Түгжрэлийг бууруулах зорилгоор зарим газар нэг чигийн хөдөлгөөн нээнэ
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүхээр ахлуулсан түгжрэлийг бууруулах ажлын хэсэг өнөөдөр зарим бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгалаа.
Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Гадна тойруугийн хойд хэсгийн замын 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 км авто зам, 57 метрийн урттай гүүрийн ажлын явцыг шалгаж, хөдөлгөөнийг нээхэд тулгарч байгаа асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэлээ.
Дөрвөн эгнээ хатуу хучилттай, 14 метрийн зорчих хэсгийн өргөнтэй, хоёр талдаа ногоон байгууламж, явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам ашиглалтад ороход бэлэн болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Р.Индра хэлэв. Мөн уг хэсэгт хөрсний ус ундарч байсныг нийслэлийн Геодизи усны барилга байгууламжийн газар шуурхай ажиллаж 4,150 метр куб усыг соруулж түвшинг нь доошлуулсан, цаашид геологийн судалгаа хийж, зураг гаргах шаардлагатай талаар албанхан тайлбарлав.
Иргэдийн зүгээс замын хөдөлгөөнийг нээхээс гэрэлтүүлэг болон тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч тавьж өгөх, хөрсний ус ундарч байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх замын орц гарцыг нээх, хурд сааруулагч, тэмдэг тэмдэглэгээг ирэх долоо хоногт байршуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн хөрсний ус ундарч байгаа асуудалд анхаарал хандуулж ажиллах болно гэв. Энэхүү зам ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам үүсэж , хотын төвийг тойрсон гол гудамж зам болох бөгөөд улмаар тухайн бүсийн авто замын түгжрэлийг бууруулж, хөдөлгөөнийг жигд хувиарлах ач холбогдолтой аж.
Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас зүүн зүгт метр гаруй блокын системээр нэг чигийн урсгалтай авто зам тавина
Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжийг холбох холбоос замуудыг бий болгох, Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас зүүн зүгт метр гаруй блокын системээр нэг чигийн урсгалтай авто зам тавих асуудлаар газар дээр нь очиж ажиллав.
Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр замын гарам хүртэл төмөр замтай зэрэгцээ 9-10 метрийн өргөнтэй трасс чөлөөлөх асуудлаар Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх Улаанбаатар төмөр зам компанийн Хууль эрх зүй, эд хөрөнгийн хэлтсийн дарга Захарава И.В -тэй уулзаж санал солилцлоо.
Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор орц гарц нээх,трасс чөлөөлж нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавих боломжыг судалж албаныхан ажиллаж байна. Энэ хэсэгт ямар нэгэн газар олголтын мэдээлэл алга. Тухайн хэсэгт Ерөнхий төлөвлөгөөний албаныхан газар доогуурх шугам сүлжээ бий эсэхийг судалж байгаа” хэмээлээ. Улаанбаатар төмөр зам компанийн Хууль эрх зүй, эд хөрөнгийн хэлтсийн дарга Захарава И.В уг асуудлыг судлаж үзээд хариу мэдэгдэхээр боллоо.
Баянмонгол хорооллын арын нүхэн гарцнаас Их Монгол хорооллын зүүн хойд талын төмөр замын гарам хүртэл төмөр замтай зэрэгцээ 9-10 метрийн өргөнтэй трасс чөлөөлснөөр блокын системээр долоон метрийн өргөнтэй 1.20 км урттай нэг чигийн хөдөлгөөнтэй зам тавигдахаар төлөвлөгдөж байгаа аж.
Мөн Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хүннүгийн гудамжны ачааллыг бууруулах зорилгоор Олимп хотхоны зүүн талаар Олонлог сургуулийн баруун тал хүртэлх болон Саруул хотхоноос урагшаа Олимпик виллаж хотхон, Энканто таун-1 хотхоны зүүн талаар 9-10 метрийн трасс чөлөөлөхөөр боллоо.
Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Хан-уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Хурд рапид хорооллын зүүн талаар Нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох холбоос замын асуудлаар яг одоо ажиллаж байна.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
URL: