С.Даваасүрэн СЗХ-ны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсон талаараа мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Монгол төрд бугшсан бусармаг явдал, эрх мэдэлтнүүдийн чадваргүй байдал, улс төр ба төрийн албанд бий болсон зохиомол гажуудлыг засахын тулд зогсолтгүй зүтгэнэ” гээд дараах мэдэгдлийг хийв.
Мэдэгдэлд:
Миний бие Санхүүгийн зохицуулах хороог удирдахдаа хийж бүтээх нь хэлж ярихаас үргэлж хүчтэйгэдэгт итгэж, сүүдэрт байсан санхүүгийн салбарт гэрэл асааж ажиллалаа. Төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэснээр үр өгөөж нь энэ цагтаа ч, ирээдүй хойчид маань ч ирнэ гэж итгэж ажиллалаа. Энэ хугацаанд төрийн албанд итгэл, зүтгэл, чадлаараа хичээн ажилладаг үнэнч шударга олон олон албан хаагчтай таарч байлаа. Бас төрийн албыг түмний тусын тулд биш зөвхөн өөрийн өчүүхэн хэргийг бүтээх хэрэгсэл болгодог цөөнгүй албан хаагчтай таарч байлаа.
Үүнээс илүү том асуудал нь төрийг тохинуулагчид, тэдний чадваргүй байдал байлаа. Тэдний дунд үнэнээс илүү худал ярьдаг, зөвд бус бурууд чиглүүлдэг, хоосон яриа, хов живээр ажлаа явуулдаг, нэгийг ярьж нөгөөг үйлддэг явдал байсаар байгаа нь төрийг хэрхэн хүчгүйдүүлж, олныг хэрхэн талцуулж, тамирдуулж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрлээ.
Тэд зөвхөн өөрийн албан тушаал, эрх мэдлээ хэвээр хадгалахын тулд өнөө маргаашийг харсан, бодлогогүй, болчимгүй шийд гаргадаг, асуудлын мөн чанар, агуулгад шинжилгээ хийдэггүй, ингэхдээ хайлж хашгирсан, өргөдөл, өргөх бичиг өгдөг цөөн хэдэн хүний амыг таглаж, асуудлыг шийдсэн болдог. Ийм болчимгүй, амиа хоохойлсон, буруу шийдвэр гаргадаг, чадваргүй төрийн түшээд олшрохын хэрээр нөгөө талд нь ил далд баг, бүлэг, холбоод бүрэлдэн бэхэжсээр байна. Ингэхийн хэрээр нийтэд, олонд чиглэсэн бодлого, зарчим улам бүр байх ёстой хэм хэмжээ, туулах ёстой замаасаа хазайж байна. Бий болсон гажуудлаа засахын оронд үүнийг ашиг хонжоо олох хэрэгсэл болгож, өнгө зүсээ өөрчилсөн өөр өөр гажуудлыг шинээр төрүүлсээр байна. Гажуудлыг нь шинэ гажуудуулагчид хамгаалж, хаацайлж, харсан ч хараагүй мэт хүлцэнгүй дүр эсгэж, багийн дүрмээ баримталж, багцын нөлөөллөө нэмэгдүүлэхийн тулд улайран зүтгэдэг юм байна. Төрийн алба, түмний төлөөх ажил ийм байдлаар явж хэрхэвч болохгүй.
Үүнтэй миний бие огтоос үл эвлэрнэ. Иймд би үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх болсоноо албан ёсоор мэдэгдэж байна.
Дэлхий нийтээрээ улс төрийн намаар дамжин төрөө засаглах хэлбэрээс өөр сонгодог хэлбэрийг өнөө хэр нь олоогүй л байна. Төрд бий болсон, төрийг хүчгүйдүүлж байгаа буруу үйл, бусармаг явдал, улс төрийн нам ба төрийн албаны өнөөгийн зохисгүй хэлхээ, зохиомол гажуудлыг миний бие үл тэвчиж байна. Төрийн босго өндөр байж гэмээнэ төрийн шийдвэр мэргэн байж чадна, төрийн шийдвэр мэргэн байж гэмээнэ төрдөө итгэх олны итгэл үл алдарна, олныхоо итгэлийг даасан төр нь түвшин байж, түмэн олон нь амгалан аж төрнө. Иймийн тул төрөө төвшитгөх, түмнээ амгалан байлгахын тулд улс төр ба төрийн албанд бий болсон зохисгүй хэлхээг тасалж, зохиомол гажуудлыг засахын тулд цаашид миний бие зогсолтгүй зүтгэж, тасралтгүй ажиллана гэдгээ үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Түүнчлэн тэрбээр, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Олон Улсын байгууллагаас 2017 оны тавдугаар сард манай улсад өгсөн хангалтгүй үнэлгээ нь 2013-2016 онд явуулсан газар дээрх шалгалтын үнэлгээ байсныг дурдан, энэ чиглэлээрх ажлаа эрчимжүүлж, үнэлгээг ахиулахын тулд Санхүүгийн зохицуулах хороо ихээхэн хүчин чармайлтаа гаргаж ажилласныг дурдлаа. Тэрбээр, үүний үр дүнд Санхүүгийн зохицуулах Хорооноос хамаарах ажлыг зохих хэмжээнд хийж гүйцэтгэж чадсан. Үзүүлэлтүүдээ ахиулж чадсан. Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахдаа Олон Улсын байгууллагаас дөрвөн зөвлөмж өгсний нэг нь санхүүгийн бус бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа үнэт эдлэл, үнэт чулуу, үл хөдлөх хөрөнгийн бизнес юм. Ийм төрлийн зохицуулалтыг Санхүүгийн Зохицуулах Хороо шиг байгууллага хийдэггүй ч хянаж зохицуулах шаардлагатай болсон тул өнгөрсөн сард Хороонд хуулиар хариуцуулсан. Зарим хүмүүсийн хэлж байгаа шиг 500 гаруй ББСБ, 200 гаруй ХЗХ-дын хяналт, зохицуулалт сул байснаас саарал жагсаалтад орсон зүйл огт үгүй билээ гэв.
Мөн тэрбээр, Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ гэсэн 3,000 орчим тусгай зөвшөөрөлтэй этгээдийн үйл ажиллагааг 20 гаруй хууль, 160 гаруй дүрэм журмаар зохицуулж ирснийг өгүүлээд, өнгөрсөн 30 орчим жилд банкнаас бусад санхүүгийн салбар идэвхгүй, сул хөгжилтэй байсан. Энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд өсгөх, томруулах, олонд таниулах стратегийг сонгож ажилласан. Ингэсний үр дүн санхүүгийн зах зээлд 30 жил байгаагүй гэрэл асаж 2016 оны II улирлыг 2019 оны II улиралтай харьцуулахад санхүүгийн салбар 200 хувь өссөн.
Энэ өсөлтийн цаана иргэдийн маань санхүүгийн салбарт итгэх итгэл, санхүүгийн байгууллагуудын идэвх оролцоо, бодлого зохицуулалтын зөв тууштай арга, ажиллагааны үр дүн байгаа юм шүү. Хөрөнгийн Зах Зээл дээр л гэхэд 10 гаруй IPO (хувьцаагаа олон нийтэд санал болгох) гарлаа, олон ХХК нээлттэй ХК боллоо, даатгалын зах зээлд албан журмын болон сайн дурын даатгалын бүтээгдэхүүнүүд олноор бий боллоо, бүхэлдээ санхүүгийн зах зээлд оролцогчдын чадавх сайжирлаа,мэргэжлийн боллоо, үйл ажиллагаа нь өргөжин тэллээ.
ББСБ, ХЗХ-дын үйл ажиллагаа, зээлээр Санхүүгийн зохицуулах хороог төсөөлдөг ч энэ нь тус Хорооны зохицуулалтын нэгээхэн хэсэг юм шүү гэдгийг энд хэлье! Санхүүгийн зах зээл өсөж тэлэхгүйгээр үр өгөөжийг нь иргэддээ хүртээх боломжгүй, өсөлтгүй бол санхүүгийн зах зээл хөгжихгүй. Тиймээс өнгөрсөн жилүүдэд, мэргэжлийн хүний хувьд, санхүүгийн зах зээлээ өсгөх, хөгжүүлэхэд бүхий л хүчин чармайлтаа дайчлан ажиллалаа гэсэн юм.
Эцэст нь тэрбээр, Санхүүгийн зохицуулах хорооны даргад Монгол улсын санхүүгийн зах зээл, түүний хөгжил гэсэн нэг л эрх ашиг, нэг л ажил хэрэг, нэг л эрхэм зорилго байсан гэдгийг энд онцолмоор байна” гэжээ.
URL: