Амьдрал /Өгүүллэг/

6757

Би энэ нохойны ах. Надаас гурван насаар дүү, өрөөсөн чих нь соотон ялимгүй хазгар гэхдээ дуу чанга, бие тэгш сайхан нохой. Уржнан жил хаврын эхэн сард манай хөршийн залуу хотын төвийн нэг байрны хонгилоос олсон юм. Түүний нүдийг анх хараад л “дүү минь, дүү минь” болохыг таньсан билээ. Нохой болж төржээ. Урьд насандаа энэ нохой бид хоёр нэгэн жижиг арал улсын төв нийслэлийн Хондзё дүүргийн цэцэрлэгт ах дүү жаран мянгуулаа амьдран суудаг байлаа. Бор шувууд байсан болохоор хэн ч тоож анзаардаггүй. Тэгээд л бид хаа сайгүй нисэн дуртай газраараа ордогсон. Хаврын урт өдрүүдэд уйдах завгүй нисэн бууцгааж, өглөө эрт хот дундуур урсдаг голоос ундаалж, цамхагт гүүрний хүйтэн төмөрт сарвуугаа хайран дуулан сууцгаадагсан. Тэр дүүрэгт хязгааргүй бүдүүн гурван түшмэл мөн гурван туранхай оюутан, худалдаачид ихэвчлэн баячуул амьдран суудаг хөл хөдөлгөөн ихтэй өргөн нарийн гудамтай газар. Дүү бид хоёр өглөө бүхэн цэцэрлэгийн баруун талд орших намхавтар ч өнгө зүс сайтай нэгэн байшингийн тагтан дээр сууж, тэнд амьдардаг ер бусын зовлон гунигтай, цөхөрч бачимдсан харцтай өрөөн дотроо эмх цэгцгүй баахан ном хурааж, энд тэндгүй цаас бужигнуулаад байнга л элгээ тэврэн суудаг цэл залуухан эрийг ширтэх дуртайсан. Түүний хөдлөх бүр нь бид хоёрт гайхалтай ертөнцийг нээж, тамхиа шуналтай сорон, бөгшүүлэн ханиаж туранхай гараараа хулсан үзгээ атгаад эсвэл амандаа зууж суух нь этгээд сонин харагдана. Олон ч өглөөг тэр залуугийн байшингийн тагтан дээр угтаж, олон ч үдшийг үдсэнээ тоолж мэдэхгүй. Дүү минь /энэ нохой / сүүлдээ цонхных нь салхивчаар нэвтрэн орж, нэг их зузаан номны ард суугаад өнөөх залууг шохоорхон харж суудаг болсон юм. Эхэндээ би түний өмнөөс үхтэлээ айдаг байлаа. Гэвч удалгүй дүүгийнхээ хамт өнөөх зузаан номынх нь ард зэрэгцэн сууж, хязгааргүй сониучирхсан шувууны нүдээр түүнийг ширтдэг боллоо.
Харин удалгүй тэр залуу бид хоёрыг санамсаргүй сууж байхад минь барьж авсан юм. Зүрх минь амаар гарах шахаж айсандаа учиргүй сандран зугтахыг оролдсон боловч хоёулаа баригдаж билээ. Дүү бид хоёрыг өнөөх маань нарийхан төмөр торонд хийж, тэр өдрөөс хойш хаа сайгүй тэнэх эрх чөлөө минь хумигдлаа. Айж сандарсан дүү минь миний далавчин доогуур шурган бөмбөгнөтөл чичрэн байлаа. Тэр нэгэн аймшигт шөнийг өнгөрөөж, маргааш нь эхэлхэд орчиндоо овоо дассан бид хоёр тавьж өгсөн будаанаас нь цадтал идээд нөгөө гунигтай залуугаа торны цаанаас ширтэн суудаг боллоо.
Тэр урьдын адил ширээн дээрээ байдгаараа тонгойж учир зүггүй бичсээр суух. Торонд суугаад арван хоёр хоносоны дараа дүү минь нас барлаа. ”Хэтэрхий их идсэнээс болчихсон гэж “ залуу маань нэг найздаа хэлж байж билээ. Орь ганцаараа би хүйтэн төмөр торонд олон өдөр олон шөнийг өнгөрөөгөөд бүр тэндээ дасал болчихоод цамхагт гүүрний төмөр, булгийн цэвэр тунгалаг ус, сиймхий ч гэсэн сүрлэн үүрээ мартсан байлаа. Бүх юм нэг хэвийн. Өглөө эрт эзэнтэйгээ хамт сэрж /сүүлдээ би түүнийг өөрийнхөө эзэн гэж бодох болов / хөдлөх бүрийг нь анхааралтай ширтэнэ. Харин эзэн минь надад утга учиргүй баахан юм ярьж гараа савчуулан зогсдогсон. Дүү минь байхгүй болсоноос хойш хэдхэн сарын дараа эзэн минь гэрлэж, залуухан сайхан гэргий авч өнөөх уйтгартай гуниглант харц ялимгүй зөөлөрсөн ч мөдхөн эргээд хуучин хэвэндээ орсон билээ. Амьдрал нь нэг л болж бүтсэнгүй. Өвдөж зовон, ёолон арга тасарсан хүний харцаар эргэн тойрноо гүйлгэн харах бүрд нь “энэ хүн гэгээрсэнгүй, энэ хүн гэгээрсэнгүй” гэж шулганадгийг минь хэн ч сонсоогүй, сонссон ч ойлгоогүй билээ. Эзэн гэрлэснээс хойш төдий л удалгүй ердөө арван тав хоносны дараа би бор шувууныхаа биенээс хагацсан билээ. ”Хэтэрхий идсэн дээ” гэж эзэгтэй маань хөршдөө хэлэхийг сонслоо. Гунигтай газрын шувуу удаан жиргэдэггүй гэж үнэн юм билээ. Бие минь улам муудсаар, хоёр далавчаа ч дийлэхээ болиод амьсгал тасрахын өмнө эзэгтэй эзнийг нэрээр нь дуудлаа. Эзнийг минь “Луу” гэдэг санжээ хэмээн бодсоор нэг л мэдэхэд торноосоо гараад нисэж явлаа.

* * *
Бүх юм ингээд төгссөн. Гэвч одоо энд би хүн, дүү минь нохой. Эзэн минь лав эргэж хүн болж төрөөгүй биз. Төрөхийг ч хүсээгүй биз ээ… Тэгээд би дүүгээ хөрш залуугаасаа худалдан авч өдөр бүр эзнийхээ бичсэн номыг уншиж өгдөг болсон юм. Дүү минь сонс доо? Энэ өгүүллэгийг нөгөө залуу маань бичсэн юм. Гайхалтай ер бусын өгүүллэг, за би чамд уншиж өгье.
“Нэгэн өдөр диваажингийн орны лянхуа цэцгийн нуурын хөвөөгөөр Бурхан багш ганцаараа аажуухан алхаж явлаа. Нуурын дундах лянхуа цэцэг мөнгөлөг цагаан түүний дохиураас зүйрлэхийн аргагүй анхилуун сайхан үнэр түүгээр нэг анхилна. Диваажингийн орны өглөө Шагжмуни мандал бүрхсэн цэцгийн дундуур…” Дүү минь тэсэлгүй гийнаж, шарвалзан зугатаж оддог байснаа сүүлдээ бүр надаас салахаа больж, ”Дахиад нэг уншаач “хэмээн нохойны нүдээр гуйх боллоо. Эзнийг хожим яасан болохыг би саяхан олж уншсан юм. 1927 онд нас баржээ. 35-тай байж, сайхан залуу нас, амиа хорлосон, эм уужээ. Түүний тэсвэр тэвчээртэйд би огтхон эргэлздэггүй ч тийм их хүч хүнд заяадгийг ухаарсан юм .
“ -Та үхлийг мөрөөддөг үү?
- Мөрөөддөг, үхлийг хүсэхгүй байх тусам амьдралаас залхдаг.
Эзнийг маань Акутагава Рюноске гэдэг байлаа.
1995 он

П.Батхуяг


URL:

Сэтгэгдэл бичих