуун тэрбум төгрөг “Капитал” банкинд эргэлдэж байсан. Тиймээс банкныхан наанаа асар удаан хугацааны үйл явц өрнөнө хэмээн өмгөөлж байгаа ч цаанаа асар том эрх ашгийн хамгаалалт явж байгаа гэх хардлагыг хохирогчдынх нь зүгээс хэлэх боллоо. Жижиг харилцагчид буюу 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай иргэдийн хувьд асуудалгүй хохирлоо барагдуулж эхэлсэн. Хадгаламжийн даатгалын корпорацаас 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар даатгаж, алдагдлаас хамгаалж өгсөн байдаг. Үүнд, асуудлын гогцоо байх магалтай гэдгийг ойрын эх сурвалж хэлж байна. Нэг хэсэг “Капитал” банкны цаад эзнээр “Алтжин бөмбөгөр”-ийн гэгддэг Г.Алтан тодроод намжсан. Банкийг татан буулгахаас хэдхэн хоногийн өмнө “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн удирдлагууд банкин дахь хадгаламжаа эрсдлээс хамгаалахын тулд түрээслэгчдийнхээ иргэний үнэмлэхийг ашиглахаас аргагүй болсон тухай мэдээлэл гарч, түрээслэгчид нь ч баталсан.  Энэ нь Банкан дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 8.1 дэх  зүйлд “Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө” гэж заасантай холбоотой байж мэднэ. Тэгэхэд тус банкны хамгийн том хувьцаа эзэмшигч гэгддэг УИХ-ын гишүүн Б.Ундармаа дампуурлын шалтгаанаа “Улс төрийн оролцоотой” хэмээн тодорхойлсон байдаг.

Капитал банкны нийт харилцагчийн 99.5 хувь нь 20 сая төгрөгөөс доош хэмжээний төгрөг болон валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд тэдгээрийн харилцах, хадгаламжийн нөхөн төлбөрийг  ХААН банкаар дамжуулан олгож байгаа. Жижиг хадгаламжтай иргэдийн эхний ээлж нь хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт авч эхэлсэн юм. Харин томоохон хадгаламж эзэмшигчид мөнгөө хэзээ олж авах нь “Капитал” банкинд хуулийнхны тавьсан тээгийн улмаас тодорхой бус болоод байна. Энэ мэтээр төр, хувийн хэвшлийн асар их мөнгө эргэлдүүлсэн тус банкны үйл ажиллагаа 2015 оноос хойш доголдож эхэлсэн. Гэвч ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад шалгалт оруулснаар арга хэмжээ авах асуудал гацаанд ороод байжээ. Шалгалт дууссаны дараа   “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Улаанбаатар хотын банк”, “Капитрон”, “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”, “Капитал” гэсэн долоон арилжааны банкинд өөрийн хөрөнгийн дутагдал илэрсэн. Иймд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаатай үүрэг өгсөн боловч  зөвхөн “Капитал” банкныхан ганцаараа үүргээ биелүүлээгүй юм. Үндсэндээ санхүүгийн байдал нь хүндэрсэн дөрвөн жилийн хугацаанд  эрсдэлээ хаах ямар ч алхам хийгээгүй, гэвч төрийн мөнгийг нэмж байршуулж ирсэн зэргээр  олон хардлага дагуулсаар байна.

Zindaa.mn


URL:

Сэтгэгдэл бичих