МАН сонгуулийн тактикаа ил болгов
Хамтрагчаа салж дангаар байгуулах Засгийн газраа төвхнүүлсэн МАН-ын Бага хурал олны анхаарлыг татаж байв.
Энэ хурлаар хамтарсан Засгийн газрын ажлыг дүгнэх, гүйцэтгэх засаглалд орж ажилласан сайд нар ажлаа тайлагнах байх гэж харж байв. Гэвч урьдчилан таамаглаж байсан шиг буюу АН-ын ҮЗХ-ны хуралдаан шиг зүйл болсонгүй.
2008 оноос хойш цээжиндээ бугшсан үгээ гаргаж нэлээд олон зүйлийг хэлэлцэх болов уу гэсэн тэгсэнгүй. Бүтэн өдрийн турш хуралдсан Бага хурлын өргөтгөсөн хуралдаанаар ирэх сонгууль хийгээд 2031 он хүртэл улстөрд өрсөлдөх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.
2012-2031 он хүртэл Монгол Улсын хөгжүүлэх “Ард түмний хөгжлийн хөтөлбөр” боловсруулснаа хэлэлцсэн. Хөтөлбөрийн эхний дөрвөн жилийн нь ажил энэ жилийн сонгуулийн мөрийн хөтөлбөр байх болно гэдгийг ч хэлж байлаа. Нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулна, автозам, төмөрзамын сүлжээг барьж дуусгана, эрчим хүч экспортолдог орон болно гэх мэт өмнө нь улстөрийн намууд амлаад хийж чадаагүй байгаа зүйлүүд багтжээ. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч тусгасан байсан юм.
Гишүүд нь хөгжлийн хөтбөлрт саналаа нэмэрлэж бүтэн өдрийн турш хэлэлцэж ирэх сонгуульд ялалт байгуулж байж энэ хөтөлбөр хэрэгжих ёстой гэдгийг хатуухан хэлсэн гишүүд байсан. Ингээд хөтөлбөрөө баталсны дараа МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд “Ард түмний хөгжлийн хөтөлбөрийг бүтэн хоёр жилийн хугацаанд ард түмэнтэйгээ ярилцаж, санал бодлыг нь сонссоны үндсэн дээр бий болгосон. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд сонгуульд ялалт байгуулах хэрэгтэй” гэдгийг ч хэлсэн.
Дараа Засгийн газарт дэд сайдаар томилогдсон Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд П.Ганхуяг, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Б.Цэнгэл нарыг Бага хурлын гишүүнээр сонголоо. Гэхдээ энэ сонголт хаалттай хуралдаж шийдсэн ч хаалттай хаалганы цаана хуралдааны уур амьсгал тайван аядуу болж өнгөрсөн юм.
Сонгуульд өрсөлдөх гишүүдээ тодруулах, цаг үеийн асуудлыг хэлэлцэж гүйцэтгэх засаглалд дн тавих ажил ирэх Бага хурлаар шийдэгдэнэ. Тэгэхээр сонгуульд хүртэл таван сар үлдэж байгаа. Удахгүй дараагийн Бага хурлын тов тодорхой болох нь.
URL: