“Улсын яллагчгүй” шүүх хурал буюу хууль гууль болсон нь
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлээд байдаг, саяхны “Улаан бал” нэвтрүүлгээр уур бухимдлын хамгийн өндөр цэгээс чичлээд байсан өнөөх хонгил өдгөө ч бат бөх оршсоор, багалзуурдан чирсээр байгааг харуулсан үйл явдал өчигдөр болов. НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хэдэнтээ хойшилсон хурлын хэлэлцүүлэг ёс төдий эхэлж, харин нэр бүхий хоёр эрхмийг “яллах”-д хамаг анхаарлаа хандуулсан гэхэд хилсдэхгүй.
Төрийн тэргүүний ахлах зөвлөх Н.Алтанхуяг 2016 онд УИХ-ын гишүүн байхдаа Монголын нийгэмд шударга бус явдал хавтгайрсан, шударга бусын хонгилыг бий болгосон гол хүн бол тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн зарлаж байв. Тэрбээр ийн хэлснийхээ дараа “Монголын нийгэмд болохгүй байгаа зүйлсийг зарлахад үнэхээр том эрсдэл байсан боловч хэлэхээс аргагүй байдалд орсон. Ингэж зарласныхаа төлөөсөнд маш олон нөхдөө шорон гянданд хийлгэх шалтгаан болсныг та бүхэн мэдэж байгаа. Түүнээс хойших хоёр жилд Монголын төр засаг, ард түмэн юу буруу хийгдэж, юу зөв болсныг ялгахтайгаа болж” хэмээж байлаа.
Удаагүй АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж, мөн өнөөх хонгил байдгийг бататгаж, эзэн нь Н.Алтанхуяг хэмээсэн. Юутай ч хэд хэдэн хүний амнаас хуулийн байгууллагыг гар хөлийнхөө үзүүрт хөдөлгөсөн хонгил байдаг төдийгүй эрх мэдлийг атгаж байгаа нь ээлжлэн эзэн сууж, өстнөө чирдэг гэдгийг онцолж байсан нь хэвлэлийн хуудаснаас арчигдаагүй байна.
Тэгвэл тэрхүү хонгилоор энэ удаад Ц.Сандуйг чирч гулдчин одож буйг бид бүгдээр харлаа. Шүүхийн хэлэлцүүлэг нэр бүхий хоёр эрхмийг шууд яллахад чиглэж, зүйл ангийг хормын төдийд солихдоо Улсын яллагч байдгийг ч тас мартан увайгүйтэхийг шүүх хурлын бичлэгээс харж болно. Улсын яллагчийн яллах дүгнэлтгүй Шүүх хурал болсон ч гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Прокурорын газраас НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Ингэхдээ, 60 тэрбумын хэргийг хамгийн сүүлд сонссон үйлдэл нь 2014 онд хамаарна гэж мөрдөн байцаалтын явцад тогтоосон учраас хөөн хэлэлцэх хугацаа 5 жилээр дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа тийнхүү дууссан учир яллах боломжгүй гэж Улсын яллагч шүүх бүрэлдэхүүнд танилцуулсан байв.
Нөгөөтэйгүүр Улсын яллагчийн баримталсан Эрүүгийн хууль нь аль 2002 онд хүчингүй болсон байдаг юм. Ийм тодорхой шалтгаануудын улмаас Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болчих гээд байсан тул “Заавал яллах” даалгаврыг хэн нэгнээс авсан шүүгчид өөрсдийн төдийгүй Монголын хууль, шүүхийн нэр хүндийг уландаа гишгэн байж “Тэгвэл сонгуулийг будлиантуулахыг оролдсон гэе” хэмээгээд 4 жил хорих ялыг биеэр эдлүүлэх шийдвэр гаргав. Ингэхдээ Г.Доржзодовын зохиолыг хамгийн сүүлд сонссон үйлдэл нь 2014 онд гэдгээрээ хөөн хэлэлцэх хугацаа дуусчих гээд байх тул бичлэг задарсан буюу 2016 оны зургадугаар сарын 19-ний өдрөөс нь тооцчихъё гээд ял оноолоо. Хөөн хэлэлцэх хугацааг ингэж тооцдог бол хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэдгээр мултарсан нөхдийн хэргийг бүгдийг нэхэн яллах ёстой юм байна. Ийм л эрээ цээргүй, хууль дүрэмгүй Шүүх хурал өчигдөр болов.
Өөрөөр хэлбэл, сонгууль бүрийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилж саатуулан түр хугацаанд далд хийдэг шиг хэн нэгний айдас хургасан арчаагүй захиалгын гэрч бид боллоо. Албан тушаал зарж ашиг хонжоо олох гэсэн Г.Доржзодов гээчийн зохиолыг сонссон нөхөд ийнхүү 4 жилийн хорих ялаар шийтгүүлж байхад эх зохиогч эрхэм Г.Доржзодов гээч эр хэзээ нэг цагт хичнээн бол хичнээн жилээр хаалттай хорих ангид ял эдлэх нь зайлбаргүй байж таарахвий…
URL: http://www.fact.mn/408480.html
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Гэмтэй болоод л явж байгаа байлгүй. Санаачлагчийг нь хийчихлээ гэж ойлгож байна. Хэрэгжүүлэгч нарыг нь араас нь аваад явах нь дамжиггүй. Тийм ч ерөөл тавьж байна.