Төрсөн эцэгтээ гар хүрсэн их унзад ламын танхайрал
Гэр бүлийн хүчирхийлэл хэмээх цоожтой хаалга, дөрвөн хананы дунд болж буй харгислалыг хөршүүд нь л цагдаад хандахгүй бол хүний амь, эрүүл мэндийг хохироосноор дуусдаг тохиолдол олон. Гэвч хууль, эрх зүйн орчин маань тийм ч боловсронгуй бус байдгаас болж, “амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол” гэгчийн үлгэрээр хажуу айлынх нь хэн нэгэн эрүүлдээ ч, согтуу ч ялгаагүй гэр бүлийнхэндээ ааг, омгоо гаргаж байхад юу ч болоогүй мэт өнгөрөөх явдал гарсаар байна. Тиймээс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас дүүргийнхээ нутагт гарч буй гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, дуудлага, мэдээлэлд цаг алдалгүй очих, алба хаагчдаа чадавхжуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилготой “Гэр дүүрэн инээмсэглэл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж буй билээ.
Үүний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч иргэдийн болон удаа дараа энэ төрлийн дуудлага, мэдээлэл өгсөн айл өрхийн судалгаа гаргаж, дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл үйлддэг хүмүүсийг нийгэмшүүлэх, гэр бүлийн харилцааг дэмжих, эргэн нэгтгэх зорилготой олон ажил зохион байгуулж байгаа юм. Тиймдээ ч тус Цагдаагийн газрынхан тоон мэдээллийг нарийвчлан гаргаж буй гэсэн. Тухайлбал, аравдугаар сарын 26-27-ны амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 267 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэний 9.4 хувь нь буюу 25 нь тус дүүрэгт гарчээ. Эдгээр дуудлага мэдээллийг нарийвчлан авч үзэхэд, шөнийн цагаар буюу 00.00-06.00 цагт гурав, 21.00-00.00 цагийн хооронд 10, 13.00-17.00 цагт дөрөв, 17.00-21.00 цагийн хооронд найм бүртгэгдсэн бөгөөд 44 хувь буюу 11 нь согтуугаар үйлдэгджээ. Үүнээс гэр бүлийн хэн нэгэн нь согтуугаар зодож гэмтээсэн, агсам тавих явдал олон гарч буй нь илэрхий.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1-т “Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн гуравдугаар зүйлд заасан этгээд хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж заажээ. Уг хуулийн зургадугаар зүйлд хүчирхийллийг хэлбэрээр нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэж ангилахаар заасан. Тэгвэл нийслэлийн нэгэн дүүрэгт М гэх ламтан төрсөн эцгээ зодож гэмтээсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг өдүүлсэн байгаа юм. Бурхны сургаал, сайн сайхан явдал, гэгээрэхүйг сүсэгтэн олонд таниулж байдаг лам хүн архи уун ийн авирласан нь харамсалтай. Энэ хэргийн хавтсыг сөхье.
ХОЛБООГҮЙ БАЙСАН НЬ ААВЫГАА ЗОДОХ ШАЛТГААН БИШ БАЙЛТАЙ
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч, амиа алдах явдал удаа дараа гарч нийгмийг цочирдуулдаг. Хүчирхийлэл гэхээр эмэгтэйчүүд, хүүхдүүд л өртдөг мэтээр ойлгодог ч эрчүүд далд хэлбэрээр хүчирхийлэлд өртөх явдал нэмэгдэж байгааг албаны хүмүүс онцолдог.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийнхний мэдээлснээр дуудлагын найм орчим хувийг эрчүүд хүчирхийлэлд өртсөн тухай гомдол эзэлдэг. Олонх нь бие махбод, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Эрчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаараа хэнд ч хэлдэггүй гэнэ.
Сахил хүртсэн лам хүний өдүүлсэн хэрэг нь сархад хэмээгч савнаасаа бусдыг дийлдэг ундаа ууснаас үүдэлтэй. Тэрбээр 1991 онд Дундговь аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, Хан-Уул дүүргийн XIV хороонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн хийдийн их унзад лам ажилтай. Ламтан энэ оны хоёрдугаар сард согтуудаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эцэг Ч-ы толгой руу нэг бус удаа өшиглөж эрүүл мэндэд хохирол учруулжээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр аавд нь “тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа” гэсэн онош тогтоогдсон гэнэ. Аавдаа гэмтэл учруулах болсон шалтгаан нь үл ялигхан.
Хэргийн холбогдогч М-ыг гурван настай байхад нь эцэг, эх нь гэр бүлээ цуцалж, аав нь орхин оджээ. Түүнээс хойш уулзаагүй байснаа 2012 онд уулзсан бие биенээ мэдэлцсэн аж. Түүндээ М их гоморхож явсан шинж байдгийг өмгөөлөгч нар нь хэлдэг юм билээ. Ингэлээ гээд төрсөн эцэгтээ гар хүрэх нь хүний ёсоо, лам хүний энэрэн нигүүлсэнгүй чанараа хөсөр хаясан үйлдэл гэлтэй. Түүний аав Ч өнгөрсөн Цагаан сараар найзынхаа хүргэнийд байхад нь М ирж аавдаа архи барин золгожээ. Тэр үед аав нь тухайн айлд хажуугийн гэрт нь ороод унтсан байна. Гэтэл М “Миний барьж золгосон архийг айлд задалж орхилоо” гэсэн шалтгаар аав Ч-гаа зодож, улмаар айлаас чирч гарган, төрсөн ахындаа хүргэжээ. Энэ үедээ мөн толгой руу нь өшиглөсөн байна.
Аав нь энэ талаар цагдаад мэдүүлэхдээ “М ганцаараа согтуу орж ирээд хөнжлийг минь сөхөн, намайг орон дээрээс татаж унагаад дагз руу нэг удаа өшиглөсөн. Улмаар чирч гаргасан. Түүний ахынд очсоны дараа би гэрийн гол хэсэгт өвдгөө нугалаад сууж байтал М дахиад миний дагз руу өшиглөхөд ах нь түүнийг “Боль” гэж хориглосон” гэжээ. Харин гэрч П “Унтаж байгаад хүн орж ирэх чимээнээр гэрэл асаагаад хартал Ч-ы хөнжлийг М сөхөөд, толгой руу нь хоёр удаа гараараа цохиод орноос чирч унагасан” хэмээн мэдүүлсэн байна. Өөр нэг гэрч болох ах нь “Төрсөн дүү М маань аавыг дагуулан орж ирсэн. Тэгээд дүү минь “Наад п…-гаа унтуул, айлд агсам тавиад байхаар нь би алгадаж унагаад машинд хийгээд аваад ирлээ” гэж хэлээд явсан” хэмээн мэдүүлжээ. Харин гэрч Г “Орны урд Ч сөхрөөд сууж байхад нь М өшиглөн загнаад байсан” гэсэн аж. ШШҮХ-гийн шинжээчид энэ оны гуравдугаар сард дүгнэлт гаргахдаа “Ч-ы биед тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, цусан хурааг авсан мэс заслын дараах байдал бүхий гэмтлийн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна” гэжээ.
Ийнхүү нэгэн хийдийн их унзад лам залуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эцгээ зодож гэмтээсэн нь хохирогч, гэрч, шинжээчдийн мэдүүлгээр батлагдсан байна.
КАРАОКЕД НАРГИЖ ЯВААД ХУТГАЛУУЛЖЭЭ
Хан-Уул дүүрэг дэх нэгэн хийдийн их унзад лам М дан ганц гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдсонгүй. Наргиж, цэнгэж яваад бусдад хутгалуулж, нөгөөхөө шархдуулсан хэрэгт холбогдсон байна. Уг явдал аавыгаа зодож гэмтээхээс ч өмнө болжээ. Дундговь аймагт төрсөн, 53 настай, удаа дараа ял шийтгүүлж байсан А гэх эртэй 2018 оны зургадугаар сард Хан-Уул дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг нэгэн караокед М маргалдан, зодолдсон байна. Үүний улмаас А-гийн биед хөнгөн хохирол учирсан гэнэ. Харин М цээж болон гартаа хутгалуулж, хүнд шархаджээ.
М-тай маргалдсан А хутга авч очиж байгааг эхнэр нь хэлж анхааруулсан ч нэг л мэдэхэд хутганы хоёр шарх авсан байсан гэнэ. Энэ талаар гэрчүүд “М буугаад А ахын хашааны хаалгыг тогшсон. Гэтэл эхнэр нь гарч ирээд “Та нар яах гээд байгаа юм бэ, яв” гэж хэлсэн. М-ыг хашаанаас аваад гарахад гар болон цээжнээс нь цус гарч байсан. А дахиад М-ыг хутгалж магадгүй гэж айгаад хутгыг хашаа давуулан шидсэн” хэмээн мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, архины халуунд М караокед маргалдсан хүнийхээ хойноос гэрт нь очоод хутгалуулсан аж. М хутгалуулсандаа шаралхан А-ийг хэд хэдэн удаа цохиод авсныг хамт явсан залуу нь салгасан байгаа юм.
А мэдүүлэгтээ “Би анхнаасаа хэргээ хүлээж, үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөрийн ухамсаргүй алдаанаас болж М-ыг санамсаргүй, санаа сэтгэл үймэрч болгоомжгүй байдлаас болж хутгаар хатган хохироосондоо маш их харамсаж байна. Хохирогч М-ы эмчилгээний зардалд 250 000 төгрөг өгч уучлалт гуйн эвлэрсэн. М ямар ч гомдолгүй гэдгээ илэрхийлсэн” гэжээ.
ААВДАА ХҮНД ГЭМТЭЛ УЧРУУЛСАН ҮЙЛДЭЛДЭЭ ДӨРВӨН ЖИЛ ХОРИХ ЯЛ ШИЙТГҮҮЛЭВ
Прокурорын байгууллагаас М-д Эрүүгийн хуулийн 11.1-2-т заасан бусдын биед хүнд хохирол учруулсан, 11.6-1 дэх хэсгийн “хөнгөн хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Харин А-д мөн хуулийн 11.1-2.4 дэх хэсэгт заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын биед хүнд хохирол учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь нягталж үзээд М-ы ялын зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 11.1-1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон хөнгөрүүлэхээр болжээ. Улмаар түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон байна. Харин А-ийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж үзжээ. Ингээд нэгэн хийдийн их унзад ламаар ажиллаж байсан М-д аавыгаа зодож хүнд гэмтэл учруулсан үйлдэлд нь дөрвөн жил хорих, караокед муудалцсан хүнийхээ биед хөнгөн хохирол учруулсанд нь 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон байна. Улмаар түүнд оноосон ялыг нэгтгэн дөрвөн жил нэг сар 10 хоногийн ял нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. Харин зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдад хүнд хохирол учруулсан А-д таван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон юм.
Анхан шатны шүүхээс оноосон ялыг шүүгдэгч нар үл зөвшөөрч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тэд өөрсдөөс нь өөр харгалзах хүнгүй өндөр настай ээжийгээ асардаг талаараа дурдан анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн аж. Харин М-ы өмгөөлөгч нар “Орон нутагтаа нэр хүндтэй, ажилладаг хийддээ унзад лам гэгддэг, олон шагнал хүртсэн. Морь, бөхийн цол дуудах зэргээр олон арга хэмжээнд оролцдог нийгмийн идэвхтэй сайн талуудыг харгалзан үзэж оноосон ялыг нь хөнгөрүүлж өгнө үү” гэж давж заалдах гомдолдоо дурджээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоо хоногт энэ хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: unuudur.mn
|
URL: