Улсын Дээд шүүхийн нэг танхим бараг бүрэлдэхүүнээрээ шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн анхны тохиолдол Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед үүсээд байна. Төрийн тэргүүнийг тухайлан дурдсаны учир нь өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд түүний гаргасан зарлигын гороор өдгөө иргэдийн өмгөөлүүлж, хамгаалуулах эрхэд аюул учраад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч тухайн үед 120 дугаартай зарлиг гаргахдаа Улсын Дээд шүүхийн 17 шүүгчийн бүрэн эрхийг нэг дор түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Харин тэднийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснээс хойш бүтэн таван сарын хугацаа өнгөрлөө. Энэ зуурт шүүгчид хэрхэн хөрөнгөжсөн бэ, ямар замаар албан тушаал ахидаг, тэд хахууль авч хэргийг шийдвэрлэдэг үү гэх зэргээр 17 шүүгчийг ар өвөргүй ухсан болохоос тэдний хийж, гүйцэтгэдэг байсан ажил үүргийн хуваарилалт хийгээд шүүхийн хэвийн үйл ажиллагааны талаар хэн ч дуугарсангүй. Харамсалтай нь, энэ бүхний ард иргэдийн эрхэд бодит утгаараа эрсдэл үүсээд байна.
Өөрөөр хэлбэл, нийгэмд үүссэн аливаа асуудлыг шийдэх эцсийн цэг нь шүүх. Тэр дундаа Улсын Дээд шүүхийн чиг үүрэг энэ. Энэ ажлыг шүүгчид гүйцэтгэдэг байв. Гэтэл хэдэн арваар эрхийг нь түдгэлзүүлсний цаана шүүн таслах ажиллагаа тасалдаад зогсохгүй иргэд шүүхээр хамгаалуулах эрхгүй болоод байна.
Нөгөө талаас шүүгчдийн эрхийг олноор нь түдгэлзүүлсэн цагаас Улсын Дээд шүүхэд иргэний маргааныг хянан шийдвэрлэсэн тохиолдол бараг алга. Үнэндээ ингэхээс ч аргагүй. Улсын Дээд шүүх нийтдээ 25 шүүгчтэй. Танхим бүрт найман шүүгч ажиллаж байсан гэсэн үг. Гэтэл тэдгээрийн тавынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлчихээр гуравхан шүүгч үлдэнэ. Хэдий гурван шүүгч байгаа ч шүүн таслах ажиллагаа өрнөх боломжгүй буюу шүүх бүрэлдэхүүн бүрэлдэхээргүй болсон. Доод тал нь таван шүүгч шүүх хуралдаанд оролцож, хэрэг таслах учиртай. Хэдийгээр 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхэд тухайлан хариуцсан гомдол, мэдээллийг нь үлдсэн шүүгчдэд хуваарилсан ч эцэслэн шийдсэн хэрэг гэж алга. Энэ тухайд тоо баримт дурдвал Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаар шийдээгүй гомдлын тоо 950-д хүрчээ. Үндсэндээ ийм тооны иргэний эрхийг зөрчсөөр байна. Дээрээс нь хэрэг маргааныг таслан шийдэхгүй тухайд гаргасан гомдлын тоо тоймгүй болжээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны зургаадугаар сарын 26-ны 120 дугаар зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Үүнээс хойш шүүхийн тодорхой үйл ажиллагаа зогсч, шүүн шийдвэрлэх тасралтгүй хэвийн, ажиллагаа алдагдахад хүрсэн. Үүний улмаас шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг нь зөрчиж байгаа талаар иргэд, олон нийт өргөдөл, гомдол тасралтгүй ирүүлсээр байна.
Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаагаас тус шүүх иргэний хэрэг, маргаан хянан шийдвэрлэх боломжгүйд хүрсэн гэлээ. Ийм байдал хэдийг болтол үргэлжлэх вэ. Харьяалах эзэнгүй, тухайлсан хариуцагчгүй энэ асуудлыг зөнд нь орхих уу. Тэр хэрээр иргэдийн эрх хөсөр хаягдсаар байх уу. Хуулийн дор амьдардаг иргэд хуулийн хүрээнд амьдрах боломжгүйд хүрвэл хэрхэх вэ.
Төрийн тэргүүний зарлиг энэ бүхэнд хариулт өгч чадах уу. Шүүгчид авлигад автаж, үндэслэлгүйгээр хөрөнгөждөгийг өмгөөлж, хамгаалахыг хүсээгүй ч үүнээс улбаалж үүссэн асуудлыг хуулийн хүрээнд шийддэг баймаар байна. Ердөө ганцхан жишээ татахад, шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхдээ зарлиг гаргаж, цаг хугацаа заасан атлаа тэднийг хэдий хугацаанд шалгах, ажлыг нь хэн орлох, ямар зохицуулалт хийх талаар тухайлан дурдаагүй нь Ерөнхийлөгч шүүхийн хараат бус байдлыг хангах зорилготой бус олон тооны шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлах сонирхолтой байсан уу гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна.
