Цахим луйврын хэрэгт визний наймаачдыг хамруулан шалгана

HYTAD_IRGED-Визний наймаагаар намын санхүүжилт босгох оролдлого хийсэн үү

Хятад иргэд Монгол Улсын визийг Бээжин дэх Элчин сайдын яам болон Эрээн, Хөх хот, Хонконгийн дипломат төлөөлөгчийн газруудаас авч, наймдугаар сараас хойш уван цуван орж ирсэн байв. Тэд цахим луйврын шинжтэй ажиллагаанд оролцож байсныг хүчний байгууллагууд анхнаас нь мэдэж, хяналтдаа байлгаж байснаа Монгол Улс саарал жагсаалтад орсны дараа үүрийг нь “дэлбэлж”, таслан зогсоов. ТЕГ-ын дарга үүнийг “мөнгө угаасан” хэмээн шууд мэдэгдсэн бол хамтарсан шалгалтын явцад цахим луйвар болон “зөөлөрч”, улмаар “орж ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр 783 хятад иргэнийг албадан гаргалаа. Энэ хэрэгтэй холбогдуулж 12 иргэнийг үргэлжлүүлэн шалгаж байна. Анх дөрвөн хятадтай хамт хоригдсон бизнесийн монгол иргэний хувьд төрийн албан хаагч, эсвэл аль нэг намын хүн биш, улс төрөөс хол бизнесийн салбарын хүн байсан аж. Харин визний наймаа хийсэн байж болзошгүй дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудыг энэ хэрэгт хамруулан шалгаж магадгүй байна. Үүнээс сар хүрэхгүй хугацааны өмнө Гадаадын иргэн харъяатын газрын дарга Д.Мөрөн “Эрээнд мэргэжлийн бус хүн виз бичиж байна. Хөх хотын Консулын газар өвөрмонголчуудтай бизнесийн сүлжээнд орчихсон. Монголын визний тэмдэгтийн хураамж 57 мянган төгрөг. Гэтэл үүнийг 800 юаниар буюу 300 мянган төгрөгөөр олгодог. Бид 11 дүгээр сарын 20-нд Засгийн газарт энэ асуудлыг танилцуулна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд “Хууль зүйн атташе сууна” гэж заасан байдаг. Энэ нь цагдаа, эсвэл ГИХГ-ын ажилтан визний асуудалд хяналт тавихаар тухайн дипломат төлөөлөгчийн газарт ажиллана гэсэн үг” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Хөх хот дахь консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ “Wechat-аар Монголын виз гаргаж өгнө гэсэн зар явж байдаг. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Батчулуун одоо бүх визийг мэддэг болсон байна билээ. ШИНЭ намын санхүүжилтээ визний наймаагаар босгож байхыг  үгүйсгэхгүй” гэж ярьсан. Гадаадын иргэдийн тоо огцом нэмэгдсэн, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгааг хариуцсан байгууллага нь сэрэмжлүүлэх зорилгоор ийнхүү мэдээлж байсан аж. Визний наймааг ашиглан олноороо орж ирсэн хятад  иргэд өндөр хүчин чадалтай мянга орчим компьютер, манай үүрэн телефоны операторуудын 10 мянган сим карт ашиглан, таван газар байршиж, цахим ажиллагаа явуулдаг байсныг таслан зогсоосон даруйд олон янзын таамаг дэвшүүлцгээж байв. “У.Хүрэлсүхийн троллууд баригдлаа” гэх буюу “АН-ынхан сонгуулийн бэлтгэлээ хийлгэж байв” гэх мэтээр улс төрийн зорилготой мэдээллүүд ч гарч байв. Харин дотоод эх сурвалжийн мэдээллээр эдгээр иргэн click farm буюу “товших ферм”, монголчилбол хиймлээр цахим хандалт өсгөх нэг төрлийн “луйвар” хийж байсан гэх. Мөн урд хөршид түгээмэл дэлгэрсэн viber ашигладаг цахим тоглоомтой холбоотой гэх мэдээлэл ч байна. Click farm нь цахим хуудас болон сошиал контентуудын хандалтыг хиймлээр өсгөх үйл ажиллагаа юм. Олон улсад шалгаж илрүүлснээр нэг дор 17 мянга хүртэлх төхөөрөмжөөр хандалт хийж, үзэлт болон “лайк” нэмэх байгууламж илэрсэн нь одоогийн байдлаар энэ төрлийн хамгийн том байгууламжид тооцогдож буй. Ингэж хуурамчаар өсгөж үнэ цэнэтэй болгосон пэйж, сошиал хуудсаараа дамжуулан ашиг олох бизнесийн орон зай олон улсад байсаар байна. Гэхдээ үүнийг бүрэн зохицуулах хууль эрх зүйн орчин аль ч улсад алга. Шинэ тутам гарч ирж буй технологийн дэвшил, хандлагыг ашиглан мөнгө олох энэ аргыг нарийвчлан ялгаж, хуульчлан хариуцлага тооцох оролдлогыг туулайн араас хөөж буй яст мэлхийтэй зүйрлэж болох юм. БНХАУ-д хамгийн түгээмэл бөгөөд, энэ төрлийн зах зээл 50 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэх албан бус тооцоо хүртэл байдаг. Зах зээл нь албан бус учраас нарийвчилсан статистик гаргах боломжгүй нь мэдээж. Click farm-д ажиллаж байгаа ажилтнууд ихэнх тохиолдолд өдөр, шөнөгүй харанхуй, чийгтэй орчинд нууцаар ажиллах шаардлагатай тул хөдөлмөрийн нөхцөлийг оёдлын үйлдвэрт хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлдэгтэй зүйрлэж болох. Тиймээс ихэвчлэн залуус энэхүү ажиллагаанд оролцдогийг манайд баригдсан иргэд 20-30  настай байснаас харж болно. Мөн тэдгээрийн зарим нь өмнө нь Камбож улсаас албадан гаргуулсан гэх эх сурвалжийн мэдээлэл бий. Өөр нэг таамаг нь чинээлэг хятадуудын дунд өргөн дэлгэрсэн viber дахь цахим мөрийтэй тоглоомтой холбоотой. Цахим орчинд хяналт өндөртэй, тодорхой хязгаартай ч хятад иргэд энэ төрлийн тоглоомд их хэмжээний мөнгөө алдсаар байгаа аж. Хуурамч хаягуудтайгаа нэг “баг” болсон тоглогчийн эсрэг “галзуу баян Ази”-ууд ана мана үзэлцэж, хамаг мөнгөө алдсан ч цагийг зугаатай өнгөрүүлсэндээ кайфтай үлддэг гэсэн. Тэдний мөнгийг “шуудайлдаг” хуурамч хаягуудын эзэд Монголоос албадан гаргуулсан байх талтай. Аль нь ч байсан гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг цахим “нүүдэл”-д бид дайруулаад өнгөрлөө. Гэхдээ луйварчдыг даган элдэв бусармаг явдал гарахаас урьтаж хамгаалж чадсанд талархууштай. Визний наймаа дэлгэрсэн, харилцаа холбооны хяналт сул орнуудыг онилж, ийнхүү цахим луйвраа хийсээр яваа тэдгээр хэрмэл иргэдийн дараагийн байрших улс нь хаана байхыг БНХАУ-ын хууль хяналтынхан ажиглаж байгаа байх. Тус улсад энэ төрлийн ажиллагаанд хууль зүйн орчин бүрдээгүй ч click farm-аар дамжуулан бүтээгдэхүүнээ сурталчилсан аж ахуйн нэгжүүдийг Шударга өрсөлдөөний хуулиар хоёр сая хүртэлх юаниар торгох зохицуулалт бий. Тиймээс цахим тоглоомчид, click farm-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ дараагийн улсаа судалж суугаа биз. Харин Монгол Улс хуулийн хийдэл хайгчдын олз болсон энэ тохиолдлоос сургамж авч, визний шалгуураа чангатган, харилцаа холбооны зохицуулалтын хуулиа яаравчлан батлах шаардлагатай үлдлээ.

ЗГМ


URL:

Сэтгэгдэл бичих