Ухаангүй ноёд, урагшгүй албат

Төр улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн жинхэнэ төрийн “хар хүн дээ” гэх голтой тодорхойлолт биднээс улам бүр алсарсаар байна. “УИХ-ын гишүүд ийм тийм хэрэгт холбогдож гэнэ, албан тушаалаа ашиглаж, ах, дүү хамаатан саднаа төрийн удирдах албан тушаалд томилжээ” гэх мэдээнд ч бид хэдийнэ дөжирчээ.

Хууль тогтоох үүрэгтэй ард түмний мандат өвөртөлсөн түшээд сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ мартчихсан хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж буйтай ч бид эвлэрчихжээ. Түшээд нь баталсан хуулиа мөрдөхгүй, хэм хэмжээгээ баримтлахгүй хэр нь ард иргэдээс хуулийн хэрэгжилт нэхдэг, шаарддаг. Эрх зүйт төрийн дор амьдарч буй хүн бүрт хууль ижил тэгш үйлчилж чадахгүй байгаа нийгмийн тэгш бус хуваарилалтын өмнө бид амьдарч байна. “Манай нутгаас сонгогдсон хүү зурагтаар л гараад байх юм, барааг нь хараагүй удаж байна. Сонгуулиар нэг ирэхдээ бурхан болсон хөгшний маань нэр төрийг цагаатгаж өгнө гээд явсан. Сумын клубт уулзалт хийвэл очих санаатай чимээ чагнаад гурван жил болж байна” гэх хөгшинтэй өнгөрсөн зун Монгол орны баруун хязгаарын алслагдсан суманд таарч билээ.

Тэр хөгшинтэй адил олон мянган сонгогч “Биднийг төрд төлөөлж буй түшээ сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө ийм ажил хийнэ. Миний тэр асуудлыг шийдэж өгнө гэсэн дээ” хэмээн өндөр хүлээлттэй хорвоогийн өдөр хоногийг өнгөрүүлж буй. Сонгогчдынхоо нүүрийг яаж харна даа гэж хамгийн түрүүнд боддоггүй нь сонин. УИХ-ын гишүүнээр ажиллах дөрвөн жилдээ хууль батлах бус зөрчдөг байдал сүүлийн жилүүдэд хавтгайрлаа. Гишүүний халдашгүй бүрэн эрхээр халхавчилж, өч төчнөөн хууль бус үйлдлээ хав дарж суугаа гишүүд энэ удаагийн парламентад хэдэн арваараа байна.

Аргаа ядаад, ёс зүйгүй, зарчимгүй, жанжин шугамгүй аашилсан гишүүний асуудлыг авч хэлэлцдэг Ёс зүйн дэд хороог парламент бүтцийн байгууллагадаа бий болгосон ч засал, сэхэл авсангүй. Баримт дурдахад, өнгөрсөн парламентуудын үед УИХ-ын Ёс зүй дэд хорооны хурлын статистикийг харвал, 1996-2000 онд 10-аад удаа, 2000-2004 онд нэг удаа, 2004-2008 онд хоёр удаа, 2008-2012 онд гурван удаа, 2012-2016 онд хоёр удаа хуралдаж байжээ. Жил ирэх тусам гишүүдийн ёс зүйг авч хэлэлцдэг, “хатуу донгоддог” байдал алсарч байх. Чоно явж байхад буга өвсөө тоосон шинжгүй идэж буйтай адил дүр төрх өдрөөс өдөрт бий болж байна. Ерөөс УИХ-ын гишүүд хэн нь хэнийгээ хэлэх вэ дээ гэгдэтлээ хууль зөрчсөн, нэгнийгээ илчлээд асуудлыг нь хэлэлцчихвэл эргүүлээд өөрийнхөө булхайг дэлгүүлнэ гэх айдастай болчихсон юм шиг.

“Таны асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ шүү” гэхэд л тухайн хорооныхоо гишүүд рүү утас цохиж “Хуралдаа битгий оч. Ирц хүрэхгүй бол хойшлогдож л таарна” гэж амны зугаа, цайны хачир болгож ярьдаг болтлоо сэтгэхүй нь доройтжээ. Үүнийг дагаад төрийн түшээдийн үнэлэмж буурч, 76 “хулгайч” гэх нэр хоч автлаа сульдсан цаг үе урсан өнгөрч байна. Энэ удаагийн парламентад Ёс зүйн дэд хорооны дарга гурван ч удаа өөрчлөгдөв. Хамгийн сүүлийнх нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Түүнийг ажлаа авахаас өмнөх гурван жилд Ёс зүйн дэд хороо нэг л удаа хуралдсан. Гэхдээ дорвитой шийдвэр гараагүй. Б.Бат-Эрдэнэ дэд хорооныхоо хурлыг удаа дараа зарлаж байж арайхийн хоёр долоо хоногийн өмнө бүрдүүлсэн ч мөн л асуудлыг шийдэж чадаагүй. Тодруулбал, ёс зүйгээ хэлэлцүүлэх гишүүдийн хэн нь ч хуралдаа очоогүй юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын ёс зүйн асуудал болон М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, Л.Болд нарын гишүүдийн хөрөнгө орлого огцом нэмэгдсэн эсэхийг тус дэд хороо авч хэлэлцэх байв. Гэвч Б.Пүрэвдорж, Ж.Мөнхбат, Л.Болд нар гадаад томилолттой, Ө.Энхтүвшин хуралдаанд оролцохоо мэдэгдсэн ч ирээгүй, М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар хурал даргалж байсан учир оролцоогүй. Тус дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар 2019 оны аравдугаар сарын 4-нд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Байнгын хорооны хуралдааныг хэвийн явуулах дэгийг алдагдуулан, хуралдааныг 40 минут тасалдуулж, УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан тул энэ асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэсэн албан бичиг ирүүлсэн. Энэ дагуу Ёс зүйн дэд хорооноос Б.Пүрэвдорж гишүүнээс тайлбар өгөхийг хүссэн ч бичгээр болон өөрийн биеэр ямар нэгэн тайлбар өгөөгүй” гэж байсан. Харин Шадар сайд Ө.Энхтүвшингийн тухайд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой хэлэлцүүлгийн үеэр бусад сайд нарыг санал хураалтад оролцуулахгүйн тулд картыг нь сугалсан үйлдлийнхээ талаар Ёс зүйн дэд хороонд дуудагдсан билээ.

Тэр энэ талаараа мөн л тайлбар өгөөгүй аж. Ёс зүй дэд хороогоор ямар ч асуудал шийдэж чадсангүй. Арайхийн хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүйгээр үл барам “Манай дэд хороо мөрдөн байцаах алба шиг ажиллах боломжгүй” гэх тайлбарыг холбогдох удирдлагууд нь өгч байгаа юм. Өмнө нь тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллаж байхдаа ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх гээд хэд хэдэн удаа хурал зарласан ч ирц бүрдэж байгаагүй. Энэ удаагийн парламентад ЖДҮ, концесс гээд төрийн мөнгийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан давуу эрхээр авсан тохиолдол хэдэнтээ гарсан. Алийг нь ч Ёс зүйн дэд хороогоор хэлэлцсэнгүй. Товчхондоо, тус дэд хороо энэ парламентын үед хамгийн хангалттгүй ажиллаж буй. Ёс зүйн дэд хорооны гишүүд өөрсдөө үлгэрлэх ёстой. Тэд өөрсдөө хурлаа тасалдаг, хоцордог байх ёсгүй.

Хурлын дэгийг хатуу мөрдөж, хөрөнгө орлогын хувьд ямар нэг асуудал гаргахгүй үлгэрлэмээр байна шүү дээ. Зөвхөн 76 гишүүнд бус төрийн албаныханд үлгэр дуурайлал болох шаардлага бий ч энэ шалгуурт нийцэх гишүүнийг хууль тогтоох байгууллагаас хайвал өвсөн дотроос зүү эрэхтэй адил аж. Хамгийн сүүлд, Японын парламентын гишүүн сонгогчийнхоо оршуулгын зардалд 20 мянган иен хандивласныхаа төлөө огцорсон жишээ байна. Манай түшээдэд үүнийг хэлбэл, эвэртэй туулай үзсэн мэт цочир хүлээж авах сэтгэхүй суучихжээ. Нийгмийн гэрээ, зөвшилцлийн баримт бичиг болох хууль баталдаг УИХ-ын гишүүд өөрсдөө баталсан хуулиа мөрдөхгүй байгаа нь маш буруу үлгэр дуурайлал үзүүлж байна. Бор зүрхээрээ бизнесээ хөл дээрээ босгох гээд явж байгаа бизнес эрхлэгчдэд өгөх бус өөрсдөө давуу эрхээрээ жилийн гурван хувийн хүүтэй зээл аваад банк бус санхүүгийн байгууллагаар өндөр хүүтэйгээр зээлж, мөнгө угааж байгаа хүн төр төлөөлж чадах уу гэх асуулт гарч ирж байна.

Нийгэмд мэдэгдсэн жигшүүрт жишээ л энэ болохоос үүний цаана албан тушаалаа ашиглан ямар том хулгай хийж буйг өнөөдөр хэн ч мэдэхгүй. Эрх мэдэлтнүүд мэдлээ ч нүдэн балай чихэн дүлий болтлоо ёс суртахууны доройтолд ороод байна. Ард түмэн ч тоохоо больж, татвар төлөгчдийн мөнгө олз, ашиг хонжоо хайгчдын халаасанд сул асгарч байх. Миний эрх таны эрхээр хязгаарлагддагтай адил УИХ-ын гишүүдийн халдашгүй бүрэн эрх ёс зүйн хэм хэмжээгээр тодорхойлогддог баймаар байна. Тэр ёс зүйд нийцэх түшээд үгүйлэгдэхийн хэрээр авлигын сүлжээ гэх хана хэрмийг нураах мораль бидэнд тулгарч буй юм.

С.БАТЗАЯА, Npost.mn

URL:

Сэтгэгдэл бичих