Өртэй хүн өөдөлдөггүй гэж үү?

6701

“Өртэй хүн өөдөлдөггүй, өвчинтэй мал таргалдаггүй”, “Өргүй бол баян, Өвчингүй бол жаргал” гэх үгс хэзээ, хэрхэн үүссэнийг яг хэлэх боломжгүй.

Гэвч энэхүү зүйр үг олны дунд тарсан байж болох хамгийн боломжит үе нь манжийн дарлалын үе. Тухайн үед Монголчуудыг их хэмжээгээр өрөнд оруулж, түүгээр нь далимдуулан эрх чөлөөг нь хязгаарлах гэсэн тэдний бодлогын нэг хэлбэр байсан.

Хорьдугаар зууны эхээр Монголд Хятадын худалдааны 500 гаруй пүүс байжээ. Тэд монголчуудын мөнгөгүйг мэдэх тул мал, малын гаралтай түүхий эдээр наймаа хийхийг илүүд үздэг байж. Орос эрдэмтэн Майскийн хэлснээр хятад худалдаачид их л зальхай хийгээд жаахан чисчүүний үнийг асуувал 15 лан гэх боловч эцсийн дүндээ 8 лан дээр буудаг гэнэ. Харин монголчууд таалагдсан бараагаа наймаалцаж чадна гэж үгүй гэжээ.

Хятад пүүсүүдийн их ашиг олдог байсныг байсхийгээд л урагш туугдах сүрэг мал, тэмээн жингийн урт цуваанаас харах боломжтой. Хятадын томоохон пүүс болох Да шанхү нь зөвхөн зээлийн хүүндээ л гэхэд 500,000 хонь, 70,000 адууг Хятад руу гаргадаг байжээ. Харьцуулахад өрөөсгөл хэдий ч ганцхан пүүсийн ашиг одоогийн ханшаар 91 тэрбум буюу өнөөгийн банкуудын нийт ашигтай ойролцоо байна.

Халхын 104 хошуу, Их шавийн олон отог тус пүүст өртэй байснаас үзэхэд Монгол орон тэр чигээрээ өрийн сүлжээнд баригдсан байжээ. Ард түмний дааж давшгүй энэ их өрийн өчүүхэн хэсгийг нь шилийн сайн эрс Данжаадын өрийн дэвтрийг шатаан барин бууруулдаг байв.

Үнэндээ өртэй хүн өөдөлдөггүй, өргүй бол баян гэх үгс нь мөнгө хүүлэлтийн л үед үнэн байж чадах тийм үгс(Мөнгө хүүлэлт гэдэг нь огт үндэслэлгүй өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг олгох үйл ажиллагааг хэлдэг).

Зээл бол айдас биш. Харин санхүүгийн бүтээгдэхүүн юм 

Элдэв зүйлсэд айдсаар, таамгаар, бүдэгхэнээр ханддаг цаг хэдийн өнгөрчээ. Нэг үеэ бодвол монголчууд санхүүгийн үйлчилгээг нэгэн төрлийн бүтээгдэхүүн гэж ойлгодог болсон. Жишээ нь, нийт өрхийн 57 хувь буюу 498 мянга нь зээлтэй байна. Энэ бол санхүүгийн үйлчилгээ хүн бүрт хүртээмжтэй болж буйг илэрхийлэх үзүүлэлт. Тиймээс дийлэнх өрх нь өртэй байна гэдэг муу зүйл биш юм.

Харин монголчууд тухайн бүтээгдэхүүнээ хэрхэн зөв хэрэглэх тал дээрээ төдийлөн хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, 2010 онд нэг өрх дунджаар 1.8 сая төгрөгийн зээлтэй байсан бол 2014 онд 6.9 сая төгрөг, 2018 онд 10 сая төгрөгт хүрчээ. Өрхийн жилийн орлого нь 14.4 сая төгрөг. Тэгэхээр жилийн орлогоосоо 10 сая төгрөг зээлд өгөхөөр үлдсэн 4.4 сая төгрөгөөр хэрхэн жилийн турш амьдрах билээ. Энэ бол бүтээгдэхүүнээ зөв хэрэглэж чадаагүйг илтгэх нэг үзүүлэлт буюу өрийн дарамт.

Тиймээс зээл гэх бүтээгдэхүүнийг хэрхэн зөв ашиглах тал дээр дараах энгийн хэдэн зүйлсийг анхаарах нь зүйтэй.

Хэрэгтэй, хэрэггүй зээл

Дээр хэлсэнчлэн зээл бол нэг төрлийн бүтээгдэхүүн. Мэдээж бүтээгдэхүүн учир дотроо сайн, муу болон хэрэгтэй, хэрэггүй гэх мэтээр янз бүр байдаг. Тиймээс бид ялгаж чадах л асуудал байгаа юм.

- “Хэрэгтэй” зээл гэдэг нь танд богино хугацаанд мөнгө олох боломжийг олгох, урт хугацаанд орлого олох боломжийг тань нэмэгдүүлэх, эсвэл танд зайлшгүй чухал зүйл, жишээ нь орон байр худалдаж авахад тань туслах зээл юм.  Жнь: боловсролын зээл, орон сууцны зээл, хөрөнгө оруулалтын зээл гэх мэт

-”Хэрэггүй” зээл нь танд үнэхээр шаардлагагүй, ирээдүйд танд орлого олоход туслахгүй зүйл худалдан авах зээл юм. Жнь: зээлээр хувцас авах, лизингээр утас авах зэрэг нь хэрэггүй зээлийн нэг төрөл юм.

Лангуунаас санхүүгийн бараа авахдаа анхаарах нь

Энгийн боловч энэ их чухал хэсэг. Та бүтээгдэхүүн авч хэрэглэж байгаа бол түүний хэрэглэх хугацаа, хэрэглэх заавар, мууддаг орчин зэргийг сайн ойлгосон байх хэрэгтэй.

  • Хэрэглэх заавар. Тухайн бүтээгдэхүүнээ зааврын дагуу л хэрэглэхгүй бол таньд үр ашгаа өгөхгүй л гэсэн үг. Бид ихэвчлэн зээлийг зориулалтынх нь дагуу ашиглаж чаддаггүй.
  • Хэрэглэх хугацаа. Хугацаа нь дууссан барааг дахин хэрэглэх нь таны биед хортой. Яг түүн шиг зээлийн тань хугацаа хэтэрсэн бол таны санхүүд байдалд дарамт болох төдийгүй цаашид сөрөг нөлөөлнө гэсэн үг
  • Хадгалах орчин. Энэ хамгийн чухал хэсэг. Та бид өдөр тутмын бүтээгдэхүүнийг хаана, хэрхэн хадгалахыг маш сайн мэднэ. Тухайлбал, хурдан мууддаг бүтээгдэхүүнийг ихээр авах нь үр ашиггүй. Түүнтэй адил санхүүгээсээ давсан хэт их зээл авч болохгүй. Ялангуяа хадгалах орчин нь маш хэцүү манайх шиг эдийн засагтай улсад бол бүр хэцүү. Жнь: Ажилгүй болох, хямрал болох, үнэ өсөх, доллар чангарах, төрийн албаны сэлгээ гэх мэт манай эдийн засгийн орчин маш муу

Орлуулах бүтээгдэхүүн худалдан авч сурах нь

Хэрвээ лангуун дээр гурил байхгүй бол та будаа хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл та бүх зүйлсийг зээлээр аваад байж болохгүй. Хадгаламжаар ч авах боломжтой. Жнь: Та 12 сая төгрөгийн машины зээл авах гэж байсан гэж бодоё. Урьдчилгаанд 2 саяа өгөөд 10 сая төгрөгийн автомашины зээл авбал сар бүр банкинд 716 мянган төгрөг төлнө. Нийтдээ зээлийн хүүнд л гэхэд 777 мянган төгрөг төлнө. Харин жилийн хугацаанд 2.1 сая дээрээ сар бүр зээлд өгөх мөнгөтэйгээ дүйцэхүйц 700 мянган төгрөг хийхэд л ямар ч зээлгүйгээр машин авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл дансандаа 12 сая төгрөгтэй болж машинаа авна гэсэн үг. Дээр нь нэмээд хадгаламжийн хүү гэж 882 мянган төгрөг авна.

Зээл, хадгаламжийн харьцуулалт

Одоо зээлэх үү? 1 жилийн өмнөөс хуримтлуулах уу?
Урьдчилгаа – 2.1 сая Урьдчилгаа – 2.1 сая
10 сая төгрөг зээлвэл сар бүр 716 мянга төлнө. Мөн нэмэлт зардал гарна. 700 –г сар бүр хийхэд нийтдээ 10 сая төгрөгөө төлөх боломжтой.
Давуу тал Давуу тал
Одоо машинтай Хадгаламжийн хүүнд 882 мянга авна.
Сул тал Сул тал
Зээлийн хүүнд 777 мянга алдана. Жилийн дараа машинтай

Ирэх онуудад зээл авах нь зөв үү?

Ирэх онд эдийн засгийн өсөлт харьцангуй сайн, зээлийн хүү ч төдийлөн өсөөгүй байх болно. Тиймээс дээрх зааврын дагуу хэрэгтэй зээлийг санхүүгийн дарамт багатайгаар авах боломжтой. Мөн одооноос ч хадгаламж хийн, ирээдүйн худалдан авалт хийх боломжтой.

Эцэст нь зээл бол айдас биш.

Г.БАТЗОРИГ/Эдийн засагч, шинжээч/

IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих