Галуут сумын иргэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандлаа

9cc8deea-54ed-4e60-8127-795160d14953Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай уулзаж, нутгийн малчдын мал сүргээ өсгөдөг гол нутаг, аргаль, янгир, ирвэс зэрэг дархан цаазтай амьтдын идээшин амьдардаг, эмийн болон ховор ургамал ургадаг газар уул уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд өртөж, устаж үгүй болоход хүрээд байгаа талаар ярилаа.

Тус сумын Үнэгт багийн Их дугуй хэмээх газарт “Гацуурт” ХХК 2006 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авчээ. Улмаар 2009 онд “Урт нэртэй” хуулийн хүрээнд лиценз нь түдгэлзсэн ч “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд дахин сэргэсэн байна. Түүнээс хойш “Тулга жаргалант”, “Эрдэнэ хулгана интернэйшнл” гэх компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулахаар дээрх нутаг руу удаа дараа дайрсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар өнөөг хүрчээ.

 2017 оны 10-р сарын 05-нд Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор дээрх газар нутаг багтсан нийт 28860 га газрыг Байгалийн нөөц газрын зориулалтай 15 жилийн хугацаагаар аймгийн тусгай хамгаалалтад авсан байна.

Гэвч энэ зун, намраас эхлэн “Эрдэнэ хулгана интернэйшнл” компани ашиглалт, олборлолт явуулахаар зэхэж, газар нутаг руу нь дайрч эхэлсэн байна. Тиймээс багийн 120 орчим малчин өрхийн идээшил нутаг, 20 гаруй өвөлжөө, хаваржаатай, Бөөнцагаан нуур, Байдраг, Галуутын голуудын цутгал, Хангайн нуруунаас эх авсан Өлзийт голын ай сав, рашаан булагтай, отрын бүс нутгийг уул уурхайн сөрөг нөлөөнд автуулахгүй байх, “Гацуурт” ХХК-ийн MV011917 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах талаар арга хэмжээ авч өгөхийг дээрх иргэд Улсын Их Хурлын даргаас хүссэн юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуудлыг холбогдох яам, байгууллагуудад тавьж,  шийдвэрлэхэд анхаарал тавих болно гэдгээ илэрхийлэв.


URL:

Сэтгэгдэл бичих