Төрийн тэргүүний сэнтийд запарсан цагаасаа хууль, шүүхийнхнийг “гартаа” оруулахыг санаархаж эхэлсэн тэрбээр бага багаар санасандаа хүрч буйг бэлхнээ харж болохоор байна.
Ажил авсан даруйдаа АТГ-ын удирдлагыг солих хүсэлтээ шуудхан илэрхийлсэн тэрбээр тус газрын тухайн үеийн дарга нарын бүрэн эрхийн хугацааг “хүчээр” дуусгаснаар өөрийн хүмүүсийг томилсон нь саяхан. Үүний дараагаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж энэ сапбар дахь эрх мэдлээ нэмэгдүүлсэн нь ч үнэн. ШЕЗ-ийн саналыг үндэслэсэн гэх нэрийдлээр олон шүүгчийн эрхийг нэг дор түдгэлзүүлээд зогсохгүй шүүхийн хэвийн үйл ажиллагаа тасалдах хэмжээний хэрэг мандаасантай маргах хүн гарахгүй биз ээ. Гагцхүү айл гэрийн тэргүүний хувиар асуудалд олон талаас нь хандаж баймаар байна.Нэг зөв зүйл хийх гээд нөгөөг татан унагачихаж болохгүй. Ажил эхлүүлсэн бол дуусгаж, үр дүнг нь үзэх тухайд санаачилгатай ажилламаар байна. Үгүй гэхдээ хэвийн үйл ажиллагаа нь тасалдаж эхэлсэн Улсын Дээд шүүхэд нөөц шүүгч ажиллуулах эс бөгөөс мөрдөн байцаах ажиллагаа дууссан бол зарим шүүгчийн эрхийг сэргээх асуудлыг оруулахгүй бол хугацаа өнгөрөх тусам иргэдийн эрхийг хамгаалах, гомдол мэдээлэл гаргах боломжийг хаах нь. Энэ олон шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн байхад ШЕЗ юу хийж байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Энэ тухайд ШЕЗ-ийн Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга С.Билгүүн хэлэхдээ “ШЕЗ шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй. Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээс хойш нэр бүхий шүүгчдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах, мөрдөн шалгах ажиллагаа ямар шатанд байгаа талаар иргэд, олон нийт, шүүх, шүүгчдэд мэдээлэл хийх тухай хүсэлтийг УЕПГ, АТГ-т удаа дараа гаргаад байна.
Шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хэдий ч шүүгч хэвээрээ байгаа. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжрах нь зарим шүүхийн хэвийн, тасралтгүй ажиллагаа алдагдахаас гадна шүүгчдийн эрх, ашиг сонирхлыг хөндөх тул хэргийг мөрдөн шалгах, хяналт тавих чиг үүрэгтэй төрийн байгууллагууд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж найдаж байна” гэх хариулт өгч байна.
Үнэндээ тэд хуулиар хүлээсэн үүрэгтэй ч Төрийн тэргүүний өөдөөс тэрслэх зүрх гаргахгүй нь тодорхой. 17 шүүгч бүгд авлигач байсан уу гэдгийг эцэслэн тогтоох учиртай АТГ, прокурор ч хараат бусаар ажлаа явуулж байна гэж итгэхэд бэрх.
Учир нь, 17 шүүгчийн бүрэн эрхийг Ерөнхийлөгчийн зарлигаар түдгэлзүүлэх үед ШЕЗ-ийнхөн “хүчинд” автсанаа ил, далдаар илэрхийлчихсэн. Нэг ёсондоо тэдэнд тулгалт ирсэн байх гэх таамгийг олон шүүгч хэлж байв. Энэ мэтээс үзвэл хууль, шүүхэд бугласан идээ бээрийг шахах чин хүсэл Ерөнхийлөгчид байсан бол бүгдийг хуулийн хүрээнд, ном журмынх нь дагуу хийчихэж болоогүй юм уу гэж асуумаар санагдах. Ямартай ч, Төрийн тэргүүн нэгийг сэдэж, олон шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн байж таарна. Харин Ерөнхийлөгчийн санал хэзээ гүйцэлдэж, Улсын Дээд шүүхийн хэвийн үйл ажиллагааг хэзээнээс хангахыг хүлээх арга ард түмэнд алга. Иргэдийг үүргээ биелүүлэхийг, хуулиа сахихыг цаг ямагт шаарддаг атлаа тэднийг өмгөөлж, хамгаалах шүүхийн үйл ажиллагаа тасалдахад Ерөнхийлөгч нөлөөлдөг баймааргүй байна.Төрийн тэргүүн нэг гараараа зөв, шударга шийдвэр гаргаж байж болох ч нөгөө гараараа ард түмэнд хориг тавимааргүй байна.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнгэн” сонин