ТОМ ЮМНЫ ЭД БАДЫГ ХИЙЖ СУРСАН С.БАЯР, Х.БАТТУЛГА, Л.БОЛД, НЯМТАЙШИР, Д.СУГАР НАР ТӨРИЙН НЭРЭЭР МИАТ-ИЙГ ДЭЭРЭМДЭЖ ЭХЭЛЛЭЭ

/Төрийн нэрээр МИАТ-ийг дээрэмдэж “Mongolian airlines”-д өгч буй халуун баримтуудын эхний хэсэг/

Улсынхаа урдаа барьдаг үндэсний агаарын тээвэрлэгчээ хомхойрч улайрсан нөхдийн идэш болгон өгч суугаагаа манай УИХ-ын гишүүд мэдэж байгаа болов уу? Шатахуунаа хэдэн олигархийн мэдэлд өгчихөөд өнөөдөр үнийг нь зохицуулж чадахгүй суугаа. Юутай ч шатахууны үнэ, валютын хөөрөгдлөөр хуралддаг түшээд “МИАТ” хийгээд “Mongolian airlines”-ын асуудлаар яаралтай хуралдаж анхаарлаа хандуулах цаг ирлээ.
Сүртэй сурталчилгаа хийж, хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой иргэний агаарын тээврийн үйлчилгээг пицца хүргэх гэж байгаатай л бараг адил хэмжээнд аваачсан хямд үнээр аархаж байгаа нэгэн байгууллага бий болсон нь “Mongolian airlines” юм. Хямд үйлчилгээг сонгох нь иргэдэд таатай ч хямд архинд хордож үхдэг шиг амь насаа гаргуунд нь гаргахвий гэсэн болгоомжлол байхад илүүдэхгүй. МИАТ-аас гадна үйл ажиллагаа нь жигдэрч, найдвартай баталгаатай үйлчилгээ үзүүлж байгаа нь танигдчихаад буй 6 нисэх онгоцтой “Ньюком”-ын “Изинис эйрвэйз”,  3 агаарын хөлөгтэй “Моннис”-ийн “Аэро Монголиа” авиакомпаниуд бий. Гэтэл гэнэт л газрын гаваас тэнгэрт гараад ирсэн шинэ иргэний агаарын тээвэрлэгчийг хэр туршлагатай, найдвартай, баталгаатай болох нь танигдаагүй байхад л Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдний “Фокер-50” онгоцоор Өмнөговь руу нисчихэв. Монгол улсын Ерөнхийлөгчийн амь нас ийм хямдхан хэрэг үү? Ц.Элбэгдоржийн аялал, нислэгийн аюулгүй байдал нь Үндэсний Аюулгүй Байдалтай салшгүй холбоотой ба тэрээр “Mongolian airlines”-ыг ямар үндэслэлээр сонгож нисэв гэдэг нь сонирхолтой байна.

Арай Ц.Элбэгдорж “Mongolian airlines”-ын нэрнээс болоод МИАТ-ийн онгоцоо гэж андуураад суучихаагүй байгаа даа. Энэ бүхний цаана олон юмны эд бадыг хийж сурсан, том юмыг зохицуулж гаршсан экс Ерөнхий сайд С.Баяр, ажлаа өгч байгаа АН-ын сайд нар болох ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Л.Болд, “МАК”-ийн Нямтайшир, ТӨХ-ны Д.Сугар нар байгаа. Тэдний томоор хөдлөн төрийн өмчит компани “МИАТ”-ийг нэрнээс нь эхлээд луйвардаж байгаа энэ хэргийн ард Боингийн үйлдвэрт очиж МИАТ-ийн паркийг шинэчлэхээр үзэглэсэн гарын үсгийнх нь хэв шинээрээ байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бас холбогдож эхэлсэн үү? гэсэн хардлага нийгэмд үүсч байна.

Ч.ХОРОЛСҮРЭН ДЭД ЗАХИРЛААР НЬ АЖИЛЛАЖ БАЙХДАА Л 6 ЖИЛИЙН ӨМНӨӨС МИАТ-ИЙГ “ӨМЧИЛЖ” ЭХЭЛЖЭЭ
ТӨХ-ны дарга Д.Сугарын нутгийн дүү гэгддэг шар толгойт Ч.Хоролсүрэн нүд нь гүйлгэнэсэн, толгой нь цаагуураа ажилласан залуу МИАТ-тай холбогдоод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж буй.

Тэрээр жижиг биедээ томдсон санаатай айхтар эр байжээ гэдэг нь одоо л харагдаж байна. МИАТ-ийн ачаа борлуулагч агентаар ажиллаж байсан “Mongolian air trans” компанийн захирал Ч.Хоролсүрэн нь “МИАТ”-ийн ТУЗ-ийн дарга Д.Сугарын дэмжлэгээр 2005 онд “МИАТ” компанийн коммер эрхэлсэн дэд захирлын албан тушаалд очиж байв. Эртнээс яригддаг байсан МИАТ-ийн хувьчлал энэ үед тэдний хорхойтсон шүдний араанд нэгэнт зуугдсан байсан бололтой. Юу гэвэл өнөөдрийн “Mongolian airlines”-ын аж ахуйн нэгжийн нэрийг 2006 онд “МИАТ” ХК-ийн коммерийн асуудал эрхэлсэн дэд захирал Ч.Хоролсүрэн бүртгүүлж авсан байна. Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ-ийн олон улсад танигдсан “Mongolian airlines” нэрийг давхардуулан авсан энэ үйлдэл нь өнөөдөр МИАТ-ийг залгих үйлдлийнх нь эхлэл байсан байна.

ОЛОН УЛСАД ТАНИГДСАН WWW.MIAT.COM САЙТ ДЭЭРЭМДҮҮЛЛЭЭ
Өнөөдөр Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани өөрийн гэсэн вэбсайтгүй болох аюулд тулгараад байгаа аж. Тулгарсан ч гэж, бүр вэбсайтгүй болж байгаа юм. Учир нь тэд гадаадын олон улс оронд тийзээ борлуулдаг, үйлчилгээгээ таниулдаг, нислэгийн чиглэлүүдээ сурталчилж, цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэж байдаг www.miat.com вэбсайтынхаа домэйн нэрийн өмчлөх эрхийг алдаад байгаа аж.
www.miat.com сайтын домэйн нэрийг МИАТ-ийн нэрийг давхцуулж авсан нөгөө л Ч.Хоролсүрэн гэгч этгээд МИАТ-ийн ачаа коммер болон санхүү эрхэлсэн дэд захирал байхдаа авсан байжээ. Түүнийг МИАТ ХК-д ажиллахаа больсны дараа хэд хэдэн удаа домэйн нэрийг буцааж өгөхийг шаардаж, албан бичиг өгч байсан боловч тэрээр таг чиг байсаар өнөөдрийг хүргэсэн хэрнээ одоо тус сайтыг хаалгаж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ вэбсайтын талаар ТӨХ-оос тогтоол хүртэл гаргаж байсан аж. Уг тогтоолд www.miat.com вэбсайт нь хувь хүний нэр дээр бүртгэлтэй байгаа тухай дурдаад, энэ домэйн нэрийг эзэмшиж байгаа хувь хүнээс нь худалдан авах асуудлыг шийдэх тухай заалтууд оржээ. Гэтэл энэ нь өнөөдрийн “Mongolian airlines” компанийн захирал Ч.Хоролсүрэнгийн халаасанд орчихсон байсан ба одоо түүний үзэмжээр шийдэгдэх болчихоод байна. Ийнхүү МИАТ-ийг нэрнээс нь эхлээд бага багаар залгих ажил эртнээс эхэлж, МИАТ-д бүхий л шанстай ажлыг хийж, дотор нь дураараа арвалзаж байсан Ч.Хоролсүрэн “үр могой”-н амьдралаар амьдарч байсан нь одоо ил болжээ.

ДАЙНЫ ЭРСДЛИЙН ДААТГАЛД ЦУВУУЛЖ БАЙСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ “MONGOLIAN AIRLINES”-ЫГ БОСГОХОД ОРОЛЦСОН УУ?
Үүнийг АТГ, цагдаа хүчний байгууллагад заавал шалгах шаардлагатай. Юу гэвэл “Дайны эрсдлийн даатгал” нэрээр гадагш гаргасан МИАТ-ийн үе үеийн захирлуудын хэрэг прокурорт ирж буцаж, өнөөдрийг хүртэл нэг мөр болж шийдэгдэхгүй бүдгэрсээр байгаа. Харин энэ мөнгөний шилжүүлгийн эхлэлийг мөнөөх л өнөөдрийн “Mongolian airlines” компанийн захирал Ч.Хоролсүрэн тавьсан байдаг. Тэрээр тухайн үед МИАТ-ийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Манай зүгээс энэ мөнгө хаашаа оров гэдгийг тандахаар Япон руу хүмүүс очиж ажиллахад тийм байгууллага байдаггүй нь тогтоогдсон.

Харин “Mongolian airlines” компанийн захирал Ч.Хоролсүрэн МИАТ-ийн Санхүү эрхэлсэн дэд захирлын ажлаа өгсний дараа хашиж байсан ажлуудынх нь нэг нь “МИАТ-ийн Токио дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер” гэсэн ажил байсан бөгөөд чухам энэ холбоост цагдаа, хүчний байгууллага, АТГ анхаарлаа хандуулах ёстой болов уу? Мөн ямар хөрөнгөөр “Mongolian airlines” компани босч, яагаад ийнхүү баярхан үнэгүй шахам нислэг үйлдэж байгааг ч шалгах ёстой. Манай сайт МИАТ-ийн гадагш гаргасан энэ их мөнгөний хэргийг тухайн үед нь санхүүгийн шилжүүлэг, мөнгөн дүн, гүйлгээ хийсэн сар, өдөртэй нь нийтэлж байсан ба үүнийг сэргээж үзэхийг хүсвэл Та http://mass.mn/d/2604 , http://mass.mn/d/2809 , http://mass.mn/d/2930 , http://mass.mn/d/2998 холбоосуудаар орж сонирхоорой.
МИАТ-ИЙН ЗАХИРАЛ Ц.ОРХОН ХҮРТЭЛ АЖЛАА АНДУУРЧ “MONGOLIAN AIRLINES”-ИЙН АЖЛЫГ ХИЙХДЭЭ ТУЛЖЭЭ
Төрийн өмчит МИАТ компанийг дампууруулах ажил их дээрээс, их эртнээс, их том бэлтгэлтэйгээр хөдөлснийг гэрчлэх олон баримтууд бий. ЗТБХБ-ын сайд Х.Баттулга төрийн өмчит энэ компанид мэргэшсэн нягтлан бодогч биш зүгээр л нэг залууг Ерөнхий нягтлан бодогчоор нь аваачаад тавьчихсан нь ч учиртай. Өнөөдөр МИАТ компанийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа Д.Батбилэг гэгч юугаа ч мэдэхгүй шахам жаахан залуу бол ЗТБХБ-ын сайдын үүдний өрөөнд суудаг туслах хүүхний нөхөр юм. Туслахынхаа нөхөрт МИАТ-ийн бүх мөнгө санхүүг атгуулж, гарын үсэг зурах эрхийг атгуулнаа гэдэг нь нэг ёсондоо ЗТБХБ-ын сайд Х.Баттулга энэ айлын мөнгөний авдарны түлхүүрийг атгаж байгаатай ялгаа үгүй.
Нөгөө талаар МИАТ-ийн гүйцэтгэх захирал Ц.Орхоны хийж буй үйлдлүүд учир замбараагаа алдаж эхлээд байгаа. “Mongolian airlines” компанийн нэр дээрх албан бичигт гарын үсгээ зурах гээд уймраад ч юмуу сууж байсан гэх. Түүний хийхээр завдаж буй хамгийн аюултай нэг гэрээ нь “Mongolian airlines”-тэй “Code share”-ийн гэрээ хийхээр бэлдэж буй явдал юм. Хэрвээ МИАТ компаний захирал Ц.Орхон хийхээр барьж гүйгээд байгаа энэхүү “Code share”-ийн гэрээндээ гарын үсэг зурчих юм бол Монгол улсын төрийн өмчит Ц.Орхон захиралтай “МИАТ” ХК, Ч.Хоролсүрэн захиралтай “Mongolian airlines” гэдэг олигархиудын бохир аргаар байгуулж буй компани хоёрын ялгаа үгүй болж нэг компани л болно гэсэн үг. Авиа компаниуд “Code share”-ийн гэрээ хийснээр бие биенийхээ өмнөөс нислэг үйлдэж болдог бөгөөд хоёулаа ижил нэртэй төрий, хувийн энэ хоёр компанийн хувьд ийм гэрээ хийгдвэл хэн нь хэнийхээ өмнөөс нисээд байгаа нь бүр ч ойлгомжгүй болж МИАТ-ийн нэрийг барьсан хувийн компанид нь илүү ашигтай тусна.
ӨНӨӨДӨР МИАТ-Д ХҮНИЙ ХУРДАН МОРИЙГ ЭЗЭН НЬ МЭДЭЭГҮЙ БАЙХАД ӨӨР ХҮНЭЭР ЦОЛЛОЖ БАЙГААТАЙ АДИЛ ЗҮЙЛ БОЛЖ БАЙНА
МИАТ-ийг тойрсон мянга түмэн асуудал үүсээд байгааг ганц нэг сонин, ганц нэгхэн телевиз цухас дурдах төдий байна. Ангарын барилга барих газрыг булаасан төдийгөөр хязгаарлагдаж байна. Харин цаанаа бол үүнээс ч том асуудлууд байгаа бөгөөд бид дараагийн удаа МИАТ-ийн цэвэр өөрсдийн орлогоороо санхүүгийн түрээсээр өөрийн болгож аваад, Засгийн газрын шийдвэр, ТӨХ-ны тогтоолоор шинэ Боинг худалдаж авахдаа мөнгийг нь зарцуулах зорилгоор зарах гэж байсан Аэробус-310/300 онгоцыг ТӨХ, Батлан хамгаалах яамаар дамжуулан хэрхэн дээрэмдэж “Mongolian airlines”-ын мэдэлд өгөх гэж байгаа тухай баримтыг хүргэх болно. Үүнээс гадна ЗТБХБ-ын сайд Х.Баттулга чухам ямар учраас “Mongolian airlines”-д дотоод, гадаад томилолтуудыг бусад авиа компаниудын нислэгтэй давхардуулан олгоод байгаагийн учрыг ч дэлгэх болно.
Бүгд л шатахуун, үнийн өсөлт тойрч байх үед хоёр гишүүн л МИАТ-ийг анзаарч, үндэсний агаарын тээвэрлэгч байгууллагад тулгараад буй асуудлыг олж харж ам нээлээ. УИХ-ын гишүүн Н.Ганбямба дайны эрсдлийн даатгалын тухай дуугарсан бол Я.Батсуурь гишүүн ганцхан “Содмонгол” компаний монопольд байгаа онгоцны шатахууны нийлүүлэлтийн талаар дуугарав. Бусад нь ийшээ анхаарлаа хандуулах цаг болжээ. Бид шатахуунаа мэдлээсээ алдаад сургамж авахаар байдалд хэд хэдэн удаа орлоо. Одоо төр нь мэддэг үндэсний агаарын тээвэрлэгчээ алдмааргүй байна. Хэрэв ОХУ, БНХАУ хоёр хилээ хаачихвал бид яах вэ? Бас л хэдэн олигархийн гар хараад ертөнцөөс тасарч суух уу?
А.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих