Хонконгийн улстөрчийн чихийг тас хазжээ
Хонконгд ням гарагт үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын үеэр “Сити Плаза” худалдааны төвийн бүс орчим хутга барьсан нэгэн этгээд жагсагчид руу дайрчээ. Үүний улмаас зургаан хүн шархадсан бөгөөд хутгатай этгээд тойргийн зөвлөлийн сөрөг хүчний гишүүний чихийг тас хазжээ.
Цагдаа нар ирэхээс өмнө жагсагчид тэрхүү этгээдийг хэрцгийгээр зодсон байна. Энэ хэрэг явдлын улмаас таван хүн эмнэлэгт хэвтэж, хоёрынх нь бие хүнд байгаа гэнэ.
Мөн өдөр цагдаа нар Хонконгийн “Нью Таун Плаза” худалдааны томоохон төв дээр жагсагчдын эсрэг ажиллагаа явуулсан байна. Тус худалдааны төвийн дэргэд орших метроны Ша Тин буудал дээр жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэснээр нөхцөл байдал улам хурцаджээ.
Ням гарагт Викториа цэцэрлэгт хүрээлэнд эхэлсэн жагсаал үймэн самуун болон хувирч, улмаар бусад дүүргүүдийг хамарсан байна. Баг зүүсэн жагсагчид замыг хааж, цагдаа хүчнийхэн рүү чулуу, шатамхай бодис бүхий лонх шидсэн аж.
Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий, даралттай ус шүршсэн байна. Үймээний улмаас 17 хүн бэртэж гэмтжээ.
https://news.zindaa.mn/2ycc?fbclid=IwAR1gQhldEB3udQmPKySnwa_01vzEiO3M0xoA82EkYjiP7ywrXi7nhvA9Do8
URL: