У.Хүрэлсүхийг хаан суулгаад өөрөө “хатан” болсон Баясаа ба “60 тэрбум”-ын шүүхийн шийдвэр

ccbae893533a4143d78906527ebca058Болсон явдал, бодит байдлыг сануулах аваас, 60 тэрбумын гэх бичлэг 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын эсрэг гол хөзөр болж байв.

Энэ бичлэгийг өрсөлдөгчид нь ашигласан учир МАН-ын тухайн үеийн удирдлагууд улс төрийн хариуцлага хүлээсэн. М.Энхболд УИХ-ын дарга, МАН-ын даргын, Ц.Сандуй НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын даргын ажлаа хүлээлгэж өгсөн байдаг.

Энэ бүхний дараа уг бичлэгийг МАН-ынхан өөрсдөө хөзрийн тамга болгон ашиглаж, сонгуулийн дараа эрх мэдлийн дахин хуваарилалтыг хийсэн байдаг юм.

Улмаар өнгөрсөн долоо хоногт, 2019 оны аравдугаар сарын 31-ний өдөр Ц.Сандуй, түүний зөвлөхөөр ажиллаж байсан А.Ганбаатар хоёрыг тус бүр дөрвөн жилийн хорих ялаар шийтгэчихлээ.

Яг үнэндээ 60 тэрбумын яриаг гэмт хэрэг гэж үзэхэд туйлын хүндрэлтэй байлаа. Тэр яриа нь болоод өнгөрсөн сонгуулийн намынхнаа, хүмүүсээ байршуулах л тухай байсан гэхэд болно. Харин энэ яриаг гэмт хэрэг болгосон нь хэнд ашигтай байв гэдэг их сонин. Гэхдээ учир явдлыг нь ойлгож ядаад байх юмгүй л дээ.

60 тэрбумын бичлэгийг хэн хэрэг гэж анх ярьсан, хэн тэр бичлэгийг барьж АТГ, тагнуулаар гүйсэн бэ гэдгийг санахад л болно. Тэд санасандаа хүрцгээсэн. Бүх албан тушаалуудыг хуу хамж аваад, нөгөөдүүлээ шүүхээр шийтгүүлж ялтан болгож чадлаа.

Ер нь үйл явдал хэрхэн өрнөснийг харвал 60 тэрбумын ярианд оролцсон М.Энхболд, Ц.Сандуй нар 2012 онд ялагдал хүлээсэн МАН-ын удирдлагууд байв. Тэр үед У.Хүрэлсүх Австралид, Д.Амарбаясгалан Америкт байсан. У.Хүрэлсүх дундуур нь нэг ирж Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Шадар сайдаар ажилласан.

Харин 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны маргаашаас М.Энхболд, Ц.Сандуй нарыг унагах ажиллагаа энэ намд явагдаж эхэлсэн. Тэгэхэд тэр нөхөд нь Монголд ирж, сонгуульд оролцсон байв. Ерөөсөө л еэвэнгийн хоёр тал гэдэг шиг 60 тэрбумын ярианд оролцсон М.Энхболд, Ц.Сандуй хоёр нэг талд,  харин У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар нөгөө талд нь байгаа юм.

Гэтэл 2016 оны сонгуулийн дараа М.Энхболд одоогийн У.Хүрэлсүх шиг шууд томилгоо хийдэг гүйцэтгэх эрх мэдлийн хаан байж чадаагүй. Цаг хугацааны хувьд ч боломж байгаагүй нь харагддаг. Ц.Сандуй ч нийслэл дээр яг адилхан. Өөрөөр хэлбэл, сонгуулиас хойш Ц.Сандуй нэг жил, М.Энхболд хоёр жил гаруй болоод буусан. Хамгийн гол нь тэр хоёрыг ажил албаа хашиж байхад нь АТГ маш том хэмжээний мөрдлөг явуулаад 60 тэрбумын яриа хэрэгжээгүй байна гэдгийг тогтоосон. Прокурор баталсан. Гэтэл гэмт хэрэг болж, шүүх шийтгэчихэв. Ингэхээр 60 тэрбумын яриаг “өвлөж” авсан МАН, түүний дарга нар яах вэ гэдэг асуудлыг хөндөх ёстой. Угтаа 60 тэрбумын яриа болсон болоогүй нь гол биш тэр яриа хэрэгжсэн үү гүй юу гэдэг чухал. Хэрэгжүүлсэн хүмүүс нь ч тодорхой. М.Энхболд, Ц.Сандуй нар биш У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар болж таарна.

Энд нэг анхаарал татах факт бий. 2016 оны сонгуулийн дараа МАН-ын генсек Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар дэвшиж, түүний оронд МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан томилогдсон. Жил шахмын дараа жинхэлсэн байдаг. Энэ утгаараа МАН-ын бүх томилгоог 2016 оноос хойш хийсэн генсек Д.Амарбаясгалан хийж байлаа. МАН-ын бүх томилгоо генсек Д.Амарбаясгалангийнх нь албан бичгээр явдаг гэдгийг та бид мэддэг болсон. МИАТ-ийн дэд захирлыг томилуулах гэж МАН-ын генсекийн тушаал шахуу юм буулгасан албан бичиг цахим сүлжээнд тарсан. Энэ бол жижигхээн нэг жишээ нь юм. Товчхондоо, Д.Амарбаясгалан нь М.Энхболдыг МАН-ын дарга байхад генеск нь л байсан. У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болсноос хойш генсекээр нь л ажиллаж байна. Бас л ойлгож ядаад байх юмгүй л дээ. Босгыг нь дэрлэж байгаад л даргаа явуулчихсан генсек байгаа юм. Энэ сонин логик байгаа биз?!

Эдгээрээс үүдээд МАН-ын дотоод хийгээд гадаад талаас нь хоёр дүгнэлтийг хийж болох юм.

Нэгдүгээрт, МАН-ынхан жоомоо алах гээд байшингаа шатаачихлаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, 60 тэрбумын бичлэгээр дамжуулж, М.Энхболд нарыг намнах ажиллагаа МАН-д явагдсан. Тэр нь үр дүнгээ өгсөн болж таарч байгаа юм. Тиймээс 60 тэрбумын бичлэгийг өдөөж, галдсан МАН-ынхан  нэр бүхий нөхөд өнөөдөр алга ташаад сууж байгаа нь дамжиггүй. Гэвч удалгүй тэдний инээдэм нь ханиадам болох нигуур өндөр болоод байна.

Хоёрдугаарт, шүүхээс нэгэнт 60 тэрбумын бичлэгийг гэмт хэрэг үзэж байгаа бол асуудал бас өөрөөр эргэж байгаа юм. Аль ч утгаараа МАН өнгөрсөн сонгууль хийгээд түүний үр дүнгээр төрийн эрхийг хууль бусаар барьж байгаа болж таарлаа. Сөрөг хүчнүүд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор МАН-ыг тарах ёстой гэж мэдэгдээд байгаа. Гэтэл Үндсэн хууль хэлэлцэхээс аль эрт буюу 2016 оны УИХ-ын сонгуулиар тарах болзлоо хангачихжээ. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуулийн 23.2-т заасан “…Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” гэснээр үйл явдал цаашид өрнөхийг үгүйсгэхээргүй болж байгаа юм.

Нэг үгээр хэлбэл, өнөөдөр МАН тарах, МАН-ыг тараах бодитой нөхцөл үүсчихлээ.

Ер нь бол 60 тэрбумыг хэрэг болгож, өрсөлдөгчдөө яллуулж, эцэстээ намдаа авс бэлдчихээд байгаа нэг л хүн гарч ирээд байгаатай энэ бүхэн холбоотой байж таараад байгаа юм. Намынхан нь ч ийм дүгнэлтүүдийг хийж, байр сууриа илээр илэрхийлээд эхэллээ. Тэр хүн бол Мандухай хатан “Батмөнхийг хаан суулгаад өөрөө хатан нь болно” гээд болчихдог шиг У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болгоод өөрөө генсек хэвээрээ үлдсэн Д.Амарбаясгалан юм. Ц.Сандуй нарыг шүүхээс ялласны дараа МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярваа “Арчаагүй муу ЖДҮ-чин, тендерчин,  энэ новшоос хол яваарай” гэж генсек Д.Амарбаясгалангаа тун муухайгаар хэлсэн байна билээ. Гэхдээ М.Энхболдыг дарга байхад онхолдуулж чадсан хүн У.Хүрэлсүхээ ч тэгж мэдэх л юм. Тийм хэрэгцээ шаардлага нь гарвал шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих