Румынчууд хууль бусаар мод бэлтгэж байгааг эсэргүүцэн жагсжээ

5dbf98da21b0bРумынчууд хууль бусаар мод бэлтгэж байгааг эсэргүүцэн жагсжээ. Нийслэл Бухарест хотод ням гарагт болсон жагсаалд 2000 гаруй хүн оролцлоо гэж “Agerpres” агентлаг мэдээлсэн байна.

 Жагсагчид эрх баригчдыг ямар ч арга хэмжээ авахгүй байна гэж буруутгажээ. “Ой мод уур амьсгалыг аварна”, “Модны мафийн үйл ажиллагааг зогсоо”, “Манай ой бол таны бүтээгдэхүүн биш” гэсэн бичиг бүхий зурагт хуудсууд барьсан жагсагчид нийслэл хотын төвөөс Усны нөөц, ойн яам хүртэл жагссан байна. “Румынд жил бүр 20 сая шоо метр модыг хууль бусаар бэлтгэдэг бол хууль сахиулах байгууллагынхан үүний ердөө нэг хувийг илрүүлдэг” гэж “Greenpeace Romania” байгууллагын төлөөлөгч Чиприан Гэлушкэ хэлжээ.

Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод Румыний ойд хиймэл дагуулаас тавих хяналтыг сэргээх, агуулахуудад цахим бүртгэл нэвтрүүлэх, мод тээвэрлэж буй бүх машиныг навигацын системээр тоноглох, гол замууд, мод боловсруулах үйлдвэрүүд, агуулахуудад хяналтын камер суурилуулахыг шаарджээ

“Greenpeace Romania” байгууллагын тайлан мэдээнд дурдсанаар, зөвхөн 2018 онд гэхэд Румынд хууль бусаар мод бэлтгэсэн 11419 тохиолдол бүртгэгдсэн байна.

Румыний ойн талбай тасралтгүй багасаж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус улсын нутаг дэвсгэрийн 30 хүрэхгүй хувийг эзэлж байгаа аж. 6.5 сая га ойгоос 3.113 сая га нь төрийн өмчид хамаардаг бөгөөд “Romsilva National” Үндэсний ойн захиргаа удирддаг байна.

Дээрхтэй адил жагсаал ням гарагт мөн Клуж-Напока, Брашов, Бистрица, Яссах хотуудад болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих